ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Нийгмийн хамгаалалд төсөвлөсөн 600 тэрбум төгрөг иргэдэд очно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-25

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой 2020 оны төсөв болон нийгмийн хамгааллын бодлогын талаар ярилцлаа.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн хамгаалалд чиглэсэн хэд, хэдэн хууль шинээр хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ний­гэмд нэлээд хүлээлт үүсээд байгаа. Ялангуяа тө­рүүл­сэн хүүхэд бүрийн тоогоор ажил­ласан жил нэмэх, нийгмийн даатгалыг нөхөн төлөх хуулиуд нэлээд хүлээлттэй байна. Энэ талаар цогц мэдээлэл өгөхгүй юу?

-Бид иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой хэд хэдэн чухал зорилтуудыг хэрэгжүүлж байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ. Мөн Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн үйлчилгээний албан хаагчдад төрд олон жил ажилласны нэмэгдэл олгодог болох гэж байгаа. Энэ нэмэгдэлд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэрээс гадна 128 мянган төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах 140 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар болсон. Энэ бол ялангуяа  багш, эмч нарт олгож байгаа цоо шинэ нэмэгдэл юм. Өөрөөр хэлбэл, цалингийн дунджаар 10 орчим хувийн нэмэгдэл олгоно. Үүнээс гадна малчид болон эхчүүдтэй холбоотой хэд хэдэн хууль ирэх оноос шинээр хэрэгжиж эхэлнэ. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулсан хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар есөн мянга орчим малчны тэтгэврийн нас урагшилж, тэтгэврээ тогтоолгоод байгаа юм. Ирэх оноос нийгмийн даатгалаа төлж чадаагүй малчдад нөхөн төлөх боломжийг олгосон хууль хэрэгжиж эхэлнэ.

Ойролцоогоор 250 мянган орчим малчин байгаагийн дөнгөж 20 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Тиймээс эдгээр малчдыг нийгмийн хамгаалалд хамруулах зорилгоор нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг олгож байгаа юм. Бидний тооцооллоор 250 орчим мянган малчин нийгмийн даатгал нөхөн төлж, тэдний 40 мянга нь тэтгэврээ тогтоолгохоор байгаа. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор ялангуяа эхчүүдэд чиглэсэн хэд хэдэн хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор улсад ажилласан жил,  нийгмийн даатгалын шимтгэлийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох хууль хэрэгжинэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн эсвэл албан шаардлагаар төлсөн байд­лаа­саа хамааран жирэмс­ний амралтын тэтгэм­жийг ялгавартай авдаг. Сайн дураар даатгалд хамрагдсан иргэд цалингийнхаа 70 хувьтай тэнцэх тэтгэмж авдаг бол заавал даатгалд хамрагдсан иргэд 100 хувь авдаг. Тиймээс сайн дураар даатгалд хамрагдсан эхчүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар авдаг байх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Мөн гурав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эхчүүдийн нийгмийн даатгал энэ хугацаанд тасалддаг. Хүүхэд төрүүлсэн биш нийгмийн хамгааллаар хохирч байна гэсэн үг шүү дээ. Эдгээр эхчүүдийн хүүхдээ харж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлдөг байх хууль ирэх оноос мөн  хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, заавал даатгалд хамрагдсан ээжүүд хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлнө гэсэн үг. Харин сайн дурын даатгалд хамрагддаг ээжүүд хүүхдээ харж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь өөрөө, 50 хувийг Нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн сангаас төлдөг байхаар хуульчилсан. Даатгалд хамрагддаггүй эх хүүхдээ гурван нас хүртэл харах хугацааны даатгалын 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг нь өөрөө төлдөг байх юм. Энэ мэт олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал төлсөн жилийг тасалдуулахгүй байх хууль эрхзүйн орчин бүрдүүлж байгаа юм. 1991 онд хууль гаргаж, 44 мянган эхийг тэтгэврийн наснаас нь эрт тэтгэвэрт гаргасан байдаг. Эдгээр хүмүүсийн улсад ажилласан жил нь бага учраас тэтгэвэр нь бага байдаг. Тиймээс Засгийн газар төсөв өргөн барихдаа эдгээр эхчүүдийн тэтгэврийг нэг удаа буюу 50 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дараа эмэгтэй гишүүд тэтгэвэр нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьж, эдгээр хуулийн төслүүдийг Төсвийн тухай хуультай хамтатгаад УИХ-аар хэлэлцэх гэж байна. 2020 оны төсөвт ир­гэ­дийн бодит орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагт гарч байгаа өсөлтийг иргэдэд чиглэсэн төсөв боловс­руул­сан. Нийгмийн хамгааллын чиг­лэ­лээр нийт 600 орчим тэрбум төгрөг төсөв­лөсөн. Энэ мөнгө ир­гэ­дийн гар дээр цэвэр орлого болж очно гэсэн үг.

-Цалин, тэтгэвэр нэмэх сургаар үнийн хөөрөгдөл үүсэж байна гэх шүүмжлэл бий. Ялангуяа хөдөө орон нутагт үнийн хөөрөгдөл их байна гэсэн мэдээлэл бий. Ер нь эдийн засгийн орлого тогтворгүй байхад халамжийн бод­логыг тэлээд байх нь хэр зохимжтой юм бэ?

-Цалин, тэтгэвэр нэмэхээр үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэл байдаг. Тиймээс инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гээд байгаа юм. Төр засаг иргэдийнхээ амжиргааг сайжруулах, дэмжих асуудлыг ярих нь буруу биш. Манай Улсын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Цалин, тэтгэвэр нэмэх сургаар үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа нь зах зээлийн харилцаа, эдийн засгийн жинхэнэ утгаараа хэрэгжиж, төлөвшиж чадаагүйн л илрэл. Ер нь зах зээлийн нийгэмд үнийг төр биш эрэлт нийлүүлэт тогтоодог. Бүтээгдэхүүн нийлүүлэгчид цалин тэтгэвэр нэмэх сургаар автоматаар үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа нь зах зээлийн харилцаа манайд төлөвшөөгүй байгааг харуулж байна. Бид инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гээд байгаа юм. Энэ нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, иргэдийн худалдан авах чадварыг хадгална. Хэрэглээнд гарч байгаа өсөлтийг инфляцийн түвшин нөхөж өгч байна гэсэн үг. Хоёрдугаарт, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх механизм болдог. Инфляцийн түвшин­тэй уялдуулж нэмэх бодлого баримталж байгаа юм. 


...Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гэж заасан хэрнээ сүүлийн 20 гаруй жил малчдаа ч тэр, малаа ч тэр төрийн бодлогын гадна орхиж явсан гэхэд хилсдэхгүй. Мал эрүүл байх, эм тарианы замбараагүй хэрэглээ газар аваад байгаа нь мал, малчин хоёрт төрийн бодлого дутсаны илрэл. Малчдын 80 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна гэдэг нь малчид өндөр настан болсон үедээ нийгмийн хамгаалал нь алдагдах сөрөг талтай...


-Малчид нийгмийн даат­галыг нөхөн төлөх хууль хэрэгжиж эхэлсэнтэй хол­боо­той­гоор шинээр тэтгэ­вэр тогтоолгох малчдын тоо эрс өсөх байх. Тэгэхээр төсвийн ачаалал төдий чинээ нэмэгдэнэ гэж ойлгож байна. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?

-Энэ бол хоёр талтай асуудал. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор тус сангийн зарлага нэлээд нэмэгдэх байх. Гэхдээ малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж байгаа учраас нийгмийн даатгалын сангийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Энэ хэмжээгээр улсаас авах татаас нь хоёр дахин буюу 300 тэрбум төгрөгөөр буурах юм. Малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа. Эдгээр малчдыг нэг удаа нийгмийн даатгалаа нөхөж төлөх хууль хэрэгжихээр нэлээд өргөн хэмжээгээр нийгмийн даатгалтаа нөхөж төлнө. Нөгөө талдаа нийгмийн даатгалаа нөхөж төлөөд, тэтгэвэр тогтоолгосон малчдад 40 орчим тэрбум төгрөг тэтгэвэр болж тэдний гарт очно гэсэн тооцоолол байна. малчдын нийгмийн хамгааллыг хангахад нэлээд ахиц болох байх гэж харж байгаа.  Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гэж заасан хэрнээ сүүлийн 20 гаруй жил малчдаа ч тэр, малаа ч тэр төрийн бодлогын гадна орхиж явсан гэхэд хилсдэхгүй. Мал эрүүл байх, эм тарианы замбараагүй хэрэглээ газар аваад байгаа нь мал, малчин хоёрт төрийн бодлого дутсаны илрэл. Малчдын 80 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байна гэдэг нь малчид өндөр настан болсон үедээ нийгмийн хамгаалал нь алдагдах сөрөг талтай. Тиймээс малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэг удаа нөхөн төлөх хууль маш үр өгөөжтэй хууль болно гэж харж байгаа. Мал маллана гэдэг хамгийн хүнд хөдөлмөр. Хатуу, ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд, өдөр шөнөгүй мал маллаж хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа малчдын дундаж наслалт суурин газрын иргэдээс харьцангүй бага байдаг юм билээ. 

-2020 оны төсвийг тэгш бус хуваарилсан гэх шүүмжлэл гараад байгаа. Хэнтий аймагт 142 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад Дундговь аймагт 1.9 тэрбум байх жи­шээтэй. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ асуудлыг бүлэгийн хурлаар ярьсан. Хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжилд чиглүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл манай улс хүн ам цөөхөн, газар нутаг томтой, нийслэлдээ төвлөрч, орон нутагт тархуу суурьшсан байдаг учраас орон нутгийн хөгжилд анхаарах нь зүй ёсны асуудал. Орон нутгийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот руу чиглэсэн иргэдийн нүүдлийг бууруулъя гэвэл орон нутагт дэд бүцдийг бий болгох ёстой. Хүн хаана ч амьдарч байсан ижилхэн нөхцөлд ажиллаж, амьдрах боломжийг хангах нь төрийн үүрэг. Тэр утгаараа орон нутагт түлхүү хөрөнгө оруулалт тавьсан болов уу. Хэнтий аймгийг өнгөрсөн жил Засгийн газар түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ гэж зарласан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалыг татах томоохон бүтээн байгуулалтуудыг хийх учраас төсвийг нь өндөр тавьсан гэж харж байна. Бусад бүс нутгуудад бол ижилхэн хэмжээтэй хуваарилсан. 

-2020 оны төсвийг хэр сайн төсөв болсон гэж бодож байна вэ?

-Зарим улстөрчид, ялангуяа сөрөг намынхан сонгуулийн төсөв болсон гэж шүүмжлээд байгаа юм. Би бол үүнтэй санал нийлэхгүй байгаа. Сонгуулийн жил болж байгаа учраас цалин, тэтгэвэр нэмж байна гэж байна. Гэтэл зөвхөн 2020 онд цалин, тэтгэвэр нэмээд больчих асуудал биш шүү дээ. Засгийн газар 2017-2019 онуудад дараалан цалин, тэтгэвэр нэмсэн. Нийт дүнгээрээ төрийн албан хаагчдын цалин 30 орчим хувиар нэмэгдсэн. Гурван жилийн турш цалин, тэтгэврийг жигд нэмж ирсэн гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн жилтэй холбоотой нэмж байгаа асуудал биш. 

-Төсвийн орлого уул уурхайн бүтээг­дэхүүнд суурилж байна шүү дээ. Орлогоосоо хоёр их наядаас давсан төсөв өргөн барьсан. Эрсдэл өндөртэй юм биш үү?

-Засгийн газар бүхий л талаас нь ярьж байгаад, ор­логоо дээд зэргээр дай­чилж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асууд­лууд, ялангуяа нийг­мийн хам­гааллын чиглэлийн бод­ло­гуудыг бүрэн хангахад чиг­лэсэн төсөв болсон гэж бодож байна.  Нэг талаас Засгийн газар мөрийн хөтөлбөрт тусга­сан үйл ажиллагааныхаа хэрэг­жилтийг ханга гэж сөрөг хүчин шахаж байгаа биз дээ. Гэтэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болохоор хөө­сөрсөн, сонгуульд зориулсан төсөв боллоо гээд байх нь зохимжгүй байх. Энэ бол явмагхан улс төр хийж байгаа л хэрэг. 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төсөвт хэр санхүүжилт тусгасан  юм бол?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ирэх онд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа. Нэгдүгээрт, гадаадаас авах ажиллах хүчийг 50 хувь бууруулна гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтоо бүрэн хангана. Дотоодын ажлын байр төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт, ажилгүйдлийг бууруулах хамгийн гол арга бол МСҮТ-д суралцаж байгаа залуучуудыг дэмжих замаар боловсон хүчин бэлтгэх юм. МСҮТ төгсөж байгаа залуучуудыг 100 хувь ажлын байраар хангах боломж бий. Нэг хэсгийг нь бүтээн байгуулалт дагаж бий болж байгаа ажлын байруудад зуучилж ажлын байртай болгоно. Нөгөө хэсгийг өөртөө болон бусдад ажлын байр бий болгох боломжийг хангасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар дэмжвэл 100 ажлын байртай болох боломжтой гэж харж байгаа. Бид МСҮТ-д суралцаж байгаа залуучуудын тэтгэлгийг хоёр дахин нэмж 200 мянган төгрөг болгосон. Үүний хүрээнд улсын төсөвт 79 тэрбум төгрөгийг тусгуулсан. Сүүлийн 20 жил Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тусгайлан зориулж хөрөнгө суутгаагүй. Сайн, муу хэлээд байгаа гаднаас авч буй ажиллах хүчний төлбөрөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явж ирсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ байдалд нэлээд шүүмжлэлтэй хандсан учраас 2020 оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс 40 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн нь энэ жилийн төсвийн нэг онцлог.