Малчдын амьдралын шинэ хандлагыг илэрхийлэх реалити шоу ням гараг бүр үзэгчдийн хүртээл болно

O.Admin
1 цагийн өмнө

“Шинэ цагийн малчин” төслийг Монгол орон даяар эхлүүлж буйгаа зарлаж, төслийн зохион байгуулагчид, шүүгчид, панелистууд өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын Баянзүрх танхимд хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад малчдын амьдралд орлого бодитоор орох, амьдралын чанарт нөлөөлөх энэхүү эерэг төсөл нь малчдын амьдралд шинэ хандлага, шинэ өнгө төрхийг илэрхийлнэ гэдгийг тус төслийн санаачлагч, “МИМО” брэндийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Алдарт уяач, Монгол Улсын аварга тариаланч Б.Батсанаа онцоллоо.

Төслийн нэвтрүүлэг ням гараг бүрийн 19.30 цагаас “NTV” болон “Малчин” телевизээр монголчуудын хүртээл болох бөгөөд Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Булган аймгийн Хишиг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Сант, Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумаас нийт найман малчин оролцох нь ээ. Нэвтрүүлэг 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ням гараг бүр цацагдах бөгөөд хөтлөгчөөр "Miss World" тэмцээний Монгол дахь төлөөлөгч, шүүгч, хөтлөгч Ч.Энхжаргал, дуучин Б.Батцэцэглэн нар ажиллах бол шүүгчээр төслийн санаачлагч Б.Батсанаа, төслийн технологийн багийн ахлагч Г.Содномсамбуу, ХААИС-ийн магистр, докторантур, малзүйч А.Отгонжаргал нар тус, тус ажиллах юм.

Харин панелистаар та бидний сайн мэдэх инфлүүсер, уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүн ашиглан хоолны контент бүтээгч “Солонгон аашт” буюу Т.Ананда, Блүфин сүлжээ рестораны үүсгэн байгуулагч П.Ганбат, дуучин Зори буюу С.Зоригтбаатар нар ажиллахаар болжээ.

Нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан МУГЖ Б.Батцэцэглэн “Би бол малчин айлын хүүхэд. Энэ цагийн малчдад ямар асуудал тулгамдаж байгааг биеэрээ мэддэг хүний хувьд энэ шоунд хөтлөгчөөр оролцох саналыг уриалгахан хүлээж авсан. Монголчууд суурин иргэншилтэй болоод цөөхөн он цагийг үдлээ. Харин нүүдэлчин соёл бол хэдэн мянган жилийн түүхтэй.

Энэ үүх түүхээ цааш, цаашдаа авч явсаар байх болно. Гэхдээ зуд, байгалийн гамшигт үзэгдэл ихэссэн нь санаа зовоох асуудал болсон. Цаашдаа нүүдлийн мал аж ахуйгаа хэрхэн хадгалж, хамгаалж явах талаар энэ нэвтрүүлгээр хөндөхийг зорьсон. Зургаан сарын хугацаанд хамтдаа зүтгэж, төслөө та бүхэнд танилцуулаад сууж байгаадаа баяртай байна” гэлээ.

Малчин өрхүүд нийт 300 хургыг нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгч “МИМО” брэндийн тэжээлээр тэжээх бөгөөд дугаар бүрт оноо авах байдлаар өрсөлдөж явах аж. Улмаар сүүлийн дугаар дээр хамгийн зөв зохистой аргаар хургаа тэжээж, эрүүл агаад их жинтэй болгож тэжээж чадсан нэг малчин өрх 100 сая төгрөгөөр шагнуулах бол хоёрдугаар байр 30 сая, гуравдугаар байрын эзэн 20 сая төгрөгөөр шагнуулах юм. Мөн нэвтрүүлгийн туршид хургыг тэжээж буй тэжээлийг мөн эдгээр оролцогч малчин өрхүүдэд үнэгүй өгсөн гэлээ.

Төслийн технологийн багийн ахлагч, шүүгч Г.Содномсамбуу “Бид уламжлалт мал аж ахуйг үгүйсгээгүй. Гэхдээ дан ганц бэлчээрийн буюу өвс, давс хужраар тэжээгдэж буй мал нь малчин өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлж, амьдралын шаардлагад нийцэхгүй байгаа учраас технологи нэвтрүүлж, малыг хэрхэн тэжээх вэ, малд ямар тэжээл өгөх вэ гэдгийг төгс хослуулсан тусгай найрлагатай тэжээл юм.

Энэ тэжээл нь Монголын бэлчээрт ургаж буй өвс ургамлаас гадна кальци, фосфор, селен зэрэг микро, макро элементүүдийг агуулсан тэжээл юм. Малын тарга тэвээрэг сайжирч, мах, сүүний гарц нэмэгдэх давуу талтай. Бид 300 гэдэг тоог яагаад авсан бэ гэхээр нэг малчин өрх дунджаар 250-300 толгой малтай байдаг учраас нийт малчин өрхийн дундаж тоо юм. Нэг хурганы тэжээл дунджаар 60 мянга орчим болдог. Тухайн малчин энэхүү тэжээлээр богино хугацаанд малаа тэжээж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулахад 100-120 сая төгрөгийн ашиг олох боломжтой” гэлээ.

Бэлчээрийн даац хэтэрсэн энэ цаг үед ямар байдлаар эрчимжсэн мал аж ахуй руу шилжих гарц байна вэ гэдгийг энэхүү нэвтрүүлгээр бүрэн харуулах ажээ.

“Нэг хонийг багадаа 3 жил тэжээж, хариулж байж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Гэтэл "МИМО" тэжээлээр тэжээсэн хурга ердөө 3-6 сарын хугацаанд тарга тэвээрэг авч, эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болж байгааг нүдээр харлаа. Сүү, махны гарц ч итгэмээргүй нэмэгдсэн байсан. Миний хийж буй баримтад кинотой утга санааны хувьд холбогдсон нэвтрүүлэг байсан учраас панелистаар оролцох хүсэлтийг хүлээн авсан. Ямар гоё үндэсний контент бүтээснийг та бүхэн хүлээн авч үзээрэй” хэмээн панелист Т.Ананда онцоллоо. Нэвтрүүлэг цаашдаа хоёр, гуравдугаар улирлынх гэх байдлаар нийт 21 аймгийг хамрах байдлаар явагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.