ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Сандагсүрэн: Сонгинохайрхан дүүрэгт 122 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байна

O.Admin
2019-08-27

БСШУС-ын яамнаас өнгөрөгч долоо хоногт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 93 цэцэрлэг, 48 сургууль ашиглалтад орно гэдгийг мэдэгдсэн юм. Тэгвэл нийслэлийн хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг болох Сонгинохайрхан дүүрэгт өнөө жил хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг гэдгээрээ танай дүүргийн нийгмийн асуудал, бүтээн байгуулалт үргэлж олны анхаарлыг татаж байдаг. 2019 оны хичээлийн жилд хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох бол? 
-Дан ганц сургууль цэцэрлэг ч гэхгүй манай дүүргийн хувьд энэ жил хөрөнгө оруулалт сайн татаж чадлаа. Нийтдээ улсын төсөв болон орон нутгийн 122 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэхээр болж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох чиглэлд чамгүй олон ажил хийгдэж, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Баянхошуу эмнэлгийн өргөтгөлийг барьж байгаа. Мөн иргэдэд үйлчлэх төв шинээр барихаар барилгын ажил өрнөж эхэлсэн. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийг 80 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд 23 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлгээ шийдлээ. Өмнө нь бид жилд ердөө 500 сая төгрөгийг гэрэлтүүлэгт төсөвлөдөг байсан бол энэ жил маш том хөрөнгө татаж, зорьсноо хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван ээлжийн сургуулийг байхгүй болгож, цэцэрлэгийн хүртээмжийг 80 хувь болгоно гэсэн зорилтыг тусгасан. Бид энэ зорилтыг биелүүлэхийн тулд ажиллаж байна. Дүүргийн хувьд хүн ам, шилжилт хөдөлгөөн ихтэй, хүн ам нэмэгдэх хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал орхигдож ирснийг та бүхэн мэдэж байгаа биз. Гэнэт л нэг өдөр бүгд сургууль, цэцэрлэггүй үлдэж байгаа асуудал биш. Олон жил шийдэхгүй байсны үр нөлөө нь гарч байгаа хэрэг. Гэхдээ энэ жил 16 сургуулийн барилгын ажил хийгдэж байгаагаас зургаа нь өргөтгөлийн ажил, дөрвөн сургууль шинээр ашиглалтад оруулж байгаа юм.

-Нэг үгээр хэлбэл, гурван ээлжээр хичээллэх асуудлыг бүрэн шийдлээ гэж дүгнэж болох уу?
-Тэгж хэлж болно. Гэхдээ 3-4 сургуулийн гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Тиймээс хувийн хэвшлийн сургуулийн байшинг түрээслэх, өөр боломжтой байршлыг судалж эхэлсэн. Ямар ч гэсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан гурван ээлжээр хичээллэхийг бүрэн арилгахаар зорьж байна. Өмнө хэлсэнчлэн, өнөө жил нийт 16 сургуулийн барилга /өргөтгөл/ баригдахаас 2019 онд ашиглалтад орох зургаан сургуулийн барилгын өргөтгөл /9, 62, 106, 107, 122, Ирээдүй I бага сургууль/, шинээр ашиглалтад орох дөрвөн сургуулийн барилга /23, 25, 26, 32-р хороодод/ баригдаж байгаа. Бусад зургаан хороо тус бүрт 2020 он гэхэд зургаан сургууль ашиглалтад оруулахаар барилгын ажил үргэлжилж байгаа. Цэцэрлэгийн тухайд 22 цэцэрлэгийн өргөтгөл, барилга шинээр баригдлаа. Энэ жилдээ тав нь ашиглалтад орно. Бусад нь он дамжиж ашиглалтад орно гэсэн мэдээллийг гүйцэтгэгч компаниуд өгсөн. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сард багтааж ашиглалтад оруулахаар хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн ажлыг яаравчлах үүрэг өгсөн. 

-Танай дүүрэгт хэд хэдэн хороодыг шинээр байгуулсан. Ажил цэгцэрсэн үү? 
-Иргэдийн тухайд тун талархалтай хүлээж авсан шүү. Цэгцлэх ажил байлгүй яахав. Нэг хороог хоёр хуваахаар эмнэлэг тусад нь байгуулах, тоног төхөөрөмжтэй болгох гэх мэтээр асуудал олон бий. 

Б.Эрхэс