ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэр гурвын хоршил

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-10

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баяр өргөн дэлгэр боллоо. Амралтын өдөр олонтой учраас удаан уулзаагүй ахан дүүстэйгээ учран золгож, хотол олноороо хөдөө, хотгүй л сайхан шинэлэв. Монголчууд баярлаж сурсан ард түмэн гэдгээ харууллаа, энэ өдрүүдэд. Холын замд осол аваар цөөнгүй гарч, хүний амь хохирсныг эс тооцвол онц ноцтой гэмт хэрэг зөрчилгүй гахай жилээ угтжээ.

Шарагчин гахай жил өтгөст ээлтэй, улс оронд элдвийн бужигнаан үймээнгүй тайван жил байна хэмээн зурхайд буусан аж. Нохой жилд улс төрийн хүрээнд үймээн бужигнаан цөөнгүй гарч, бичгийн их хүмүүс тэнгэрт хальсан гээд таагүй зүйл олон байсан. Гэвч сар шинийн өмнөхөн төр засгийн тодорхойгүй байдал эмхэндээ орж, улстөрчдийн эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцэл ч түр зуур намжлаа.

Бүтэн жил эвдрэлцсэн МАН-ын 65 улстөрч нэг өрөөнд багтаж, нэгэн дуугаар байр сууриа илэрхийлж буй нь удаан үргэлжлэх эв нэгдэл үү, эс бөгөөс түр зуурын гал унтраах арга уу гэдгийг хэлэхэд эрт байна. Юутай ч ёс зүйгүй Улсын Их хурлын даргаа огцруулж, хоёр яамны сайд ажилдаа орсон нь том амжилт болов. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн нь хотол түмэн, ахмад буурлуудтайгаа зэрэгцэж суугаад золголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатар нарт ард түмэн сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж буй. Г.Занданшатарын тухайд боловсролтой, бэлтгэгдсэн боловсон хүчин. УИХ-ын даргын албан тушаалд жулдчихлаа гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл. Мөн тууштай зан чанар харагддаг учраас М.Энхболд шиг байхгүй гэж итгэж буй нь харагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тухайд рейтингээрээ тэргүүлж буй учраас энэ гурван улстөрчийн хоршилоос ард түмэн ихийг хүлээж буй нь тодорхой байна.

Тэд гурвуулаа шударга ёсны тухай ярьж гарч ирсэн. Монгол хүн баялагтаа эзэн байх тухай, баялгийн шударга хуваарилалтын талаар ч ярьж буй. Монгол Улсад хууль хэрэгждэг, хууль хүн бүхэнд хүрдэг, улстөрчийн захиалгаар ажиллуулахгүй гэж амлалт өглөө. Ард түмний шударга ёсны хүсэмжлэлд хариу өгнө гэдэг амлалтыг гурвуулаа өгсөн юм. “Шударга ёс” гэдэг үг үнэ цэнээ алдаж, ард түмний итгэл алдуурч буй энэ үед амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёс тогтоохын төлөө ажиллана гэсэн амлалтад нь найдаж хүлээх л үлдлээ. Амар амгаланг бэлгэдсэн гахай жилд ард түмэнд ээлтэй, авлигачдад ширүүн, хуулийн засаглал төгс утгаараа бүрдэж, шударга бусын хонгил нурна гэдэгт итгэж буй олон хүний хүлээлт талаар өнгөрөхгүй биз ээ.

Тэд шороон гахай жилийн сар шинийн баярын өдөрт зориулсан мэндчилгээндээ ч энэ тухайгаа хэлсэн байх юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ баялагтаа эзэн байж, зүй зохистой ашиглаж, үр шимийг нийтээр тэгш хүртэхийн төлөө сэтгэлээ чилээсэн он жилүүдийн үр дүнг бодитоор хүртсэн жил болоосой гэж итгэж байна” хэмээсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, ард түмэн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх нь улс орны хөгжил дэвшлийн үндэс, эрх чөлөөт, шударга ардчилсан нийгмийн бат суурь нь болох учиртай.

Ийм учраас ирж буй гахай жилд төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно” гэв. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээнд нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт болох шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдүүлж, монгол хүн газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх тухай онцолжээ. Тэдний мэндчилгээг шүүрдсэн зарим хэсэг нь ирэх жил улс төр тайван амгалан байхгүй бололтой, шударга ёс тогтоох нэрээр дахиад хэдэн хүн намнах юм бол хэмээн бухимдаж буй.

Гэвч дийлэнх олонх нь энэ гурвын хоршил үнэ цэнээ алдсан шударга ёсыг эргүүлэн авчрах болов уу хэмээн итгэл тавьж буйг гахай жилийн босгон дээр зориуд сануулахыг хүслээ. Монголчууд өнө эртнээс л сар шинийн өдрүүдэд бэлэгтэй зүйл ярьж, амлалт өгч, худал ярихыг цээрлэж ирсэн ард түмэн. Тиймдээ ч төрийн өндөр сэнтийд заларсан гурван улстөрчийн ард түмэнтэйгээ золгон мэндчилэхдээ хэлсэн шударга ёсыг бий болгох, монгол хүн баялагтаа эзэн нь байх амлалтыг нэг өдөр, нэг цаг ч мартахгүй сануулах нь тодорхой юм. Ард түмний хүлээлтэд төрийн гурван өндөрлөг жинтэй хариу барьж, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгож, хамгийн чухал нь хуулийн засаглалаа шударга болгоосой гэж хүсье.

Тэд рейтинг өндөр байна. Амлалтад нь итгэсэн ард түмэн үгийн муугаар яаран шилбүүрдэхийг хүсэхгүй байх аж. ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцож, “60 тэрбум”-ын үр удмыг төрийн албанаас хөөн зайлуулж, иргэдээ ажилтай орлоготой амьдруулна гэсэн амлалтаа 2020 оны сонгуулийн өмнө биелүүлэх болов уу гэсэн хүлээлт, горьдлого байгааг нохой жилийн төгсгөл дээр хэдэн мянгаараа гудамжинд гарч жагссан үйлдлээрээ харуулсныг дахин сануулах нь илүүц биз ээ. Тэр тусмаа Г.Занданшатар та олон түмний асар их итгэл, хүлээлтээр УИХ-ын дарга боллоо.

Гудамжинд гарч тэмцсэн эгэл иргэдийн хүсэл бол таны үг бүртээ онцолсон “шударга ёсны хүсэмжлэл” байсан юм. Тиймдээ ч авлигачдын толгойг илж, ард түмний өмнө арслан барс шиг аашилж буй хуулийн байгууллагын хүнд суртлыг арилгахаас таны ажил эхлэх учиртай шүү. АТГ-ын даргыг өөрчилж, жинхэнэ авлигачидтай тэмцэж чадах хүнийг энэ албан тушаалд томилох учиртай юм. Нөгөөтээгүүр, хүлээлтэд орсон, гацаанаас гарч чадахгүй байгаа олон хуулийн төслийг баталж, хамгийн чухал нь Монголын парламент өөрөө шударга бусыг хийдэг биш шударга ёсны төлөө зогсдог, хуулиа дээдэлдэг байх ёстойг энд зориуд онцолъё.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ажлаа хийж чадахгүй байна, дөрөө хорших хүн нь шударга бусыг хийдэг, авлигачдыг өмөөрдөг, тэдний гар хөл учраас ажиллаж чадахгүй, ганцаардаж байна гэж олон удаа ярьсан. Тулгын гурван чулууны нэг нь эвлэхгүй учраас төрийн ажил гацлаа гэж улстөрчид ажил хаялт зарлаж байлаа. Харин одоо баруун гар болгон ажиллаж байсан журмын нөхрөө УИХ-ын даргаар томилуулчихлаа. Тулгын гурван чулуу цэгцтэй болчихлоо гэж дүгнэж болно. Одоо л нөгөө сэлмээ ирлэж босоод ажлаа хиймээр байна.

2016 оны сонгуулиар амлаж байсан олон амлалтуудаа хэрэгжүүлж, эдийн засаг нь өсөлттэй, иргэн бүр нь баян, эх нутгийнхаа өмчид эзэн суусан улс орныг бий болгочихоод хулгана жилтэй золгож, 2020 оны сонгуульд нүүр бардам орно хэмээн найдаж сууя, Ерөнхий сайд аа. Амны билгээс ашдын билэг гэдэгчлэн шороон гахай жилд зурагт, сонины зай талбай дүүргэсэн шударга ёсны тухай амлалтаа хэрэгжүүлээрэй гэж төрийн гурван өндөрлөгөөс хүсч байна. Нэг зүгт харж, нэг зорилго өөдөө тэмүүлж, нэг цэгт огтлолцож, нэгэн дуугаар хэлсэн “баялагтаа эзэн нь байх” амлалтаа хэрэгжүүлж гэмээнэ зэрэгцэж суугаад инээмсэглэсэн зургийн чинь ид шид биелж, жагсаж тэмцэж авч өгсөн албан тушаалын чинь үр ашиг гарах билээ.