БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэ салбартай ажил, амьдралаа холбосон маш олон баялаг бүтээгчид байдаг. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэнг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа.
-Ойн салбарт хэр баргийн хүн ажиллаж чаддаггүй гэдэг. Гэтэл та энэ салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан байх юм. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Ойн инженерийн ангийн хоёр дахь удаагийн элсэлтэд нь би тэнцэж байсан юм. Аав минь ногоочин хүн байлаа. Багаасаа л эцгийгээ дагаж, газар шорооны ажилтай ноцолдож өссөн болохоор энэ мэргэжлийг би өөрөө дурлаж сонгосон юм.
Тэр үед ойн инженерийн ангид өрсөлдсөн гурван хүүхдээс шалгаран суралцаж байлаа. Манай ангид анх 25 хүүхэд элссэнээс 12 нь л төгссөн байдаг. Гэхдээ мэргэжлээрээ ажилласан нь ганц би. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жамьяансүрэн чинь манай анги шүү дээ.
Сургуулиа төгссөнийхөө дараа нормчноос ажлын гараагаа эхлүүлж байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн надад мэдэхгүй чадахгүй зүйл их тулгардаг байсан ч, тэр бүрт нутгийн ахмадуудаас суралцаж, заавар зөвлөгөөг нь сонсдог байсан. Намайг ажиллах хугацаанд ойн анги маань Ой агнуурын аж ахуй болж өөрчлөгдсөн юм.
Тэнд хамгийн дээд тал нь ахлах инженер болж байв. Гэхдээ байгалийн дагалт бүтээгдэхүүн ашиглах, ан агнуур хийлгэх, ой хамгаалагчдыг дадлагажуулах, мэргэшүүлэхэд өөрийгөө тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож явдаг.
-“Үржил шим” хоршооныхоо тухай яриач. Хоршоогоо анх байгуулсан түүх их сонин юм билээ?
-Манай ой агнуурын аж ахуй 1998 онд хувийн хэвшилд шилжсэн юм. Тэр үед манай ойжуулагчид бүгд ажилгүй болсон. Би ч мөн адил. Цүнхээ үүрчихсэн гэртээ уйлаад л очиж байлаа.
Харин манай хүн “Чи юундаа уйлдаг юм бэ. Чамд гар хөл, эзэмшсэн мэргэжил чинь байна. Үүгээрээ л ажилла” гэж хэлж билээ. “Ажилгүй болчихсон байхад ингэж хэлэхдээ яах вэ дээ” гэж тэрхэн үедээ гомдож л байлаа.
Гэхдээ ханийн маань хэлсэн үг хатуу ч, үнэн байсан юм. Тэгээд л би надтай адил хувьчлалаар ажилгүй болсон хэсэг нөхдийн хамт хоршоогоо байгуулсан.
-Тэр ондоо гэсэн үг үү?
-Ой агнуурын аж ахуй 1998 оны арваннэгдүгээр сард хувьд шилжиж, 1999 оны гуравдугаар сард би “Үр жимс” хоршоогоо байгуулсан юм. Тухайн үед хоршооны дүрэм боловсруулах талаар мэдлэггүй байсан учраас Татварын хэлтсээсээ загвар дүрэм авч, ажилчдынхаа хамт дүрмээ боловсруулж байлаа. Надтай нийлээд 10-уулаа гэсэн үг.
-Ой агнуурын аж ахуйд хамт ажиллаж байсан хүмүүс байв уу?
-Тав нь надтай хамт ажиллаж байсан. Харин дөрөв нь мэргэжлийн бус хүмүүс байж билээ. Гэхдээ манай салбарын нэг онцлог нь мод тарилаа гэхэд дор хаяж 4-5 жилийн дараа үр жимсийг нь авдаг.
Тийм учраас тэднийгээ цалинжуулна гэдэг бэрх байсан. Тэгээд бодож бодож дэлгүүр ажиллуулахаар шийдсэн юм. Эхлээд чингэлэг аваад, түүнийгээ цэвэрлэж будаад, дэлгүүрийн худалдагч хийж эхэллээ. Өмнө нь тийм ажил хийж үзээгүй хүн чинь ичээд, лангуун дороо нуугдчихмаар л санагддаг байлаа.
-Яагаад тэр вэ?
-Ойн ахлах инженер хийж байсан хүн дэлгүүрийн худалдагч болчихож гэж хүмүүс ярих болов уу гээд өөрөө л ичиж байхгүй юу. Гэхдээ 4-5 хоног ажиллаад ирсний дараа арай өөр боллоо.
Тухайн үед захаас бараа аваад, 50-100 төгрөг нэмж зардаг байв. Харин сүүлд АПУ-гийн гэрээт борлуулагч болсон. Манай ангийн С.Жамьянсүрэн тэр үед АПУ-гийн захирлаар ажиллаж байсан юм. “Ажилгүй болчихлоо, одоо яах вэ” гээд найз дээрээ ортол “Чи манай АПУ-гийн архийг бөөний үнээр зээлээр ав.
Чи хэдэн төгрөг нэмж зарахаа өөрөө шийд” гэсэн. Тэгээд эгч нь караз машинд 80 авдар архи ачаад Ховд руугаа явж байлаа. Тэр машин яг л трактор шиг дуугарна. Гэхдээ би түүнийг огт тоогоогүй юм даг. Тэгээд нэг архин дээр 100 төгрөг нэмж зараад, түүнээс олсон ашгаараа ажилчдаа цалинжуулдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин өгч байсан гэж санана.
-Хэд вэ?
-5000 төгрөг. Хоршооныхоо ажилчдаас “Би та нарыг 5000 төгрөгөөр цалинжуулья, ажиллах уу” гэж асуусан. Тэд ажилласан. Бараг есөн сарын турш ажилчдаа сарын 5000 төгрөгөөр цалинжуулж байлаа. Тэр мөнгөө нөгөө л дэлгүүрийнхээ бараанаас олдог байсан юм. Одоо бодоход архи худалдаж байсан нь миний алдаа байсан байж магадгүй. Гэхдээ тэр үед архи уудаг хүн цөөхөн байсан.
-5000 төгрөгийн цалингаар амьдралаа болгоно гэдэг бараг л боломжгүй. Гэтэл тэр хүмүүс ажилласан гэхээр та нэлээд итгэл даах хүн байж дээ?
-Тийм л байх даа. Энэ биднийг хаяхгүй гэж итгэсний үндсэн дээр л намайг дагасан байх. Одоо манайд Улсын тэргүүний тариаланч хоёр, Байгаль орчны тэргүүний ажилтан гурав, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан гурав бий.
Манай менежер н.Дэмбэрэл 2015 онд Улсын тэргүүний тариаланч болсон. Ер нь шагнал урамшуулал гэдэг эзнээ олж чадвал цалин бага эсэх нь хамаагүй болов уу. Өнөөдөр ч манай цалин бага. Гэхдээ тэнд хүмүүс яагаад ажиллаад байна вэ гэдэгт л учир байгаа.
-Тэр нь яг юу юм бол?
-Хүнийг хайрлах сэтгэл юм даа. Би тэдэнд сэтгэл тавьдаг. Тэд надад сэтгэл гаргадаг. Тэд миний итгэлийг дааж чаддаг учраас би ажилчдаараа байнга бахархдаг юм.
-Дэлгүүр ажиллуулж олсон орлогоороо ажилчдаа цалинжуулдаг байсан гэхээр танд ер нь ашиг байсан юмуу?
-Байгаагүй ээ. Таван жил хоршооноос нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Тэгэх ч боломжгүй. Тэр үед нэг хүн “Чамайг мод тариад, ашиг хүртэхийг чинь харна аа” гэж хэлж байсан шүү. Тэгэхэд нь “яах вэ болгоно оо” л гэж бодож явлаа.
Хотоос 100 ширхэг улиасны мөчир авч очоод, хөдөө орон нутгаас мөчрөө хайчлан тарьж байх үедээ би ашиг олно гэж ер бодож байгаагүй. Модоо ургуулаад, ажилчдаа цалинжуулан үлгэр жишээ аваад явчих юмсан л гэж бодож явснаас биш өөрөө баяжих тухай нэг ч удаа бодож байсангүй.
Харин зургаа дахь жилээс нь модоо борлуулж, чацарганаа түүдэг болсон. Одоо манай ажилчдаас муухан яваа хүн байхгүй. Ер нь ч тэгээд мод тарьсан хүний амьдрал үргэлж дээшилж байдаг юм. Ажилчдаа магтахаас өөр яалтай билээ.
-Уг нь би таныг л магтмаар байх юм. Харин та ажилчдаа л магтаад байдаг?
-Тэгэлгүй яах вэ.
-Та НҮБ-ын “Дэлхийн шилдэг фермер” болж байсан гэсэн. Өөрөөр таны хөдөлмөрийг төрөөс хэрхэн үнэлж байсан бэ?
-Төрийнхөө төлөө зүтгэсний буянаар эгч нь олон шагналтай. 2009 онд НҮБ-ын “Дэлхийн шилдэг фермер” шагналыг авч байлаа. Тэр үед манай салбарын сайдаар Л.Гансүх ажилладаг байсан юм. Хөдөөний улс чинь сайд, дарга нарыг мэдэх биш. Миний тодорхойлолтыг явуул гэж манай ойн салбарынхан л хэлсэн юм шиг байна билээ.
Монголоос долоон хүний материалыг явуулсан байсан. Дэлхийн 48 улсаас шилдэг таван улсыг тодруулахад, Монгол Улс багтсан. Монголоос би шалгарсан гэхэд итгэхгүй л байлаа. Тэр шагналаа Тайландад очиж авч байсан юм. Мөн оны хоёрдугаар сард би Улсын тэргүүний тариаланч болсон.
Тухайн үед шалгарчихна гэж бодоогүй. Тэгсэн хоёрдугаар сарын 6-нд гэрээсээ гараад шат руу уруудаж явтал утас дуугарлаа. Авсан чинь “Та Улсын тэргүүний тариаланч болсон байна” гээд шууд хэлдэг байгаа.
Би гэдэг хүн чинь учиргүй баярлаад шатан дээр бараг 3-4 удаа хүүхэд шиг дэвхэцсэн. Тэгээд гэр рүүгээ эргэж ороод ханьдаа хэлж билээ. Миний шагналыг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гардуулж өгч байлаа.
2011 онд Байгаль орчны гавьяат ажилтан болсон. Л.Гансүх сайд намайг өрөөндөө дуудаад “Дэлхийн аварга болсон тамирчныг гавьяат болгодог юм байна билээ. Цэндсүрэн гуай та дэлхийн хүн болсон юм чинь гавьяат болгох байлгүй дээ” гэж хэлээд гар барьж байсан.
Тэгээд л би гавьяат болсон. Авсан шагналуудаараа бахархдаг. Гэхдээ Улсын тэргүүний тариаланч л дэндүү гоё шагнал байсан. Төр засгаас ингээд урам өгөхөөр чинь хөдөлмөрлөхгүй гээд яах билээ. Хөдөлмөрлөх ч болно. Өөрөө хүчгүй болсон ч, хоршоог маань аваад явчих хүмүүс байгаа.
-Одоо танай хоршоо хэдэн хүнтэй вэ?
-Одоо зургаан ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Хоршоо гэдэг хоршиж хөдөлмөр эрхэлдгээрээ онцлогтой шүү дээ. 2015 оноос зах зээл муудаж, зарим нь өөр ажилд шилжсэн.
-Танай хоршоо хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ?
-Дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Чацарганы шүүс, тос, сироп, үхрийн нүдний цэвэр шүүс. Хааяа үхрийн нүдээрээ варень хийдэг юм. Гэхдээ зардал өндөр, худалдан авалт бага байдаг учраас их хэмжээгээр үйлдвэрлэдэггүй.
Цэвэр шүүсийг нь л худалдаж байгаа. Намрын ногоон өдрүүдэд манайх байнга тогтмол оролцдог. Ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж, үр дүнгээрээ бусдаас ялгарч чадсан хоршоо гэж боддог. Их, бага нь хамаагүй татвар, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөд л явж байгаа.
Дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 15 хүртэл бид байнгын ажилтай байдаг. Жилд 6-7 тонн чацаргана хурааж авна. Хоршоогоо би удирдан зохион байгуулж буй мэт боловч, миний цаана ажиллаж байгаа ажилчдын маань хийсэн бүтээсэн нь хамгийн чухал гэж боддог юм.
-Тэгвэл та мэргэжлийнхээ юунд нь дурласан юм бэ?
-Хүн харахад, ойн инженерийн ажил эмэгтэй хүнд ахадсан мэт харагддаг байх. Гэхдээ хийсэн ажлын үр дүнгээ харахад өөрийн эрхгүй л бахархах сэтгэл төрдөг юм. Мод тарих амархан гэж зарим хүн ярьдаг л юм.
Гэтэл үнэндээ тийм биш. Мод тарих чинь бараг л хүүхэд эх барьж авахтай адил. Тэр чимхлүүр ажлыг халуунд халж, ялаа шумууланд хазуулж, усгүй байхад нь ус зөөж, устай байхад нь тордож услах гээд хэцүү.
Гэхдээ үр дүн нь гайхамшигтай байдаг юм. Мөст суманд 2006 онд ногоон хэрмийн ойн зурвас байгуулахаар очихдоо модоо холоос зөөж, суулгадаг байлаа. Тэр надад ер зовлон байгаагүй. Харин ч жаргал байсан.
-Ер нь өнөөдрийг хүртэл та хэчнээн мод тарьсан бэ?
-Зургаан сая гаруй мод тарьсан. Одоо 10.8 га мод үржүүлгийн талбайтай. Тэндээ хоёр сая гаруй модтой. Ойн салбарт ажилласан 40 гаруй жилийн маань үр бүтээл юм даа. Манай яамнаас “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд Мөст, Манхан, Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Ховд гэх мэт олон суманд мод тарьж, тарьсан модоо хашч хамгаалсан. Тэр том ажлыг үргэлжлүүлээд авч явж буй хүмүүсээрээ бахархдаг юм.
Эгчийнх нь байгуулсан гурван мод үржүүлгийн талбай бий. Сургууль төгсч очсоныхоо дараа нэг га-д мод үржүүлгийн талбай байгуулж байсан. Харин дараа нь 40 га-д мод үржүүлгийн талбай байгуулж байлаа. Харин дээрх 10.8 га бол манай хоршооных. Ямар ч модгүй цагаан талд үржүүлгийн талбай байгуулчихаад түүнийгээ харах ямар сайхан байдаг гэж санана.
-Улсынхаа хүн амаас хоёр дахин их мод тарьсан байна шүү дээ. Ингэж ажиллахдаа халуунд халж, хүйтэнд нь хөрч л явсан байж таарна. Танд ер нь больё доо гэсэн бодол төрж байв уу?
-Үгүй. Аав минь “Хөдөлмөрлөсөн хүн үр дүнд заавал хүрдэг юм. Олон юманд биш, зөвхөн нэг зүйлд л зорь” гэж захидаг байлаа. Тиймээс би эзэмшсэн мэргэжлээ орхих тухай нэг удаа ч бодож байсангүй.
Хүний амьдрал юм хойно, болохгүй бүтэхгүй зүйл тохиолдож л байсан. Өнөөдөр нэг мод ургахгүй байлаа гэхэд түүнийгээ “Яавал ургах бол” гэж шөнөжин бодно. Тэгээд маргааш нь очоод ажилчидтайгаа хамтраад хийчихдэг байлаа. Энэ мэргэжилд би шимтэж орсон юм. Тиймээс яасан гэж шантрах билээ.