УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Төсвийн талаарх нэгдүгээр шатны сонсгол явагдаж байсан УИХ-ын чуулганы хуралдааныг даргалах үедээ “С.Ганбаатар гишүүний өрөөнд АТГ-аас хууль бусаар нэгжлэг явуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан учраас төсвийн талаар авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна” гэсэн АН-ын хүсэлтийг хүлээн авч, гурав хоногийн завсарлага өгсөн байдаг.
Тэгвэл энэ нь УИХ-ын болон Дэгийн тухай хууль зөрчсөн буюу төсвөөс өөр асуудлаар намын бүлэгт завсарлага өгсөн гэх асуудал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж албан ёсоор хариу өглөө. Тэрбээр, “Хэвлэлээр ямар шалтгаанаар, яагаад тийм мэдээлэл явсныг би мэдэхгүй юм.
Их хурлын процессын үйл ажиллагаа, ялангуяа Х.Булгантуяа Дэд даргын удирдаж байсан хурал ямар ч хууль, дэг журам зөрчөөгүй. Дэгийн тухай хуульд заасан журмынхаа дагуу явагдсан.
2025 оны намрын чуулган анх удаа есдүгээр сарын 15-нд эхэлсэн. Энэ чуулган хэд, хэдэн онцлогтой байгаа. Чуулган эхэлсэн өдрөөс эхлээд төсвийг таван үе шатаар хэлэлцэнэ. Есдүгээр сарын 15-нд төсвийг хэлэлцээд эхэлж байхад АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Төсвийн тухай хуулиар тодорхой үндэслэлээ хэлээд завсарлага авсан.
Энэ завсарлагыг хуралдаан даргалагч хоёр хоногоор өгөөд, хугацаа дуусаад хэлэлцүүлэг явж байхад дахин завсарлага хүссэн. УИХ дахь намын бүлгийн Дэд даргад завсарлага авах, сунгах эрх бий. Б.Жаргалан гишүүд “Төсвийн хэлэлцүүлэг явж байгаа энэ цагт АН-ын бүлгийн гишүүд рүү дайрсан, гүтгэсэн асуудал болж байгаа учраас хугацаагаа сунгая” гэдэг хүсэлт тавьсан. Завсарлагаагаа сунгая гэж хүссэн бол тухайн хуралдааныг даргалагч гурав хүртэл хоногоор хуулийн хүрээнд сунгах ёстой. Тэр хүрээнд л процесс өрнөсөн. Хууль огт зөрчигдөөгүй" гэсэн тайлбар өгчээ.