“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор "Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэжээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахгүй гэдэг байр сууриа Ерөнхий сайд тодорхой илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцлов. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээнд гараад буй АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай мэдээлэл нь ор үндэслэлгүй буюу Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн" гэлээ.
