ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хэрүүлийн хос”

Б.ОЮУНГЭРЭЛ
2019-10-25

Манай “Өдрийн хүн” булан өнөөдрийн хувьд “Өдрийн хүмүүс” нэртэй болчихлоо. Тухайн өдрийн “од”-ыг шүүрч онцолдог булангийн маань өнцгийг өөрчилж, хосоороо онцлуулж байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. УИХ-ын гишүүн, Зас­гийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хэрэлдэх маргалдах талаар бол хэзээ ч гандан буурахгүй нөхөд. Чуулганы хуралдаан болгоноор хэрэлдсээр байгаад бүр сурчихлаа шүү, энэ хоёр маань. Хоорондоо өстэй юм уу ч гэмээр. Нэг нь ам нээвэл нөгөөх нь сөргөнө. Хэн нь ч нэгнийгээ юм хэлэхэд дуугүй өнгөрнө гэсэн теорем байхгүй. Одоо бараг нэгнийгээ байхгүйд үгүйлэн санадаг болсон байх.

Өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж “Баасанхүү, би мафитай, яргачидтай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Би бууж өгвөл Монголын төр бууж өгсөн, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг буулгаж чадахгүй. Чи намайг буулгаж чадахгүй. Чи хууль ойлгодоггүй юм билээ. Чам муу байтугай чамаас бусдад нь бууж өгч үзээгүй” хэмээн үнэн голоосоо үг чулуудав. Яг л “Хатанбаатар” кинонд Манлай баатар Дамдинсүрэн “Би Хятадын шоронд, эднүүсийн дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” гэж хэлээд босоогоороо үхдэг шиг. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Хөгшин залуу хоёр хуульчийг нэг дор байлгаад байвал удахгүй гар зөрүүлж ч мэдэхээр байна.

Хэн хэнийх нь зөв, хэрүүлээ зодоон болго гэлтэй биш, их нь ич бага нь уйл гэлтэй ч биш. Гол асуудлаараа биш гудамжны хэрүүлээр “занималдаад” сурчихлаа, энэ хоёр. Хоёр биенийхээ “но”-г дэндүү ихээр мэддэг хэрнээ ил хэлж болдоггүй нууцуудтай ч юм шиг, эсвэл хоёр биедээ гомдож туниад хэн нь түрүүлж аргадахаа үзэх гээд байдаг хайртай хосууд шиг энэ хоёрыг яая даа байз. Болдогсон бол хоёуланг нь хэд хоног дөрвөн хананы дунд түгжчих юмсан. Нэг нь үлдэнэ, эсвэл хэзээ ч салахгүй ахан дүүс болно. Манай Ц.Нямдорж сайд аль ч парламентын үед хэрүүлийн партнёртой болчихдог хүн л дээ. Өмнө нь Л.Гүндалай тэр хоёрыг наалдан падаар наая гээд реклам гартал хэрэлдээ биз дээ, тийм ээ.