Баян-Өлгий аймагт сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-03

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд  зургадугаар сарын 28-ний өдөр малдаа явсан 16 настай хүү сураггүй алга болсон хэрэг гарсан. Хүүг сураггүй болсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Сураггүй алга болсон хүүг эрэн хайх ажил хэрхэн явагдаж байгаа талаар Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн З.Азаттай холбогдож тодруулахад “Зургадугаар сарын 29-ний өдөр тус  сумын Харганат багийн “Жижиг” нууранд хүүгийн унаж явсан морь нь үхсэн байсныг олсон. Хүүг үргэлжлүүлэн эрэн хайж өчигдөр /2018.07.02/ өдрийн 12:00 цагт унаж явсан морь нь үхсэн “Жижиг” нуураас гурван метрийн гүнд гүний шумбалт хийж цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар Цэнгэл болон Өлгий хотод алга болсон хоёр иргэн, Баяннуур суманд алга болсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Эрэлд Баян-Өлгий аймгийн 10 албан хаагч хоёр завь, хоёр машин, Ховд аймгийн Онцгой байдлын албанаас зургаан албан хаагч, нэг завь, Увс аймгийн Онцгой байдлын албанаас таван албан хаагч, нэг машин нэг завь, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албанаас хоёр аврагч тус тус ажиллаж байнагэв.