ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Цог: УИХ-ын гишүүдэд ард түмний өмнөөс гэж ярих эрх байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-20

УИХ-ын дэд дарга асан Л.Цогийг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. 

-Сайхан хаваржиж байна уу, та. Удаан уулзаагүй байна. Улс төрийн хүрээллээс холуур яваад байна уу даа? 

-Сайхан хаваржиж байна аа. Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдал, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн институтын ажлыг байнга ажиглаж, хувийн дүгнэлт хийж сууна. Сэтгэл зовнисон зүйл их болжээ. Анхны парламентын суурийг тавьж явсан хүний хувьд зүгээр сууж чадахгүй юм.

-Судалгаа шинжилгээний ажил хийж байна уу. Өмнөх парламентад сууж байсан УИХ-ын гишүүд түр улс төрөөс холдох зууртаа их л ажил амжуулж байдаг бололтой юм? 

-Онцолж судалсан хууль одоогоор алга. Гэхдээ 1992 оны Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад оролцож, парламентын гишүүнээр нэг удаа сонгогдож явсан хүний хувьд өөрийн хуримтлуулсан мэдлэг, зохих туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо нэмэрлэж суух нь миний хувьд бахархал, амьдралын минь бас нэг чухал мөч юм байна. Энэ ажлаа хийгээд, санал бодлоо нэмэрлээд явж байна даа. 

-Улс төрийн хүрээнд үймээн бужигнаан их байна. Таныг парламентад сууж байсан үеийн тэр ёсзүй, үнэ хүнд байхгүй болсныг ажиглаж суугаа байх. Хөндлөнгөөс ажиглаад ямар дүгнэлт хийв. Аргаа бараад Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулж, хурууны хээгээр бүртгэх талаар ярьж сууна шүү дээ?

-Монголын парламент 29 жил болж байна. Байнгын хороо, цаашлаад нэгдсэн хуралдаан зохион байгуулах үйл явц нь одоогийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа, үүнд Их хурлын гишүүд хэрхэн оролцож байна, эцсийн утгаараа төрийн бодлого яаж хууль болж гарч байгааг сонирхохгүй байж болохгүй юм. Та их чухал асуудлыг хөндлөө. Мэдээж цоо шинээр өөрчлөлт хийнэ гэж байхгүй. Гэхдээ засч залруулах зүйл олон жилийн хугацаанд бидэнд харагдлаа. Хийж байгаа нэмэлт өөрчлөлт нь хүртэл амьдралд нийцэхгүй байгааг харлаа. Ямар нэг хууль дүрэм тогтоох нэг хэрэг. Харин түүнийг дагаж биелүүлнэ гэдэг өөр асуудал юм. Эцсийн дүндээ гишүүд нь өөрсдөө Дэгийн хуулиа дагаж мөрдсөнөөр биелэлээ олно шүү дээ. Ард түмний санал хүсэлтийг төрийн бодлогод оруулах чухал үүрэг хүлээсэн хүмүүсийн ажлын тухай л яриад байгаа юм.

Хуралдаа суухгүй байна, суусан ч Их хурлын индрийг өөр санаа бодлоор ашиглаж, олон нийтэд их зүйл хийж байгаа мэтээр харагдах, улс төрийн хийрхэл дэгдээх, гүтгэх, хувийн нууцаас эхлээд төрийн нууц задлах хүртлээ эмх замбараагүй байдал хавтгайрлаа. Үүнийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй учраас Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриад байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа суудаг нэг л хүн байгаа. Тэр нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч. Харин Их хурлын гишүүн тааллаараа суух ёсгүй. Тойргоос сонгогдож, цалин авч, тангараг өргөсөн учраас заавал оролцох нь үндсэн үүрэг юм. Хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол хуралдаанд оролцох нь зүй ёсны хэрэг. Зарим гишүүд өглөө ирж хуралдаанд оролцож, картаа харуулчихаад, өдөржин хуралд суухгүй алга болох нь олонтаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганаас эхлээд ирцийг хурууны хээгээр бүртгэж, шийдвэр гаргахад оролцсон ч хурууны хээ авдаг болно гэж хэллээ. 

-Бусад орны туршлагыг их ярьж байна. Гэхдээ бид өөрсдөө улс төрийн асар том түүхтэй ард түмэн. Тэгсэн атлаа Японы парламент тэгдэг ингэдэг гэж шууд хуулах нь хэр юм бол доо? 

-Би санал нэг байна. Бидний өвөг дээдэс дэлхийд анхны төр байгуулж явсан уламжлалтай. Их хуралдай хийж байснаас эхлээд ярьвал хуралдаж сурсан ард түмэн. Гэхдээ өнөөдрийн онцлогийг харгалзаж үзээд гадны туршлага ярьж болно. Ер нь парламент өөрөө нам биш шүү дээ. Тиймээс санал нийлэхгүй зүйл их гарч байна. Гадны туршлагыг шууд хуулаад тавьчихаар наалдахгүй байна гэдэг нь үнэн. Цөөнх болсон нам гомдолтой байгаа учраас тэгнэ ингэнэ, олонхи болсон нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой гэж явсаар байгаад Дэгийн тухай хуулийг таних аргагүй болгох юм шиг байна. УИХ-ын гишүүн тангараг өргөсөн өдрөөсөө л төрд зүтгэх ёстой. Гэтэл үүнийгээ умартаж, нам, бүлэглэлийн үгээр, явцуу эрх ашгийн төлөө явж байгаа. Энэ буруу юм. Энэ бүхэн нь эцсийн утгаараа дэгтэй уялдаж буухдаа буруу жишиг рүү явуулаад байна. Хэлж байгаа үг, хуралдаа суух хариуцлага, гарч байгаа шийдвэртэй холбогдуулан гаргасан саналаар нь УИХ-ын гишүүнийг голлон дүгнэх ёстой юм. 

-Хурууны хээгээр, эсвэл цалингийн хувиар хариуцлага ярих нь учир дутагдалтай гэдгийг УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуай хэлж байна билээ. Та ямар дүгнэлт хийж байх юм? 

-Дэгийн хууль зөрчинө гэдэг нь ёсзүйгээс эхлээд эцсийн утгаараа гэмт явдалд хамаарах үйлдэл болж хувирч байгаа нь олонтаа байна. Ер нь Байнгын хорооны хуралдаан, Их хурлын чуулганы индэр ашиглаж цуурхал тараадаг, бие биенээ гүтгэдэг, төрийн нууцыг хүртэл задалж байгаа чинь эцсийн дүндээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү дээ. Энд онцлон тэмдэглэхэд, Их хурлын гишүүн чуулган, байнгын хорооны хуралд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг нь тухайн гишүүнийг зөв зүйл хэлсний, Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө дуугарсных нь төлөө мөрдөж, мөшгихгүй гэсэн санаа юм шүү дээ. Үндсэн хуульд ийм зорилготой суулгасан юм. Гэтэл энэ заалтыг өнөө цагт бусдыг гүтгэх, хүн доромжлох үйлдлээ хаацайлах, өөрийгөө хамгаалах хэрэгсэл мэт ашиглах болжээ. Зүй нь гишүүд дээрх үйлдэлд хамаарах араншин гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. 

-Хэмжээлшгүй эрх мэдэлтэй 76 хүний эрх мэдлийг сааруулах үүднээс парламентын гишүүдийн тоог нэмэх санаа гишүүдээс цухалздаг. Сая ч гишүүн асан Р.Гончигдорж хэллээ?

-Тоог нэмэх санал үе, үе л гардаг байсан. Одоо ч гарч байна. Үндсэн хууль баталж байхад хүн амын тоо тийм байлаа. Одоо хүн ам нэмэгдчихсэн учраас нэмэх ёстой, төсөв нэмэгдсэн учраас тоогоо нэмэгдүүлье гэдэг зүйл яригддаг л юм. Энэ бол гарцаагүй хуульзүйн үндэслэл биш. Тоонд гэхээс илүү чанарт анхаарах цаг болсон. 76 шалгарсан хүн эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө мэдлэг боловсролоо зориулаад ажиллах бүрэн боломжтой. Гэтэл нам болон бүлэглэл дагаж, түүний далбаанд ордог учраас л өрсөлдөх чадваргүй, төрийн бодлогыг авч явах боломжгүйд хүрчихээд байгаа юм. Эрх мэдэл, ашиг хонжоо харж, баяжихын төлөө явдаг байж болохгүй. Би их олон жилийн өмнө “Их хурал бол шилийн сайн эрчүүдийн орогнох байр биш” гэж хэлж байсан. Тэр үг өнөө цагт бодит биелэлээ олчихоод байна гэж санаа зовох боллоо. Сонголт хийхдээ мөнгөөр сонгосны гай гарч байгаа юм. Мөнгөгүй хэдэн зуун сэхээтнүүд төрийн төлөө зүтгэж чадахгүй гудамжинд явж байгаа. Энэ шударга ёс мөн үү. Монголын парламент хүнээр дамжиж чадваргүй болоод байгаа юм. 

-Хоёр жилийн хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явцыг хараад ямар дүгнэлт хийж суув. Арай ч ийм байгаагүй юм гэж халаглах хүн олон байлаа, энэ хоёр жилд? 

-Монгол Улсад эрхзүйт төрийн тухай асуудал чухал байх ёстой. Энэ нь өөрөө ардчиллын мөн чанарыг илэрхийлэх нэг үзэгдэл. Гэвч хуулийг уландаа гишгэдэг, үл тоодог, нам, бүлэглэлийн төлөө явдаг болжээ гэж дүгнэлээ. Хариуцлага тооцох тогтолцоо алга болсон байна. Энэ бүхэн лавширвал цаашдаа идэж, ууж болдог гэсэн сэтгэхүйг нийгэмд суулгана шүү дээ. Их хурал нэр хүндээ алдсан гол шалтгаан нь энэ. Нам л нийгмийг удирдан жолооддог гэсэн 1990-ээд оны өмнөх сэтгэлгээ бидний толгойноос арилаагүй  юм байна. Түрүүчийн Үндсэн хуульд байсан заалтаа авч хаячихаад, намууд төрийг байгуулахад идэвхтэй оролцоно. Харин сонгуулийг ард түмэн хийж, сонгогдсон хүн нь төрийн төлөө явна гэдэг зүйлийг мартчихсан. Нам л хувааж төрийн эрхийг авсан мэтээр талцдаг болсон. Нам бол Төрийн бус байгууллага юм.

Нам төр байгуулахад зохион байгуулалтын хувьд оролцож, мөрийн хөтөлбөр боловсруулна. Хүнээ гаргаж, ард түмнээр шүүлгэдэг. Харин ард түмэн шүүсэн хүн төрийн төлөө явах ёстой. Гэтэл намын шийдвэр гараагүй бол төрийн ажил гацдаг хүртлээ дампуурчээ. Энэ бол Үндсэн хуулийн бус арга. Ер нь Үндсэн хууль гэхээс илүү “толгойгоо” өөрчлөхгүй бол цаашаа явахгүй. Монгол Улсын эдийн засаг, соёл, оюуны санааны аюулгүй байдал сонин байдалд орчихлоо. Энэ бүхний эцэст хүний эрх, шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй. Одоо ярьж байгаа нь дандаа худлаа ярьж, жүжиглэж байна гэсэн үг. Хэчнээн жил хууртах юм бэ. Худалч хүнд энэ улс мөхөх тал руугаа явж байна шүү дээ. Хяналтгүй байхыг ардчилал гэж ярьдаг. Хоёр талд хоёр дарангуйлагч улс байгаа. Бид дунд нь сайхан байна гэж Ц.Элбэгдорж гэж хүн яриад сууж байх юм. Энэ юун сайхан гэж. Худлаа ярьж, хулгай хийдэг нь сайхан биш бол өөр юу ч байхгүй шүү дээ. 1990 онд тэдний ярьж байснаас өөр нийгэм боллоо. 

-Таван улстөрч гарч ирээд жагсахаар төрийн ажил гацчихдаг юм байна. 65-уулаа суучихаад хуулиа өөрчилж чадахгүй Ерөнхийлөгчөөсөө дэмжлэг авлаа. 39 хүн Их хурлын даргаа огцруулж байна. Энэ бүхэн шинэчлэл, өөрчлөлт байв уу, эсвэл ухралт юм уу? 

-Үндсэн хуулиас гадуур нэг ч алхам хийж болохгүй юм. Гарч буй шийдвэр бүхэн Үндсэн хуульд нийцэх ёстой. Гэтэл тэнд байгаагаа нулимаад, зөрчсөн хууль өргөн барьсан. Үүнийгээ хувьсгал хийж байгаа гэж нэрлээд, “хувьсгал хийхэд хууль хэрэггүй” гэж балай юм яриад яваад байгаа. Энэ бол маш халтай зүйл. Дургүй хүрсэн хүнээ Их хурлын хэдэн гишүүн нийлж аваад яаж ч болдог буруу жишиг рүү орно шүү дээ. Үүнийг яаралтай Цэцээр засах ёстой байх. Яах вэ, өөрчлөх ёстой хүн нь болохоо больчихсон юм байж. Гэхдээ энд ямар жишиг тогтох вэ гэдгийг бодож үзэх ёстой л доо. Их хурлын дарга байсан хүнийг муу хэлэхгүй. Гэхдээ нэг хүнд зориулж хууль гаргаж болохгүй. Хүнийг нь биш би хууль ярьж байгаа шүү. Зөв, буруу гээд ярихаар нийгмийн дайсан болчихдог цаг болсон байна шүү дээ. Шударга бус зүйл бугласныг хөдөлгөөнд оруулсан санаа нь зөв байсан. Цаашдаа ер нь үнэнийг шууд үнэн гэж хэлдэг хүн ховорхон болох вий гэсэн эмзэглэл байгааг нуугаад яахав. Надад бол алдах зүйл алга. 1990 оноос хойшхи буруу зүйлийг ярьсаар яваад л энэ хүрч байна даа. 

-Тогтолцоо буруу байна гэдэг л асуудал руу бидний яриа орчихлоо. Дордохын долоон өөрчлөлтийг залруулъя гэлээ. “Бидэнд ухрах зам алга” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Үндсэн хуулийг өөрчлөхөөр шулуудлаа л гэж хараад байна? 

-Өөрчилнө гэдэг зүйл олон жил яригдлаа. Юуг өөрчлөх, яагаад өөрчлөх, түүний үр дагавар юу вэ гэдгийг сайн бодох ёстой юм. Нийгмийн амьдралд болохгүй байгаа зүйлийг засахтай холбож л хуульд өөрчлөлт оруулна. Заавал Үндсэн хуулиа оролдохгүйгээр ердийн хуулиар зохицуулах зүйл олон бий. Одоо бол бид 1992 оны Үндсэн хуулиар явахгүй байгаа. 2000 онд оруулсан дордохын долоон өөрчлөлт нь мордохын хазгай болгож, орвонгоор нь эргүүлсэн гэж яриад байгаа юм. Монголд ямар ч засаглал тогтоож болно. Хаантай, парламенттай, бүр Ерөнхийлөгчийн засаглалтай байх талаар ярьдаг. Үндсэн хуульд одоогийн хийх гэж байгаа нэмэлт өөрчлөлт ёсоор бол Ерөнхий сайдын засаглалын тухай асуудал яригдаж эхэллээ. Ер нь хуулийг мөрдөхгүй гажуудуулж, хаячихаад түүнээс үүссэн үр дагаврыг засахын тулд Үндсэн хууль руугаа буруу чихэж болохгүй л дээ. Сайн бодох хэрэгтэй.

Орох гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд хагас дутуу зүйл их бий. Их хурлын гишүүн сайд байж огт болохгүй. Энэ бол манай нөхцөлд таарахгүй. Их хурал, Засгийн газар холилдсон нөхцөлд парламентын засаглалын тухай ярих боломжгүй болчихдог. Үндсэн хуулиа сахидаггүй улс төрийн дэглэмийг яаж засах вэ гэдэг нь ярих ёстой сэдэв болсон нь үнэн. Үүнийг хүн болгон мэдэх албагүй. Зах дээр наймаа хийгээд явж байгаа хүн заавал мэдэх албагүй. Ард түмнээс асууя гэж айхтар зүйл яриад л. Сонгуулийн насны 1.9 сая хүнээс бүгдээс нь асууна гэвэл бүтэхгүй л дээ. Мэргэшсэн, мэргэжлийн эрдэмтэн судлаачдаа л сонсдог байх хэрэгтэй байна. Ард түмний өмнөөс ярьдаг хүн ганцхан Ерөнхийлөгч юм. Харин УИХ-ын гишүүдэд ард түмэн гэж ярих эрх байхгүй. Олон нийт болон УИХ-ыг төлөөлж ярьж болно. Үүнийгээ хүртэл нарийн ширийн ойлгохгүй байна. 

-Ерөнхий сайд “би шүдгүй арслан” шиг байна гэж хэлсэн. Угтаа Ерөнхий сайд хүчтэй байх санааг тэр хүн цухалзуулж байгаа нь үнэн. Шинзо Абэ шиг эрх мэдэл байхгүй бол засаглал өөрөө сул хүчгүй байгаа гэдэгт санал нэгдэх үү? 

-Эрх мэдэлд хувь хүн хүрэхээрээ илүү их эрх мэдлээ нэмэхийн төлөө явдаг. Энэ бол үнэн хэрэгтээ “өвчин” л дөө. Түүнд ухаалаг хандахгүй бол болохгүй. Эрх мэдэл дутсанаас уу, хийх юмаа мэдэхгүйгээс үү гэдэг асуудал байгаа юм. “Шүдгүй арслан” шиг байна гэж огт бодохгүй байна. Үндсэн хуульд заасан эрх мэдэл, хийх ажил нь бүрнээ байгаа. Энд нь хөндлөнгөөс гай болж байгаа улс төрийн хүчин, улстөрчид байгаа юу гэвэл бий. Засгийн газар нэг ажил хийх гээд, түүнийгээ Их хуралд оруулахаар тэр дунд нь ашиг сонирхлын зөрчил гарч ирээд дарамтлаад унадаг зүйл бий. Үүнээс гарахын тулд хуулиа дагадаг, мөрддөг л болчих ёстой юм. 

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Шинэ Үндсэн хууль” гэгчийг 21 аймгаар хэлэлцүүлж явна. Боловсруулж эхэлсэн нь эртнийх. Энэ хэр зөв алхам юм бол. Нэг нам хүртэл хэлэлцүүлээд байхаар Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчилж болдог гэсэн сэтгэхүй хүртэл сууж байна шүү дээ?

-Анх боловсруулж, гар бие оролцож байсан хүний нэг нь би шүү дээ. 2012 оны сонгуулиас өмнө яригдаж байсан л даа. Янз бүрийн санаа байдаг. Хоёр танхимтай болох гэх мэтээр санаа бий. Гэхдээ бидний 1992 онд баталж байсан Үндсэн хуулийн үзэл санааны 70-80 хувь нь хэвээрээ. Хувцсыг нь сольчихсон гэдэг шиг үг үсгийг нь өөрчилсөн зүйл олон байна билээ. Тийм зүйл ярьж болно. Гэтэл нэг нам, нэг хүн төрийн өмчийг өөртөө эрх авчихаад хэлэлцүүлдэг нь хууль зөрчсөн асуудал. Нам дотроо ярилцаж байвал хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Үндсэн хуулийн тухай асуудлаар ард нийтийн дунд хэлэлцүүлэг хийх нь төрийн эрх үүрэг шүү дээ. Үүнийг аль нэг нам өөртөө авч болохгүй. Болохгүй гэж хэлж байгаа хүн байхгүй байна. Би УИХ-ын даргад хоёр ч удаа хэлсэн. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-д элсүүлэх гэж байна. “Стан” улс биш гэх асуудал сүүлийн үед улс төрийн хэрүүлийн сэдэв болчихлоо. Ерөнхийлөгч байсан хүн хүртэл сүртэй, сүртэй мэдэгдэл хийж байгаа шүү дээ. Зөв, буруугийн тухайд нэг зүйл бодож суугаа байх. Ярилцлагын төгсгөлд асуучихъя? 

-Одоо бол ажиглагчийн статустай байгаа. Гишүүнээр элсэх тухай асуудал яригдаж эхэлж байгаа гэж бодож байна. Эсэргүүцэж байгаа хүчин ч бий. Сайн л судлах ёстой. Орохгүй бол юугаа алдах юм, орлоо гэхэд юу хожих юм. Ер нь хоёр хөршгүйгээр бид цаашаа явахгүй ээ. Гуравдагч хөрш гэж ярьдаг. Хил залгадаг гэдгийг л хөрш гэж үзнэ шүү дээ. Хэнтэй ч харьцаж болно, гэхдээ дэлхийд хүчтэй байгаа хоёр хөршийнхөө сайнаас суралцаж, саарыг нь хаяад л явах ёстой. Хоёр хөршөө муулж, баруунаас тусламж авдаг бодлого байж болохгүй ээ. Төрийн бодлого нарийн байх ёстой. Дэлхий дахины хандлага хаашаа байгааг харахгүй бол болохгүй. Уламжлалт тогтолцоо нурж эхэлж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Бид ямар нэг холбоонд элсэхгүй. Швейцарь шиг байна” гэж бодит ойлголтоос хөндий зүйл рүү баахан түлхсэн. Тэгж болохгүй. Ямар ч нөхцөл үүсэж болно. Тэгэхэд хэнтэй түнш байх юм гэдгээ улс орон бодохгүй бол болохгүй. 

-Улс төрд эргэж идэвхтэй оролцох бодол байна уу? 

-Цаг хугацаа харуулах биз ээ.