ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Болор-Эрдэнэ: Цахилгааны тариф 16 хувиар нэмэгдсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-02

Цахилгааны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

-Цахилгааны үнэ мэдэгдэхүйц нэмэгдлээ гэж иргэд бухимдах бол­лоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сүүлийн үед  ахуйн хэрэглэгчийн буюу айл өрхийн тарифыг 130-270 төгрөг болгосон хэмээн ташаа мэдээлэл гарах боллоо. Хэрэг­лэгчид ч эдгээр ташаа мэдээлэлтэй холбоотой бухимдаж байгаа. Тариф их хэмжээгээр нэмэг­дээ­гүй, нэмэгдсэн ч ийм их хэм­жээгээр нэмдэггүй гэдгийг хэлмээр  байна. Хэрэглэгчид бодит мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны веб сайт,  харъяа цахилгаан түгээх сүлжээ компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөс авч, төлбөрөө хянаарай гэж хүсмээр байна. 

-Цахилгааны үнэ яг хэдэн хувиар нэмэгдсэн юм бол. Цаашид нэмэгдэх үү?

-Дунджаар 16 орчим хувийн өөрчлөлт орсон.  Улсын дунджаар нэг айл  өрх 220 квт цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Мөнгөн  дүнгээр тооцоход 30 гаруй мянган төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг 16 хувийн нэмэгдэлтэй нь тооцвол 4000 орчим төгрөгийн өсөлт гарч байгаа юм. Зарим хэрэглэгчид 20 мянган төгрөг гардаг байсан нь 50 мянган төгрөг болчихлоо гэх мэтээр ярьж байна.Энэ бол  тариф нэмэгдсэн хэрэг биш шүү дээ. Тухайн айлын хэрэглээ нэмэгдсэн ч байж болно. Цаашид  хэрэглэгчийн тарифт ямар нэгэн өөрчлөлт орохгүй.

-Хэрэглэгчийн тариф нэмэгдэх болсон шалгаан нь юу вэ?

-2015 оноос хойш хэрэглэгчийн тарифт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Энэ дөрвөн жилийн хугацаанд нөлөөлөх хүчин зүйл  их гарсан. Нэгдүгээрт,  зардалтай холбоотой. Нүүрсний үнэ 40 хувиар, тээвэр 10 орчим хувиар нэмэгдсэн. Мөн Мазут гэдэг станцын түлш, туслах материалын үнэ ч нэмэгдэж 32 орчим хувиар өссөн шүү дээ. Дээрээс нь гадаад валютын ханш 33 орчим хувиар нэмэгдсэн байдалтай байна. Мөн үйлдвэрлэгчийн хэрэглээний үнийн индекс, бараа бүтээгдэхүүний үнэ 15 орчим, ашиглалтын ус 21, импортын цахилгааны үнэ 32  хувиар тус тус, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэх мэтээр нөлөөлсөн. Дараагийн нэг гол нөлөөлөх хүчин зүйл нь хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж бий. Энэ нь хуулиар тогтоогдсон  бөгөөд 2017 онд  батлагдсан байдаг. Харин 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орсон. Хуучин хуульд нар, салхины станцуудыг доллароор батлаад өгчихсөн. Тэр нь, нарны станцаас нийлүүлээд үйлдвэрлэх үнэ нь 15-18 цент буюу 400-480 төгрөг байгаа юм. Гэтэл өнөөдөр бид  хэрэглэгчдэд 2018 оны жилийн эцэст 150 төгрөгөөр л борлуулж байна. Бараг гурав дахин  бага байгаа биз. Салхи гэхэд 8-9.5 цент байгаа. Бас л ялгаагүй хоёр дахин үнэтэй байгаа юм. Тэгэхээр хуучин хууль мөрдөж байх хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний салхины гурван станц, нарны таван станц ашиглалтад орсон. Өнөөдөр системийн суурилуулсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байна. Ийм нөхцөл, шаардлагын улмаас нэмэгдсэн боловч иргэдийн амьдралд ачаалал өгөх хэмжээнд аваачихгүй. 

-Ийм их ачаалалтай байсан юм бол яагаад цахилгааны суурь үнэд  өөрчлөлт ороогүй вэ? 

-Дотоод нөөц бололцоогоо ашигласан. Мэдээж хэрэглэгчийн үнийн тарифыг нэмэхэд  хүндрэл учирах тул дотоод импортын цахилгаан эрчим хүчийг буулгах, үйл ажил­ла­гаа­ны зардалдаа хэм­нэлт гаргах, техникийн дам­жуу­лалт, түгээлтийн алдагд­лийг бууруулах, түлшний зардлын хэмнэлт гаргах зэргээр бүхий л шатны арга хэмжээг авсан. Гэсэн хэдий ч сүүлийн үед  өр төлбөр маш их хэмжээгээр өслөө. Тиймээс цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх, дам­жуу­лах түгээх зэргээр бүх  компаниудаас тарифт хөдөл­гөөн хийх шаард­лагуудыг 2017, 2018 онуудад байнга тавьсан. 

-Иргэдийн цахилгаан  хэрэглэж буй бодит өртөг бага гэдэг. Хэр  их хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг юм бол?

-Ахуйн хэрэглэгчид өөрс­дөө бодит өртгөөс доогуур цахилгаан, эрчим хүч хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид 30 гаруй хувийн хөнгөлөлттэй тариф мөрдөж байгаа гэсэн үг. Тухайлбал, 150 квт –ын  цахилгаан  хэрэглэвэл 134 төгрөгөөр, 151-ээс дээш  квт цахилгаан хэрэглэвэл 154 төгрөгөөр тооцож байгаа. 2018 онд л гэхэд ахуй хэрэглэгчид сард дунджаар 9000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн үг. Жилээр авч үзэхэд 100 гаруй мянган төгрөг хэмнэж байгаа юм. Улсын хэмжээнд  авч үзэхэд,  600 гаруй мянган айл өрхөд 63 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Тэгэ­хээр тариф өөрчлөгдсөн ч хөнгөлөлттэй үнээр цахилгаанаа хэрэглэж байгаа шүү дээ. 

-Эмзэг бүлгийн хэрэг­лэгч­дийн тарифын тухайд? 

-Эмзэг бүлгийн хэрэглэгч­дийн тариф нь  бодит өртгөөс бараг 2-3 дахин доогуур бай­гаа. 100 квт цаг хүртэлх хэрэг­лээнд 84 төгрөг, 100-аас дээш хэрэглээнд 105 төгрөгөөр тооцож байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын  хувьд бодит өртөгтэй ойролцоо байдаг. 

-Зарим иргэдийн дунд нэг гомдол байдаг. Хэсэг хуга­цаанд тогны мөн­гө 30 орчим  мянган төг­рөг гар­чихсан хэрнээ, цахил­гааны хэрэглээгээ багас­гахад  дахиад л тэр үнээрээ цахил­­гааны төлбөр гарсан байдаг гэж. Цаанаасаа тогтоочихсон байдаг гэх мэтээр, ялангуяа гэр хороол­лын  айлуудад энэ асуудал их үүсдэг шүү дээ?

-Тийм гомдол байдаг л даа. Гэхдээ хэрэглэгчдийн төлбөр тооцоо хийж байгаа гол зүйл нь тоолуур. Улаанбаатар хотын хувьд 96 орчим хувь нь тарифт тоолуур ашигладаг. Хэрэглэгчид тоолуурын нэгдсэн  шийдтэй учир ямар нэгэн  асуудал байхгүй. Тухайн тоолуурын заалтыг Цахилгаан түгээх сүлжээ сар бүр авч байгаа. Хэрвээ ийм асуудал гарсан бол харьяа цахилгаан түгээх сүлжээ компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д  очоод  хэрэглээ,  тоолуураа хянах бүрэн боломжтой. Хэрвээ тэгж гарвал  тухайн хэрэглэгчийн тоолуурт асуудал үүссэн байна гэж ойлгох хэрэгтэй. 

-Агаарын бохирдлыг буу­руулах ажлын хүрээнд өв­лийн улиралд  цахил­гааны шөнийн  тарифыг  тэглэх шийдвэр гарсан байдаг. Хугацааг нь аравдугаар сараас тавдугаар сар хүртэл тэглэх боломж бий юу?

-Гэр хорооллын шөнийн тарифыг 2017 оны нэгдүгээр сараас өөрчилсөн байдаг. Энэ шийдвэр Засгийн газрын тогтоолоор гарсан. Тогтоолд Улаанбаатар хотод  амьдарч буй гэр хорооллын хэрэглэгчид шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 100 хувь,  аймгийн төв болоод 10 мянгаас дээш  хүн  амтай сум суурин газарт 50 хувиар хөнгөлөгдөж байгаа юм. 2018 оны арваннэгдүгээр сарын  нэгнээс 2019 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэлх  хугацаанд 11 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Гэр хорооллын  хэрэглэгчдэд  хөнгөлөлт үзүүлэхийн тулд шугам, сүлжээ техникийн  хүчин  чадлыг их хэмжээгээр нэмэгдүүлж, ашиглаж байгаа. Хугацаанд  өөрчлөлт оруулах  тухайд бол, Засгийн газрын шийдвэрийг мөрдөөд  явж байгаа. Ер нь эрчим хүчний системийн ачааллыг  аваад үзэхэд,  хугацааг сунгах боломж хомс. Маш хүндрэлтэй. Яагаад гэвэл,  манай улсын  иргэдийн  цахилгааны хэрэглээ 17-22 цагийн хооронд хамгийн өндөр байдаг. Шөнийн ачаал­лаас  2-3 дахин  өндөр хэрэг­лээтэй гэж үздэг. Дахиад хөнгөлөөд хугацааг  нэмэхэд хэрэг­лээгээ дийлэхгүй байх нөхцөл  үүснэ. Өөрөөр хэлбэл, тех­никийн талаас маш  хүнд­рэл­тэй асуудал үүснэ гэж ойлгох хэрэгтэй.