"Херо" Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үндэслэлээр ТЕГ-аас өнгөрсөн гуравдугаар сараас хойш шалгаж буй. Өнөөдөр ТЕГ-аас баривчилж, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүх уг хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна. Тэгвэл энэ асуудлаар түүний ойрын хүрээллийнхэн мэдэгдэл хийж эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Өнөөдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр 12.00 цагийн үед найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь Тагнуулын 10-аад залуус машиндаа суулган авч явжээ. Түүнийг өчигдрийн иргэдийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Жагсаалд идэвхтэй оролцсон нэг залуу МОНГОЛ ХААН жүжгийн брэнд логотой малгай өмссөн учир жагсаалыг Б.Баатар зохион байгуулсан гэж үзжээ.
Цагийн дараа буюу өнөөдрийн 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Энэ хурал өчигдөр болох байсан ч өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм. Б.Баатар 3 цагийн дотор өмгөөлөгчтэй болж амжсан эсэх нь тодорхойгүй байна. Түүнд хилийн хориг тавьснаас МОНГОЛ ХААН жүжгийн Москва болон Турк, Европт тоглох олон уулзалтууд цуцлагджээ" хэмээлээ.