ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын билетээ онлайнаар борлуулаач, Хотын дарга аа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-04

Тулгар төр байгуулагдсны 2228, Их монгол улс байгуулагдсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ердөө долоохон хоногийн дараа эхлэх гэж байна. Гэтэл өнөө жил дахиад л наадмын тасалбарын маргаан өрнөх нь тэр. Аялал жуулчлалын компаниудад баяр наадмын нээлт үзнэ гэсэн захиалга гадны 10 гаруй мянган жуулчдаас иржээ. Гэтэл тэр бүх жуулчдад билет өгнө гэвэл манай дотоодын нэг ч үзэгч наадам үзэж чадахгүйд хүрнэ.

Албан бус тоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо нь 13 мянга орчим байдаг. Тиймээс гадны жуулчдад билетээ өгөх үү, дотоодын үзэгчдээ хязгаарлах уу гэдэг сонголт өнөө жил дахиад л давтагдлаа. Наадмын нээлтийг хоёр өдөр хийх, эсвэл илүү том Төв цэнгэлдэх хүрээлэн барихаас нааш энэ асуудлыг шийдэж чадахгүй учраас өнөө жил дахиад л 3500 жуулчинд билет өгөхөөр болжээ. Жуулчид сэтгэл дундуур байна.

Гэхдээ ганц шинэ зүйл нь наадмын нээлтэд дуулсан бүх хамтлаг дуучин, тэр өдрийнхөө орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад зориулан тоглолт хийхээр болсон аж. Гэвч энэ нь тийм ч хангалттай зүйл биш. Төв цэнгэлдэхийн тэр зохион байгуулалт, тоглолт дэглэсэн хэв маяг тэр чигээрээ очиж чадахгүй учраас өв соёлын давтагдашгүй их уурхай болсон монгол наадмын нээлтийг үзэж чадаагүй жуулчид сэтгэл дундуур үлдэж байна.

Жуулчдад 3500-г борлуулчихаар цаана нь 9500 орчим билетийг дотооддоо зарж борлуулах гэж үйл тамаа үздэг. Жил бүхэн л шагийн билет, билетийн очер дараалал, танил талаараа их хэмжээний билет авсан, хуурамч билет борлуулсан гэх асуудал үүсдэг бөгөөд энэ бүх бэрхшээлийг шийдэх гарцыг төрийн удирдлагууд өнөөдрийг хүртэл олж чадаагүй.

Жил бүхэн онлайнаар борлуулна гэж иргэдээ баярлуулдаг ч хэнийх нь эрх ашгаас болдог юм байнга хойшилсоор ирсэн билээ. Өнгөрсөн жил “Нэг цэгийн үйлчилгээ”-г түшиглэн борлуулах шийдвэр гаргасан ч мөнөөх л иргэд хонон өнжин дугаарладаг асуудал хэвээр байсан билээ. Тиймээс энэ жил дахиад өмнөхөө давтах уу гэдэг асуудал наадам дөхсөн энэ өдрүүдэд ярианы сэдэв болж байна. Зарим хэвлэл мэдээлэлд бичсэнээс уншвал арилжааны банкуудаар дамжуулан худалдаалах тухай асуудал яригдаж байгаа гэх.

Угтаа, банкаар үйлчлүүлж буй иргэн бүрт 1-2 билет борлуулах бөгөөд түүнээс илүүг өгөх боломжгүй байхаар зохицуулалт хийж магадгүй юм байна. Энэ бол байж болох хувилбар юм. Үйлчлүүлэгч бүхэн өөр, өөрийн харилцах банктай. Тухайн салбараасаа 1-2 билет авна гэвэл ачаалал ч ядахдаа буурах биз. Ер нь манайд наадмын тасалбараас бусдыг нь онлайнаар худалдаж болдог болсон. Тун саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 орчим мянган монголчуудыг цуглуулж чадсан “Никитон” хамтлаг гэхэд л онлайнаар, мөн гадуур билет борлуулах цэг ажиллуулаад л асуудлаа шийдчихлээ.

Гэтэл баяр наадам болохоор л 9000-хөн мянган билет борлуулах гэж хэдэн монголчуудаа талцуулж, хэрэлдүүлж, хонон өнжин нойрыг нь хугасладаг хүнд суртлыг халмаар байна, Хотын дарга аа. Алдаа, оноотой ч байг хамаагүй наадмын тасалбараа онлайнаар борлуулж үзвэл яадаг юм бэ. Ерөөс наадмын билетийн 4000 орчмыг нь төр засгийн өндөр алба хашиж байгаа хүмүүс, түүний ах, дүү танил тал нь хуваагаад авчихдаг. Үлдсэн 5000 орчим билетийг онлайнаар худалдаалчихвал нэг их хүндрэл бэрхшээл тулгарна гэж бодохгүй байна. Билет борлуулдаг тусгай дугаарын утаснууд хангалттай л байна. Энэ мэт байдлаар бэрхшээлтэй асуудлаа шийдэх талаас явахгүй бол жилийн жилд наадмын өмнөх өдрүүдэд билетнээс болж хэрэлдэж, хэлэлцэж, очер дугаар үүсгэдэг хүнд суртал байсаар л байна. Хүй долоон худгийн цэлгэр том талбайд морь дагах зам барина гэж попорч байснаас нэг том цэнгэлдэх барьчихвал яагаад болохгүй гэж.