ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Баялгийн сан байгуулах бус “Эрдэнэс Монгол” гэх асар том компанийг босгох тухай асуудал юм

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-28

Баялгийн сан байгуулах асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуягтай ярилцлаа. 

-Баялгийн тусгайлсан санг байгуулахад ямар бодлого, зарчим хэрэгжүүлэх шаардлагатай  вэ?

-Шулуухан хэлэхэд баялгийн сан байгуулах гэж УИХ дөрвөн удаа хууль гаргасан. Өнөөдрийн байдлаар хоёр сан байгуулагдаад ажиллаж байна. Баялгийн сангийн тухай ярьж байгаа хүмүүсийг ажиглахад энэ сангийн тухай ойлголт нь зөрөөд байна. “Тогтворжуулалтын сан”, “Ирээлүйн өв” гээд хоёр баялгийн сан байна. Хоёулаа баялгийн сан хэдий ч зорилго нь өөр. “Тогтворжуулалтын сан” бол дэлхийн зах зээлд ашигт малтмалын түүхий эдийн үнийн савлагааг тогтворжуулах зорилгоор байгуулагдсан. Үнэ нь их үед тухайн санд мөнгөө нөөцлөөд, үнэ огцом унах үед буцаагаад гаргадаг тогтворжуулалтын сан юм. Харин “Ирээдүйн өв” сан бол ашигт малтмалын орлогоос цугларч байгаа тодорхой мөнгийг өнөөдөртөө бүгдийг нь хэрэглээд дуусчихгүйгээр, 2030 он хүртэл хуримтлуулж нөөцөлье гэсэн зорилготой. Энэ сан “Хүний хөгжлийн сан”-гаас нэг их наяд гаруй төгрөгийн зээл авчихсан учраас өнөөдрийг хүртэл мөнгөгүй явсан юм. Гэхдээ энэ жил Засгийн газрын тавьсан тоог харах юм бол энэ санд нэг их наяд төгрөгийг оруулж чадвал, 2019 онд анх удаагаа 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалтай болж чадна.

Үүнээс хойш жил бүх нэг их наяд төгрөг хийгээд байвал, багадаа 10 жилийн хугацаанд нэлээд мөнгөтэй сан болох боломжтой. Тиймээс Монгол Улсад баялгийн сан байхгүй биш, байгаа. Ингэхдээ баялгийн сангийн хоёр төрөл нь байна. Үүнийгээ л яг сан хэлбэрээр нь гар дүрээд, аваад ашиглаад байхгүйгээр, хуулийнх нь дагуу яваад байх юм бол энэ хоёр сан их боломжийн сан юм гэж хэлмээр байна. Харин энэ сан руу орох мөнгийг нэмэгдүүлэх, эсвэл төсөв рүү орох мөнгийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын байгалийн баялаг болох стратегийн ач холбогдолтой ордуудыг “Эрдэнэс Монгол” гэх компани дээр бичээд байвал, Монгол Улсын “Эрдэнэс Монгол” гэдэг компани дэлхийд баялгаараа нэгдүгээрт орно. Ийм компанитай болчихсон улс бол тэр компаниа дэлхийд харуулахад олон улсын зах зээлээс ямар ч мөнгийг ямар ч боломжоор татаад, хөрөнгө оруулалт хийгээд байх боломжтой. Тиймээс сүүлийн үед бидний яриад байгаа монгол хүн байгалийнхаа баялагт эзэн болж чадаж байна уу гэдэг нь “Эрдэнэс Монгол” компани том компани болж чадахуу, үгүй юу гэдэгтэй салшгүй холбоотой. Эсвэл талын нэг тарж, хувь хувьсгалын жижиг жижиг үйрмэг компани болох юм уу. Эдгээрийг бөөгнүүлж, энэ нь баялгийн сангийн бас нэгэн төрөл гэж үзэж байгаа Засгийн газрын чиглэлийн хүмүүс байгаа. Бид үүнийг үгүй гэхгүй. Гэхдээ нэр томъёогоо зөв болго. Хоёр баялгийн сан байгаа. Одоо байгуулах гээд байгаа нь минийхээр баялгийн сан байгуулах асуудал биш. Харин баялгийн сангууд руу орох мөнгийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” гэх асар том компанийг босгох тухай асуудал юм.  

-Баялгийн сангууд зайлшгүй төрийн өмчийнх байх ёстой юу. Эсвэл олон нийтийн юм уу бусад төлөөллүүдийн  оролцоотой бүтэц зохион байгуулалттай байх уу?

-Удирдлага зохион байгуулалтыг яаж ч хийж болно. Харин өмчийн хувьд төрийн өмчийнх байх ёстой. Тэрхүү төрийн өмчийн том компани 10 хувиа ард, иргэддээ эзэмшүүлье гэсэн зохион байгуулалтыг хийж болно. Тэгвэл иргэд сангаас ашиг хүртэх бус компанид хувь эзэмшээд, энэ компанийн ноогдол ашиг авах ёстой.  Энэ мэт ойлголтуудаа цэгцлэхгүй бол бүгд л сайн сайхан юм хийе гэж бодож байгаа ч ойлголтын зөрүүгээс болж байгаа зүйлээ байхгүйгээр ярих, компаниа томруулах гэж байгаагаа сан болгох гэж байгаа мэтээр ойлгуулаад байна. Эсвэл гурав дахь сонирхол бол удирдлагыг нь би авна, манай яам авна гэх маргаан бол далан долдугаар асуудал.

-Ойлголтын зөрүү байна гэж байна. Сүүлийн үед Норвегийн жишээ, Сингапурын жишээг их яриад байх шиг байна. Норвеги гэхэд л бие даасан сайн эдийн засагтэй учраас ирээдүйд төвлөрсөн зорилготойгоор тэр санг бий болгоод байна гэдэг. Манай улсын хувьд ирээдүйд төвлөрсөн сан гэхээс илүүтэй тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд сан байгуулаад байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхлээр зорилго нь яг хаашаа яваад байна гэсэн үг вэ?

-Ингээд толгой нь эргээд байгаа учраас хамгийн сүүлд байгуулсан сан бол “Ирээдүйн өв” сан. Арван жил гар хүрч болохгүй. Энэ хугацаанд мөнгөө хуримтлуулна. Тиймээс энэ сан руу битгий халдаач л гэж хэлж байгаа юм. “Ирээдүйн өв” санд онцгой анхаарал хандуулаач, Засгийн газар, УИХ дураараа ашиглана гэдэг асуудал гаргаж болохгүй шүү гэж байгаа юм. Хуулийг өөрчлөх замаар нөхцлөө бий болгочихдог. Маргаан гарах юм бол хуулийн дагуу хийсэн шүү дээ гэж хэлдэг. Ийм зүйл байхгүйгээр л хийвэл зүгээр. 

-Тухайн сангуудын санхүүжилтийн эх үүсвэр тогтвортой байх, нэмэгдэх нөөц боломж байна уу?

-Байна. Сая “Ирээдүйн өв” сангийн тухай ярилаа. Энд эхлээд 300 гаруй тэрбум төгрөг орж байснаа 500 гаруй болсон. 2019 онд нэг их наяд төгрөг орно гээд тавьчихдаг. Би түрүүн хэлсэн. Энэ сангийн нэг дутагдал бол өмнөх “Хүний хөгжил” сангийн нэг их наяд төгрөгийн артэй байсан явдал юм. Тэр өрийг энэ жил төлж дуусаад, нэг их наяд төгрөг орох юм бол анх удаагаа 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалтай болох юм. Энэ нь жил бүр нэмэгдсээр 2030 он гэхэд багадаа 4-5 тэрбэм ам.долларын хөрөнгөтэй сан болох боломж байна.