ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Лувсанжамц: Халзан бүрэгтэй ордын асуудал бол салбарын сайдын ажил

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүд Халзан бүрэгтэй төслийн талаар байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Монгол Улс яаж олон улсад өрсөлдөх вэ. Залуучуудын амьдрал яг сайжрах юм уу гэж асуудаг. Тэгвэл нэг талдаа гарцгаая. Уул уурхай гэхээр пүү, паа гэдэг улстөрчид одоо больмоор байна.

Монгол Улс 2008 оныг хүртэл нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 1000 ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр 5000, 6000 хүрээд явж байна. Энэ бол уул уурхайн салбарынхан тэр дундаа инженерүүд, уурхайчдын буян. Халзан бүрэгтэй төслийн талаар сонсгол зохион байгуулж буй нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа буруу.

Төсөл болгоныг Их хурал руу татаж оруулж ирэх юм уу. Салбар яам нь ажлаа хийхгүй юм уу. УИХ хууль тогтоох байгууллага. Бодлогоо гаргаад явна. Гэтэл сайдын хүрээнд хийх ажлыг Их хурал руу оруулж ирсэн нь ухралт юм. Газрын ховор элемент олборлохыг би дэмжинэ. Нүүрсээрээ л бид эдийн засгаа бүрдүүлж байна.

Гэтэл худалдаж авдаг улс маань татгалзаад эхэлчихлээ. Бид өөр юу зарж амьдрах вэ. Тэгэхээр алт, уран, газрын ховор элемент гэсэн бусад салбарынхаа боломж бололцоог эрье. Нөгөө талдаа импортоо бүр зогсооё. Харин үүнийг монголчууд хүсэх үү. Бүгд хөл залгах унаатай, байртай байхын тулд экспортоо дэмжих л чухал. Аливаа асуудлыг ярихаар шинжлэх ухаанч бус хандаад байна. Эсэргүүцэж буй хүмүүсийг хүндэлж байгаа ч үр ашгаа тооцоод, нутгийн иргэндээ очих өгөөжөө тооцоод, мэдээллээ зөв болгоод цаашаа явах л ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.