ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алдаа + Оноо = МАНАН

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-17

Ардчилсан парламенттай болсон 28 жилийн түүхэнд ээлжлэн төр барьж, эрх баригчаар ажилласан хоёр намын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэр тусмаа 90 гаруй жилийн түүхээр, эв нэгдлээрээ төдийгөөс өдий хүртэл гайхуулж явсан МАН-ынхан мөхөх, сэхэхийн ирмэг дээр дэнжигнэж, нам нь хоёр гурав бутрах нь өнөө, маргаашгүй гарах шийдвэрээр эцэслэгдэх нь ээ. Харин Ардчилсан намын тухайд шинэчлэл эхлүүлж, намын гишүүдээ идэвхжүүлсэн хэмээн мэдэгдэж буй.

Гэвч нөгөөх л тэмцдэг, жагсдаг, эсэргүүцдэг, жадалдаг тэр зарчмаараа С.Эрдэнэ ба “Шонхор” фракцийг түлхэн унагах гэсэн улс төр идэвхжиж эхэлжээ. 28 жилийн түүхийн дийлэнх олонхид парламентад олонхи бүрдүүлэх эрх авч, Засгийн газраа байгуулах давуу эрхтэй байсан Монгол Ардын намд У.Хүрэлсүх үлдэх үү, М.Энхболд орон зайгаа тавьж өгөх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Тэгвэл 2016 онд парламентад үнэмлэхүй олонхи бүрдүүлсэн МАН, есөн гишүүнтэйгээр бүлэг байгуулсан АН хоёрын өнгөрсөн хоёр жилийн алдаа оноог, шинэ оны босгон дээр шүүрдэж үзнэ. Дүгнэлтийг харин уншигч та хийгээрэй. 

 

МОНГОЛ АРДЫН нам 

Алдаа 

• МАН-ын удирдлагуудын “60 тэрбум”-аар төрийн албыг наймаалцах бичлэг нь олон нийтэд цацагдав.
• Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь өөрийн танхимын сайдууддаа долоон концесс олгосон нь ил болсон. 
• Өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаж, УИХ-ын 65 улстөрч нь дотооддоо хоёр хуваагдсанаа зарлав. 
• Хүүхдийн мөнгө олгохоос татгалзаж, нийт хүүхдийн 60 хувьд олгох шийдвэр гаргасан. 
• Долоон төрлийн татвар нэмсэн. /Мөрийн хөтөлбөртөө тэд татвар нэмэхгүй гэж бичсэн ч энэ амлалтдаа хүрээгүй/ 
• ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар бүх шийдвэрийг тэдний хүслээр гаргаж эхэлсэн. 
• Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж чадсангүй. 
• Хотын даргын суудлаас Су.Батболдыг буулгахдаа ёс бус бичлэгийн тухай дуулиан дэгдээж, үүнийгээ улс төрийн зорилгоор нам дотроосоо тараасан. 
• Намын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрыг мөн л МАН-ын бүлгийн гишүүд нь огцруулахаар оруулж ирсэн.
• Том ордын ажил нэг алхам ч урагшилсангүй. 
• “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс дээрэмдэх шийдвэр гаргасан ч эцэст нь Дээд шүүхэд ялагдав. 
• “Эрдэнэт” үйлдвэр Олон улсын Арбитрын шүүхэд ялагдаж, хилийн хориг тавиулсан. Эрх баригч нам нэг ч дорвитой шийдвэр гаргасангүй. 
• ЖДҮХС-гаас МАН-ын 20 гаруй улстөрчид 950 саяас 1.4 тэрбумын зээл авсан дуулиан олон нийтэд ил болов. 
• МАН-ын бүлэг албан ёсоор бутарч, УИХ-д нэг намын албан болон албан бус бүлэг бий боллоо.
• Шатахууны үнэ нэмэгдэж, ам.долларын ханш өслөө. 
•Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ. 
• МАН-ын бүлгийн 38 гишүүн чуулганы хуралд суухаас татгалзаж, МАН-ын дарга асан М.Энхболдынхоо эсрэг тэмцэж эхэлснээр төрийн ажил гацаанд оров. 
• Төрийн яаманд нь хүн амины хэрэг гарч, төрийн албан хаагч амиа алдлаа. 
• Хөгжлийн банк, Чингис, Самурай бондоос их хэмжээний зээл авсан улстөрчдийг МАН-ын бүлгийн гишүүд тэргүүлэв. 

Оноо 

• Намын даргын суудлаас “Хотын фракци”-ийн толгойлогчийг буулгаж, 60 тэрбумын удирдлагуудад хариуцлага тооцож эхлэв. 
• “60 тэрбум”-ыг эхлүүлсэн Ц.Сандуй нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь буулгав. 
• Нийслэлийн МАН ч дотооддоо шинэчлэл хийж, удирдлагаа шинэчлэв. 
• Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил эхэллээ. 
• Газрын тосны үйлдвэр барих ажил шангаа татлаа. 
• Нам дотроо шинэчлэл эхлүүлэхээ мэдэгдэж, намын даргын суудлыг “Хотын фракци”-аас салгалаа. 
• Цалин, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ. 
• “Эрдэнэс Таван толгой” ХХК IPO гаргахаар шийдвэрлэж, хувьцааны ногдол ашиг тараах бэлтгэл хангаж байна. 
• Яармагийн шинэ гүүр ашиглалтад оржээ. 

 

АРДЧИЛСАН нам 

Алдаа 

• Ардчилсан намын лидерүүд нь толхилцож, зарим нь намаасаа гарч эхлэв. /Э.Бат-Үүл/ 
•АН-ын бүлэг нь дотооддоо зөрчилдөж, нэг гишүүнээ буюу Ж.Батзанданг намаас хөөв. 
•МАН-ын бүлгийн зодооноос үүдэж, нам нь бүлэггүй болох нөхцөл байдал үүсч, Л.Болд бүлгээс гарах өргөдлөө өгөв. 
•АН-ын гишүүд дэмжигчид намын даргаа эсэргүүцэж, намын байрныхаа гадна жагсаал цуглаан хийж тэмцлээ. 
•Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарын гишүүд нь ил тодоор тэмцлээ эхлүүлж, намын удирдлагуудаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. 
•АЭХ-ны тэргүүн С.Одонтуяаг эсэргүүцсэн Баянзүрх дүүргийн зарим гишүүдэд хариуцлага тооцож, Б.Пүрэвдаваа нарыг намын гишүүнээс хөөв. 
•Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа У.Хүрэлсүхийг дэмжсэн байр суурьнаасаа ухарч, У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зуржээ. 
•Б.Хурцыг Элчин сайдад томилох асуудлаас үүдэж, АН дотроо мөн л зөрчилдөж, Ж.Батзандан “намайг ална” гэсэн хэмээн мэдэгдэл хийсэн. 
•Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчдийн жагсаалтад АН-аас цөөнгүй улстөрч бичигдсэн. 
•Чингис, Самурай бондын хэрэгт нэр бүхий гишүүд нь холбогдсон. 

Оноо 

•УИХ-ын сонгуулиар бүх шатанд ялагдсан ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулав. 
•Намын бүх шатны гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа тодруулсан. 
•Мөн л сонгуульт санал асуулгаар АЗХ-ны тэргүүнээр С.Эрдэнэболдыг сонгосон. 
•Нийт гишүүдийн саналаар АЭХ-ны тэргүүн болон шат шатанд эмэгтэйчүүдийн холбоог удирдах хүмүүсийг сонгож, намын дүрмээ шинэчлэв. 
•“60 тэрбум”-ын толгойлогч гэх М.Энхболдыг өөрийн саналаар огцрохыг дэмжиж гарын үсэг зурав. 
•1.9 их наядын алдагдалтай төсвийг батлуулахгүй хэмээн тэмцэж, УИХ-ын чуулганд орохгүй хэмээн шахалт үзүүлсэн. 
•Есөн гишүүнтэй ч сөрөг хүчний үүргээ биелүүлж ирсэн. /Чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж байв/