ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охин минь ээждээ битгий гомдоорой

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

Урьдын л адил өнөөдөр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөв. Өдөр бүр гардаг цагтаа гарч, нөгөө л замаараа харанхуйд бүдчин алхсаар түүнийгээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Нэг ч хүүхэд ирээгүй хоосон цэцэрлэгт, цоожтой ангийнхаа хаалганы гадна зузаан хүрмээ элгэндээ тэврээд тэр минь хоцров.

Энэ удаад яагаад ч юм дургүйцсэнгүй. Магадгүй өдөр бүр цэцэрлэгийн гадна хаалга онгойв уу үгүй юу очиж, багшийгаа ирэхийг хүлээн цоожтой хаалга сахисаар түүндээ өөрөө ч мэдэлгүй дасчихсан байх. Би ч “Миний охин том болсон. Өөрөө хувцсаа сольж, багшийгаа хүлээдэг” болсон гэх улиг болсон өнөө үгээ хэлээд духан дээр нь үнслээ. Ээжийнх нь хэлсэн үг зориг оруулдаг ч юм уу ердөө гурван тохой өндөртэй үр минь “Амжилт, ээжээ” гэж хэлээд инээмсэглэн ангийнхаа хаалга руу явсан.

Би ч их чухал ажилтай хүн гарах хаалга руу яаран зүглэлээ. Багш нь хэзээ ирдэг, миний охин тэнд хэр удаан зогсдогийг би мэдэхгүй. Гэхдээ цэцэрлэгийн жижүүр багш, харуулын ярьж буйгаар тэр минь их “онц” гэсэн. Багшийгаа иртэл ангийнхаа хаалганаас алхам ч холдолгүй хүлээдэг гэнэ лээ. Харин ээж нь цэцэрлэгт их алдартай болжээ. Намайг ормогц “Охиноо орхидог ээж” гэж жижүүр багш шивнэхийг бодоход намайг тэд хэдийнэ таньдаг болсон бололтой.

Тэдний ярих ч яах вэ, харин охин минь чи надад гомддог уу. Бусад хүүхдүүд хамгийн эртдээ 08.00 цагт цэцэрлэгтээ очдог бол миний охин л ганцаараа 07.30 цагт очиж, багшийгаа хүлээсээр үлддэг. Аав нь хаа байсан шар хадны эмнэлэгт сурч байгаа болохоор 07.00 цагт гэрээсээ гарахгүй бол болохгүй. Харин ээж нь ажлаасаа хоцрохгүй гээд л чамайгаа тийм эрт цэцэрлэгт чинь хүргэж өгдөг юм шүү. Аминаас тасарсан амь, биенээс минь салаалсан биехэн минь.

Чи минь ээжийгээ ойлгодог болохоороо нэг ч удаа гомдоллодоггүй байх. Өглөө дуудах бүрт нойроо харамлалгүй сэрж, гарнаас чаргуулдан уйлдаггүй байх. Тийм их хайрласаар байхад чинь улам даварч, төдийлөн их цаг гаргаж чаддаггүйд уучлаарай. Ганц амралтын өдрөө ч чамдаа олигтойхон зориулчихаж чаддаггүй олхиогүй ээжийгээ үр минь өршөөгөөрэй. Сэтгүүлчийн ажил гэдэг цаг наргүй. Ямар ч байсан хувийн амьдрал олон нийтийн эрх ашиг, мэдэх эрхээс хойш тавигддаг гэдгийг чи минь том болохоороо ойлгох байх.

Болдог бол чамайгаа хангалттай унтуулж, бусад хүүхдийн очдог цагт цэцэрлэгт нь хүргэж, цайг чинь бэлдэх сэн. Гэхдээ ээж нь тэгээд суучихвал муу аав чинь зовно. Түм түжигнэсэн нийслэл хотод зэрэг ажиллахгүйгээр тэсэхэд бэрх. Тэгэхдээ гурвуулаа алзахгүй ээ. Миний охин ухаантай, сэргэлэн юм чинь. Харин өөрийг чинь тоохгүй байна гэж ээждээ л битгий гомдоорой. Чамтайгаа сэтгэлээрээ, хүйгээрээ, зүрхээрээ хамт байдаг юм шүү, ээж нь.