ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бид татвараа шударгаар төлдөг, харин тэд луйварддаг

А.ОДСҮРЭН
2019-10-11

-Төр эрх мэдэлтнүүдийн луйвардсан завшсан мөнгийг ард иргэдийн эсэргүүцлээс айсандаа, гал  намдаахын тулд л төлж ирснээс өөрцгүй-

 

Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн иргэн, аж ахуйн нэгж, төрд учруулсан хохирлыг төлдөг явдал өмнө нь ч байсан, одоо ч байсаар байна. Төрийн мөнгө ёолохгүй нь сайхан ч, олсон ашгаасаа, цалингаасаа албан журмаар суутгуулсан татварын мөнгөөр маань тоглоод байхад жирийн иргэд, татвар төлөгчид бухимдахгүй гээд яах билээ. Энэ удаа татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэг эрх мэдэлтэн, албан тушаалтны буруугаас төрд учирсан хохирлыг төсвийн мөнгөөр төлсөн хэдхэн жишээг тоймлоё.

Захиргааны хэргийн тухай хуульд “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. Мөн “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож, хохирлыг барагдуулна” гэсэн заалтууд бий. Төрөөс хэн нэгний хохирлыг барагдууллаа ч эргэн төлүүлэх нөхцөл тавих тухай хуулийг 2015 онд УИХ нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг ч хэн нэг эрх мэдэлтэн, албан тушаалтны өдүүлсэн хэргийн хохирлыг төр барагдуулах ёстой гэсэн ганц үг өгүүлбэр байхгүй. Төр эрх мэдэлтнүүдийн луйвардсан завшсан мөнгийг ард иргэдийн эсэргүүцлээс айсандаа, гал  намдаахын тулд л төлж ирснээс өөрцгүй. 

1. 2011 оны зун Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж 350 сая ам.долларын зээлийг БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас авч, нүүрсээ оронд нь өгөх шийдвэрийг Сү.Батболдын Засгийн газар гаргасан юм. Ингэж “Чалко”-гийн гэрээ хийгдэж, Тавантолгой дахь Монголын өр, зээлийн муу түүх үргэлжилсэн. Эх орны хишиг, эрдэнийн хувь хэмээн МАН-ын Засгийн газар “Чалко”-оос авсан 350 сая ам.доллараа 21 мянга, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр бүрэн тарааж дуусгасан. Харин өрийг нь “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани төлсөн бөгөөд зөвхөн хүүнд нь 60 сая ам.доллар төлсөн. Сү.Батболд ямар ч хариуцлага хүлээгээгүй. 

2. “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээлийг авсан. Ингээд үүнийгээ хугацаандаа төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд энэ асуудлаар хандсан.  Стандарт” банк 86.95 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн. “Стандарт” банкны өрийг барагдуулахгүй бол баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийг гуравдагч этгээдэд зарах, эсвэл гадна талд байгаа хөрөнгүүдийг хураахаа мэдэгдсэн тул Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас шилжүүлсэн.  Зээл авах гэрээг хуурамчаар хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар зурж, зээл авах луйврыг би л ганцаараа хийсэн, өөр хэн ч буруугүй хэмээн мэлзэж буй Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн Эрсдлийн санг хохиролгүй болгоно гэхэд хэн ч итгэхгүй. “Эрдэнэт” үйлдвэр л хохироод үлдэнэ. 

3. Татварын төлөгчдийн 340 тэрбум төгрөг “Капитал” банкны дампууралд өртөв.  Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хоёр тэрбум, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг тус банкинд байршиж байв. Тус банкинд 137 тэрбум төгрөгөө “алдсан” Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөө нэхэмжлэв. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 7.6 тэрбум, “Жайка” төслийн 12 тэрбум, нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум болон Хөгжлийн банкны 51 тэрбум төгрөг гээд нийт 400 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. Дампуурлаа зарласан “Капитал” банк түүний хувь эзэмшигч, УИХ-ын гишүүн энэ хохирлыг хэрхэн барагдуулах вэ. Монголд аль нэг банк дампуурахад эрсдлийг нь төр хариуцаж, өрийг нь төлж ирсэн гашуун түүх давтагдах уу.  

4. 2008-2009 онд “Зоос”, “Анод” банкууд төлбөрийн чадваргүй болж, дампуурлаа зарласан бөгөөд мөн л хадгаламж эзэмшигчидтэй холбогдсон 225 тэрбум төгрөгийн зардлыг төр барагдуулж байлаа.  Эдгээр банкуудыг дампуурахад хүргэсэн найдваргүй зээлдэгчид нь хожим УИХ-ын гишүүн болж, зарим нь  бизнесээ өргөжүүлсэн билээ.  “Анод” банкны тухайд нийтдээ 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрөгийн өртэй байгаа гэсэн байна. Энэ зээлийн  103 тэрбумыг нь 100 гаруйхан хүн хувааж авсан тухай тухайн үед “Монголын мэдээ” сонин мэдээлж байсан юм. Нийтдээ 1200 хохирогчийн есөн тэрбум төгрөгийг төр төлсөн юм. Дээрх банкуудыг дампуурахад хамгийн их зээл авч, нөлөөлсөн хүн нь “Монгол газар” компанийн захирал Г.Мянганбаяр гэх боловч тухайн үеийн улстөрч, эрх мэдэлтнүүд зориуд дампууруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. 

5. Сэргээн босголт банкийг байгуулагдсан өдрөөс нь эхлэн дээгүүр, доогуургүй тонож эхэлсэн тухай тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Батбаяр нэгэн нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг. Энэ банкийг дампуурахад Дархан, Сэлэнгийн нэр нөлөө бүхий эрхмүүд оролцсон тухай тэнд дурьдсан байна лээ. Энэ банк ердөө хэдхэн сарын дотор 7.5 тэрбум төгрөгийн найдваргүй зээл тараасан бөгөөд энэ луйврыг Дархан, Сэлэнгийнхэн хийсэн, банкны захирлыг нь шүүхэд өгч, зээл гаргахыг зогсоосон тушаал гаргасан байхад л асар их хэмжээний зээлийг нэмж тараасан тухай юм. Энэ үед байгуулагдаад гуравхан жил болж байсан “Голомт” банк “Сэргээн босголт”-ыг авч, өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөө оруулан шалгалт явуулж, банкийг цөлмөсөн томоохон зээлдэгчдийг зээлээ төлөхийг шаардав. Энэ бол 1999 оны үйл явдал. “Сэргээн босголт”, ХОТШ банкуудын дампуурлыг Монголбанкнаас зарлаж, банкуудын эзэд өөрсдийн хувьцааг салгаж аваад арилж өгөв. Хохирол болох 35 сая ам.долларыг мөн л улсаас төлжээ. 

6. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг мөн л татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн.  Улстөрчид өөрсдөд ашигтайгаар хууль гарган баталж, Хадгаламж зээлийн хоршоодыг үүсгэн байгуулж, иргэдийн мөнгийг маш ихээр угааж, эцэст нь мөн л өөрсдийн дохиураар дампууруулсан түүхтэй. Эцэст нь хоёр гуравхан ХЗХ-ны эзэд шоронд сууж, эд хөрөнгө сэтгэл санаагаараа хохироод л өнгөрсөн. Шүүхийн шийдвэрээр хураагдсан хөрөнгөөр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тоглоод дуусгасан тухай хэвлэлүүд бичиж байлаа. Төрөөс нийт 36,1 тэрбум төгрөгийн өрийг хүлээн авснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 20.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд үлдсэн 15.5 тэрбум төгрөгийн өрийг төр барагдуулжээ. 

7. МАН-ын “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргасан. УИХ-ын 2008 оны сонгуулийг булхай луйврын аргаар явуулсан хэмээн үзэж МАН-ын байрны гадаа жагссан жагсагчдын үймээний үеэр шатсан МАН-ын төв байрыг дахин шинэчлэн барихын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 тэрбумыг авсан хэрэг. Тухайн сонгуульд 45 суудал авсан МАН-ыг сонгуулийн дүнг луйвардсан, саналын тоог будлиантуулсан гэдгээс үүдэлтэй энэ хэрэгт Монголын төр таван иргэнээ буудаж амийг нь хөнөөсөн хэрэгтээ ч улсаас нөхөн олговор олгосон билээ.