ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамгийн өндөрт гялалзах эгэл хүн бүхэнд би хайртай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-26


2019.09.23: “С1” телевизийн эфирээр “60 тэрбум”-ын Ц.Сандуй ярилцлага өгч байна. Ташуур барьсан хархүү тун ч шударга үнэний дүрээр ярив. “Би ичиж байна, уучлалт гуйна” гэлээ. Маргааш нь соошл сүлжээгээр дүүрэн түүний тухай постууд. Тэр чигээрээ бухимдал, уур, хар хорын атаа жөтөө нэвт үнэртэнэ.

2019.09.24: “NTV” телевизийн эфирээр БНХАУ-ын Хөх хот дахь Монголын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ ярилцлага өгөв.  Жип машин хил дамнуулан наймаалж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон энэ залуу тун ч пээдгэр суух юм. Ямархуу ёсзүйгүй “атаман” дипломат албанд шургасан байснаа харуулав. Дахиад л соошл орчинд шүүмжлэл өрнөж, нийгэм даяараа стресс, бухимдлаар дүүрлээ.

2019.09.25: Шинэ өглөө эхэлжээ. Өнөөдөр хэн нь монголчуудыг талцуулсан бол хэмээн халгасаар оров. Гэтэл нүүр номын хуудсаа дөнгөж нээгээд орохтой зэрэгцэн, эгэл жирийн авьяаслаг дөрвөн залуу алс холын АНУ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй сайхан мэдээ угтах нь тэр. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu”  хамтлагийн “Gereg” нэртэй анхны бие даасан цомог “Billboard”-ыг тэргүүлжээ. Өмнөд солонгосын зах зээлд зөвхөн дуу хөгжмөөрөө тэрбум, тэрбумын хөрөнгө оруулалт татдаг “BTS World” хамтлагийн өмнө гишгэж чадав. Энэ өдөр хэчнээн сайхан байсан гэж санана. Соошл орчноор дүүрэн дөрвөн залуугаар бахархсан хү­мүү­сийн пост. Баяр бахдал, бахар­хал омогшил дүүрчээ. Гоё өдөр вэ...

...Эдгээр жишээг яагаад онцлохыг хүссэнийг уншигч та гадарлаж эхэлсэн байлгүй. Гуравхан өдөрт өрнөсөн эдгээр үйл явдлыг ажиглахад “нийгмийн шаар шавхруу” болсон хулгайч, худалч нь орой бүр цэнхэр дэлгэцээр биднийг бухимдуулж байна. Хулгай хийснээ гавьяа мэтээр ярьдаг, нам дагасан хурган дарга нар л цөөхөн хэдхэн монголчуудын талцал хуваагдлын шалтгаан болдог ажээ. Нийт нийгмээрээ бухимдах, уурлах шалтгаан дандаа тэднээс эхлэлтэй юм гэдгийг долоо хоногийн эхний гурван өдөр өрнөсөн үйл явдлаас уншигч та ойлгосон байх. Ийм зүйлийг өөгшүүлж, тэдэнд үнэт цагаа зориулан бухимдан суугаа монголчуудыг харин уран бүтээлээрээ нэгдсэн дөрвөн залуу баярлуулж, бахархуулж, омогшууллаа. Жирийнээс жирийн, чимээгүйхэн хөдөлмөрлөж яваа хүн бүхэн нийгэмд гэрэл гэгээ түгээдэг гэдгийг харуулсан хамгийн тод жишээ болов, тэд.

Улс төрийн сонгуулиас болж таван залуугаа буу­дан хө­нөөж, нэг намын­хаа байрыг гал­­дан ша­таа­­чих­сан цөвүүн цагт Н.Түвшин­баяр аварга олимпын ал­тан медаль авч, эх орноо, элгэн түмнээ нэгтгэж байсан тэр сайхан цаг үе эрхгүй санаад орж, залуусаар омогших сэтгэл төрж сууна. Монголчуудыг улстөрчид, тэднийг дагасан хурган дарга нар хэзээ ч баярлуулахгүй ээ. Хэчнээн шударга дүртэй байгаад ч хулгайч гэдгээ л өдөр бүхэн цахим орчноор, орой бүхэн цэнхэр дэлгэцээр харуулж байгаа, тэд чинь. Эх орон, элгэн түмнийхээ төлөө хэзээ ч чин сэтгэл гаргахгүй. Гаргахыг нь хүлээгээд ч хэрэггүй. Харин хагалан бутаргаж, хуваан талцуулж байдаг гэдгээ өдөр бүхэн үгээрээ, үйлдлээрээ харуулсаар л. Монголын нийгэм сайхан мэдээгээр үргэлж цангаж байдгийг, сайн сайхан зүйл саараасаа илүү хүчтэй болсныг, монголчууд нэгдэж нийлэхээрээ ямар хүчирхэг гэдгийг ийм муухай хоёр мэдээний араас тийм сайхнаар харуулж чадсан “The Hu” хамтлагийнханд баярлалаа.

Нийгэмд гэгээг түгээдэг эгэл хөдөлмөрч монгол хүн бүхэнд баярлалаа. Амьдрал хэчнээн сайхан, эх орон минь ямархан үзэсгэлэнтэй, тэнд амьдардаг хүн бүхэн яасан азтайг өдөр бүхэн цаг тутам биш ч яг л ийм муухай цаг үед мэдрүүлж байдаг олон, олон хөдөлмөрч монголчууддаа хайртай шүү. Бид цөөхүүлээ шүү дээ. Гэвч дэлхийн дэвжээ бидэнд багадахгүй, тэнд цөөдөхгүй гэдгийг харуулж байгаа монгол хүнээ үдэш бүхэн цэнхэр дэлгэцээр харахыг хүсч байна, би. Амжилт бүхнээр нь бахархдаг жирийн үзэгчийн хувиар ингэж уриалахыг хүслээ. Дэлхийн шилдэг кинонд дүр бүтээж яваа сайхан монгол бүсгүйгээр, тив дэлхийг байлдан дагуулж яваа дөрвөн залуугаараа, ОХУ-ын шоу нэвтрүүлэгт гоц оюун ухаанаа гайхуулсан аав, охин хоёроор, Британийн шоу нэвтрүүлгийн тайзнаа монгол эр хүний эр бяр, хүч тэнхээг гайхуулж буй сайхан монгол залуугаар бахархмаар байна.

Тэднийгээ сурталчилъя, нийтэд түгээе. Тэдний амжилт бүрээр огшиж, нийгмийн сүлжээгээ гэгээн болгоё, монголчууд аа. Таны хажууд, танд ойрхон байгаа сайн сайхныг эхлээд олж хараарай. Сайн хүмүүсийг сурталчлан таниулъя, бүгдээрээ. Монголын нийгэмд Ц.Сандуй шиг хэн нэгэн од болох ёсгүй юм шүү. Д.Мөнх-Эрдэнэ шиг залууст багтах орон зай олдох ёсгүй юм. Харин “The Hu”-гээр бид давалгаалж, тэднээр аархаж, тийм гоё зүйлийг нүүр номондоо өдөр бүхэн оруулдагсан бол хэчнээн сайхан гээч. Өдөр бүхэн сайхныг уншиж, сонсож, өглөө бүр монгол хүн гэдгээрээ омогшиж сэрэхсэн. Өчигдөр яг л тийм өдөр байлаа. Нисмээр, дуулмаар, нэг их чанга дуугаар “Би монгол хүн” гэж омог бардам хэлмээр санагдав. Би Монгол Улсдаа, монгол хүн бүхэнд хайртай. Тэр тусмаа чимээгүй хөдөлмөрлөж, хамгийн өндөрт гялалзах эгэл хүн бүхэнд би хайртай. Хамтдаа хайрлацгаая.