ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эцэг, эхийнхээ алдааг үр хүүхэд нь үүрдэггүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-30

Монгол Улсын Ерөнхий­лөгч Х.Баттулгын охин Б.Намуун 14 аймаг, нийс­лэлийн зургаан дүүргийн автомашингүй өрхийн эмнэл­гүүдэд түргэн туслам­жийн автомашин гардуулж өгсөн мэдээ олны чихийг сортойлгов. Залуу бүсгүй шинэ оны өмнөхөн өөрийн нэрээр нэрлэсэн “Намуун сан” байгуулснаа зарлаж, хүүхэд хамгааллын чиглэлд хандив босгох үдэшлэгийг хотоос гадна “Тэрэлж” зочид буудалд зохион байгуулж байсныг уншигч та санаж буй биз. 

Аль ч улсын төрийн тэргүүн, дарга цэргийн хүүхдүүдийн хийдэг л ажил. Бизнес, улс төрд амжилт гаргаж буй хэн бүхэн олсон мөнгөнөөсөө илүү гаргаж, бусдын сайн сайхны төлөө зарцуулна гэдэг хамгийн зөв жишиг, зөв соёл. Тэр бусдын халааснаас хулгай хийсэнгүй. Өөрөө хандивын үдэшлэг зохион байгуулж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг шат дараатай явуулан санхүүжилт босгосноо сайн үйлсэд зориулсныг нь нийгэм даяараа байж боломгүй зүйл гэх мэтээр шүүмжлэх нь тэр. “Ерөнхийлөгчийн охин ядарсан ард түмнийг доромжиллоо. 

Тэр улс төрд хүч үзэх гэж бэлтгэлээ хангаж байна” гэж шуугив. Түүнчлэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ мөн л өөрийн сонгогдсон Баянзүрх дүүр­гийн нэгдсэн эмнэлгүүдэд ор тараасныг нь олон нийт бас л доромжлол, ядарсан ард түмнээ авлигадаж байгаа үйлдэл гэж хүлээн авчээ. “Улс төрд орж ирэхийн тулд сайн үйлсийн аян хийлээ, өөрийгөө пиардах арга” гэх мэтээр харлуулав. Гэвч, Э.Эрдэнийг мэдэх хүмүүс нь тийм үнэлэлт өгдөггүй юм билээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эгэл жирийн бүсгүйтэй гэр бүл зохиож, улс төрд ч өөрийн мэдлэг, мөнчгөрөөр амжилт гаргах гэж зүтгэж яваа гэдгийг нь хэлдэг. УИХ-ын дарга асан М.Энхболдын охиныг ч НИТХ-д өрсөлдөхөд нь үгийн муухайгаар хэлж, элдвийн цол хоч өгч, “матарлаж” байсныг санаж байна. Бараг л “Баян учраас ийм тарган байгаа юм. Эцгийнхээ олж ирсэн мөнгийг идсээр байгаад бүдүүрсэн” гэх мэтээр доромжлов. Бид яагаад ийм муухай зантай болчихсон юм бэ. Хүн эцэг эхээ хэзээ ч сонгож төрдөггүй. Аав нь муу нэртэй, муухай данстай байлаа гээд хүүхэд нь бас тийм гэсэн үг биш. Тэгээд ч эдгээр залуус бүгд өөр, өөрсдийн хэмжээнд өндөр боловсрол эзэмшсэн.

Тэдний мэдлэг чадвар, сурсан зүйл эх оронд маань хэрэгтэй. Эцгийн мөнгийг идээд гадаадад гараад амьдарсангүй. Улсынхаа хөгжилд зориулъя гээд сэтгэл гаргаад явж байгаа үйлдэл гэж хардаг. Хүн амьдрахын тулд хөдөлмөрлөж л таарна. Улстөрчийн хүүхэд гэхээр л ажил хийхгүй, аав ээжээрээ тэжээлгэх ёстой гэсэн хууль энэ улсад байхгүй. Төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн тогтсон дэг журам, тогтоол шийдвэр ч бас алга байгаа. Сурсан мэдсэнээ улс орондоо зориулж, олсон мөнгөнөөсөө бусдад илүүчлээд явах нь юуных нь буруу байх билээ. Ерөөс Монголд л ийм хачин бичигдээгүй хууль хэрэгжиж, нийт нийгмээрээ даргын хүүхдийг үзэн яддаг сэтгэлгээтэй болчихсон байх юм. Сайд, дарга аавынхаа нэрийг худалдаж идэхгүй өмнөх ажлаа нэр төртэйгөөр хийгээд явж байгаа олон мундаг залуус бий.

Төгсөж ирсэн мэргэжлээрээ л төрийн албанд ажиллаж байгаа. Хурган баяны хүү шиг дэд сайдын суудлыг худалдаад авчихсангүй. Эсвэл төрийн албаны шат дамжлагыг алгасаж, дарга цэрэг болсонгүй. Угтаа бүтээн босгоё, хийж, хэрэгжүүлье хэмээн зүтгээд явж байгаа “даргын хүүхэд” гэх цол гуншинтай мундаг залуус олныг нэрлэж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн охин Байгаль орчны яаманд аялал жуулчлал хариуцсан хэлтсийг ахлан ажилладаг. Энэ бүсгүй эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа ямархуу чин шударгаар ажилладаг вэ гэдгийг салбарынхан нь үргэлж магтдаг, хир ч халдаадаггүй юм билээ. Тэр бүсгүй сайд, гишүүн ээжтэй гээд тодорч гүйсэнгүй. Албан тушаалаараа эрдсэнгүй. Бидний бараг дийлэнх олонхи нь түүнийг танихгүй.

Ингэж ч чимээгүйгээр хөдөлмөрлөж, ажилдаа сэтгэл зүрхээ зориулаад явж байна. Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболдын хүүг БНСУ-д суух Монголын Элчин сайдын яаманд ажилладаг гэж бас л бөөн шуугиан дэгдэж байлаа. Гэвч тэр залуу бас л мэргэжлээрээ буюу гадаад харилцааны чиглэлээр 10 гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж, төрийн албаны мерит зарчмаар дэвшээд Элчин сайдын яаманд ажиллахаар томилолт аваад явжээ. “Бяруу болоогүй атлаа бухын баасаар баана” гэгчээр би улстөрч болно гэж давхисангүй. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүү мөн л төрийн албанд ажлаа хийгээд чимээгүйхэн явж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах гэж олон жил “адлуулсан” Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг танихгүй хүн энэ салбарт байхгүй.

Жинхэнэ “төрийн хар хүн” гэж түүнийг салбарынхан нь өмгөөлдөг. Төдийгөөс өдийг хүртэл нэг чиг шугамаар ажилдаа хандаж, энэ салбарын өнгөтэй, өөдтэй явуулахад хүчин чармайлт гаргаж ирснийг нь манай хэвлэлийн салбарынхан ч мэднэ. Ж.Бат-Эрдэнээс илүү гарах төрийн нарийн бичгийг хайгаад ч олохгүй биз. Гагцхүү шахаасны албан тушаалд оччихоод хэл мэдэхгүй, бүр компьютер ойлгохгүй, гишүүн дүүгээрээ далайлгаад ажил хийхгүй байгаа бол асуудлыг өөрөөр ярьж болно. Нууц амрагаа явуулчихсан байвал бүр ч ондоо асуудал яригдах юм. Гэх мэтээр маш олон жишээг дурдаж болно л доо. Даргын хүүхэд, эсвэл хамаатан садан гэхээр л төрийн албанд ажиллаж болохгүй, бүр дарга байж болохгүй гэсэн хууль байхгүйгээс хойш энэ хүмүүсийг амар тайван орхимоор байх юм.

Ажлаа хэл амгүйхэн хийг. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвд шударгаар ажиллаж буй хөдөлмөрч бүсгүйг хүртэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хамаатан гэдгээр нь ялгаварлан гадуурхаж, нийгмийн сүлжээгээр доромжлох нь зүйд нийцэх асуудал биш юм шүү, монголчууд аа. Бид цөөхүүлээ. Ердөө гуравхан сая хүн амтай. Энэ цөөхөн хүн ам дотор сайд, дарга, гишүүний ах дүү, хамаатан садан хүн олон бий. Тэр бүхнийг ад үзэж, ахынхаа, дүүгийнхээ, аавынхаа дэмжлэгээр ажил хийж байна гэж ад үзээд байх нь хэр зохистой юм. Хүн бүхэн л өнөөдрийн цөвүүн цаг, зах зээлийн нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөн мөнгө олох гэж хичээж яваа. Сайдтай хамаатан байлаа гээд ахиж дэвшихгүй, эсвэл ажил хийхгүй байж болохгүй биз дээ. Нөгөө хүний эрх, ардчилал чинь энэ биш л баймаар.

Даргын хүүхэд бусдад буян үйлдэж болохгүй, нийгмийн амьдралд оролцож болохгүй, улс төрд нэр дэвшиж бүр болохгүй, эсвэл төрийн албанд ажиллаж болохгүй гэсэн хууль гаргачихмаар юм, эсвэл. Харин ч эдгээр залуус бусдын хүүхэд шиг хар тамхи татаж, гэмт хэрэг үйлдсэнгүй. Хүний ёсноос гажууд зүйл үйлдээд явсангүй ажлаа хийгээд л, амьдралаа босгох гээд явж байна. Эцгийн ял зэмээр үр хүүхдийг нь ялладаг, нийгмээс гадуурхдаг ийм заваан зүйлээ одоо больцгооё. Тэд мөнгөөрөө туйлж, эрх мэдлийг худалдаж авсангүй. Эгэл жирийн төрийн албан хаагчидтай адилхан сарын цалингаа аваад ажлаа хийгээд явж байгааг нь харин ч магтах ёстой биз дээ.

Намын шахаасаар дэд сайд, хурган даргын суудлыг худалдаад авчихсангүй. Төрийн албаны шат дамжлагаар хууль ёсоор нь дамжаад ажилдаа амжилт гаргаад яваг. Монгол Улсын төрийн алба, эсвэл улс төрд орь ганцаараа буюу ямар ч ах дүү, хань ижил, найз нөхөд, бүр үр хүүхэд, аав ээжгүй хүн ажилд авна гэсэн хууль гаргах ёстой юм болов уу. Нэр хүнд олох гэсэн улстөржилтдөө улс төрийн намууд нь үр хүүхдээ, хань ижлээ, ах дүүгээ хүртэл татан оролцуулдаг буруу жишиг л ийм байдалд хүргэв. Эцэстээ юу болсныг хар. Тэд хар нөмрөг өмсөж, хар шил зүүж ажиллах уу, эсвэл юу ч хийхгүй гэртээ гараа хумхиад суух уу гэдэг сонголтын өмнө ирж байна.

Зарим нь ажлаа өглөө, амьдралаараа тоглуулж байна. Танил талаа ашигладаг, даргыг хүүхэд дарга болдог гэсэн муухай жишгийг тогтоосон цөөхөн хэдхэн хүнээс болж нийт олноор нь ингэж үзэж ядах болжээ. Улсыг минь хорлочихоогүй, худалдаад идчихээгүй л бол өмнөх ажлаа хийгээд л явж байг. Бидэнд ямар гай тарьсан юм. Олсон мөнгөнөөсөө бусдад буян үйлдэг л дээ. Хэрвээ нэр дэвшээд, улс төрд ороод ирвэл дэмжих, дэмжихгүй нь иргэн таны сонголт. Эцэст нь хэлэхэд, эдгээр залуусын оронд та өөрийгөө тавиад үзээрэй. Таны хүү, охин байсан бол хэрхэх вэ гэж тунгааж бодоод үзнэ биз. Дахиад хэлье, хүн эцэг, эхийгээ сонгож төрдөггүй юм шүү. Эцэг, эхийн алдааг үр хүүхдэд нь нялзааж, тэднийг яллаж, жигших нь ардчилсан нийгэмд лавтай байх ёстой зүйл биш. Энэ бол хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн гутамшигтай үйлдэл.