ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Байдрагийн мөрөөдөл” байрнаасаа хөдөллөө

O.Admin
1 цагийн өмнө

…Зуун гол нийлж мөрөн болдог юм гэдэг
Зуур замдаа сааталгүй далайд хүрдэг юм гэдэг
Зуун гол цутгасан өргөн мөрөн болоход ганцхан гол дутсан
Энэ нь таны эмгэнэл юм гэдэг… хэмээн Ардын уран зохиолч Т.Галсан нутгийнхаа “Байдраг” голыг магтаж шүлэглэсэн байдаг билээ.

Тэгвэл их зохиолчийн бүтээлд мөнхөрсөн Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын нутаг “Сүүдэртийн хясаа”-нд байрлах 99 гол, горхи цутгадаг “Байдраг” голд 30МВт хүртэлх хүчин чадалтай “Усан цахилгаан станц” барих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас /2026.05.20/ гаргалаа. Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн 1.3.1.5-д тусгагдсан “Байдрагийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ” гэх заалт, “Алсын хараа-2050”, Урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан энэхүү ажил баригдах тухай яригдсаар даруй 10 гаруй жилийг үдсэн гэдгийг та бид мэднэ. Үндсэндээ сэргээгдэх эрчим хүчний тухай монголчуудын сэрэхгүй бол сайхан зүүдний нэг нь болчихоод байв.

Үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт амлалт болон орж, Бөөнцагаан нуурын экологийн системийг хамгаалах, 22 жилийн хугацаанд 13 хувиар багасч буй нуурын усны урсацыг нэмэгдүүлэх, ширгэж буй Байдраг голоо хамгаалах, усан сантай болсноор хэмжээг нэмэгдүүлэх тухай амлалт нутгийн иргэдийн эсэргүүцэл, уул уурхайгаас “харшил”-тай хэсэг бүлгийн нөлөөнд автаж хэрэгжихгүй явсаар 2023 онтой золгосон.

Арван жилийн дараа л дахин яригдаж эхэлсэн төслийг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн дахин хөндөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан бөгөөд УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байхдаа Унгар улсын хөнгөлөлттэй зээлээр тус станцыг барьж байгуулахаар гар барин тохиролцож байжээ. 2024 оны гуравдугаар сард яриа хэлцэл нь хийгдэж, дараа ондоо төслийг албан ёсоор эхлүүлж, 2029 он гэхэд барьж ашиглалтад оруулна хэмээж байлаа. Гэтэл төсөл дахиад л улсын төсөв болон хөрөнгө оруулалтын шалтгаанаар хойшилж, гуравдах Засгийн газрынхаа үед ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжихээр болж, алх цохилоо.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу эдийн засгийн үр өгөөжтэй “Байдрагийн усан цахилгаан станц”-ын төслийг хэрэгжүүлнэ. Төсөл нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийг бууруулах юм. Иргэд эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэж, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Говийн бүсэд том усан сан үүсэх нь ээ. Удтал хүлээгдсэн ажил амжилттай эхэлж байгаад баяр хүргэж, амжилт хүсье” хэмээлээ. Түншлэлийн 30 жилийн гэрээгээр хэрэгжих 53.3 сая ам.долларын төсөвт өртөгтэй хэрэгжих Усан цахилгаан станц нь Баянхонгор аймагт баригдсанаар усны сэргээгдэх, хямд эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангагдах боломж бүрдэнэ. “Байдраг” гол болон “Бөөнцагаан” нуурын экологийн тулгамдсан асуудлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой төсөл юм.

 “Луут нуур” хэмээн нэрийдэхээр яригдаж буй хиймэл нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь Монголын нэг жилийн цэвэр усны хэрэгцээ. Нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломжтой болох аж.

““Байдрагийн усан цахилгаан станц” нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай” хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.

Монгол Улс цаашдаа Эрдэнэбүрэн, Эг зэрэг усан цахилгаан станцуудын ажлыг цаг алдахгүй эхлүүлснээр эрчим хүчний хараат байдлаас гарах, сэргээгдэх эрчим хүчний баталгаат эх үүсвэртэй болох олон жилийн мөрөөдлөө ажил хэрэг болгож чадна. Тиймдээ ч “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргаж, Гадаад зээл ашиглалтын тухай хуулиар зохицуулах хуулийг Засгийн газраас УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. Тус төслийг УИХ баталж гэмээнэ төсвийн тааз гэгчид баригдахгүйгээр том төслүүдээ явуулах бидний амбиц ажил хэрэг болох учиртай. Тэр бүхний эхлэл болж “Байдрагийн усан цахилгаан станц” гэх 16 жилийн мөрөөдөл ийнхүү байрнаасаа хөдөллөө.