Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан (2024.08.01) өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн.
Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, И-Монгол академи УТҮГ хамтран өчигдөр (2024.08.05) олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Бүртгэл эхэлснээс хойш энэ сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68,929 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнээс 5 настай 19,056, 4 настай 18,355, 3 настай 17,014, 2 настай 14,500 хүүхэд бүртгүүлсэн байна.
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт суралцсан бол 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142,150 хүүхэд байгаагаас 2 настай 30,894 хүүхэд байгаа юм.
Цэцэрлэгт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн, оршин суух бүртгэлтэй хүүхдүүд хамрагдах бөгөөд орон нутгийн хаягтай иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлэх шаардлагатай юм.
Бүртгэлийн эхний шат 08 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тул иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө хийлгэхийг анхаарна уу.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.
Мөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар хүлээн авах юм.