УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ баасан гарагт маш чухал, зоригтой шийдвэрийг гаргав. Тэрбээр АТГ-т дуудаж, байцаалт өгчээ. БНСУ-д Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Б.Хурцын талаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн асуудлаар АТГ байцаалт авсан байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцүүлээд УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дэгдсэн албан тушаалын алдарт луйврын төлөвлөгөө болох 60 тэрбумын эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
Гэхдээ тэр зүгээр ч нэг хэлээд, яриад зогсохгүй УИХ-ын дарга М.Энхболдыг алдарт 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудлыг эцэслэтэл өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэх ёстой хэмээсэн юм. Хэрвээ УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдэв. Энэхүү мэдэгдэлд хүмүүс өөр, өөрийн гэсэн өнцгөөс хандаж байгаа боловч, олон нийтийн зүгээс энэхүү шийдвэрийг дэмжиж байгаа юм.
МАН-ын удирдлагуудын төрийн албан хаагчдаас босгохоор төлөвлөсөн 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.Тэгвэл энэ асуудлын хүрээнд төрийн өндөр албан тушаалд очихдоо авлига өгсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр нийт 3000 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудыг АТГ-аас мэдүүлэг авч эхэлсэн гэсэн боловч өнөө хэр нь хэргийн зангилаа тайлагдаагүй.
Тэгвэл энэхүү хэргийг хаах, хэрэгсэхгүй болгох даалгаврыг АТГ-т дээрээс өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл үнэн бололтой. Нэлээд хугацаанд намжмал байдалд байсан тус асуудлаас хариуцлага нэхэх, үнэн мөнийг тогтоохоор залуу улстөрч тэмцлээ эхлүүллээ. Тэмцлээ тэрбээр намынхаа лидер улстөрч, 60 тэрбумын гол дүр гэгдээд байгаа УИХ-ын дарга М.Энхболдоос эхлэхээр шийджээ. Одоо түүнд зөвхөн үр дүн хүлээх л үлдэв.