ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аубакир: Анх байр авч буй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд очергүй хамруулна

O.Admin
2 цагийн өмнө

Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэхдээ "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд очергүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх заалтыг хуульд тусгасан. Гэр бүл салалт нэмэгдэж, төрөлт буурч, гэр бүл бүртгэл өнгөрсөн жилээс 3000-аар буурсан. Хүн амын өсөлт буурч байна. Жилд 80  мянган хүүхэд төрдөг байсан бол энэ тоо 50 мянга руу орж ирлээ. Төрөлт, нас баралтыг харьцуулснаар Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянгаар л нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс төрөөс гэр бүлийн хөгжил, төрөлтийг дэмжих хүрээнд удтал хүлээгдсэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Зарим хуультай нийцүүлж, хэд хэдэн заалтыг хасахаар шийдлээ.

-3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүний ХХОАТ-аас чөлөөлөх заалтыг хаслаа. Засгийн газраас Татварын хуулийн өөрчлөлтөөр бүх иргэний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ХХОАТ-аас чөлөөлөх заалт оруулсан учраас хассан.

-Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, одонгийн мөнгө зэргийг халамжаас гаргаж,  хүн амзүйн бодлогоо дэмжиж буй тэтгэмж гэж өөрчилнө гэлээ.