НИТХ-ын дарга Р.Дагва өнгөрөгч баасан гарагт эгэл жирийн нэгэн аавын өмнө мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэв. Яагаад гэвэл тэр аав мэхийн ёслох гавьяа байгуулсан нэгэн учраас тэр юм. Түүнтэй таарсан хүн бүхэн ёсолж, хүндэтгэлээ илэрхийлэх нь мэдээж. “Баярлалаа” гэж чин сэтгэлээсээ хэлэх байсан. Тэрбээр, насаараа тээврийн цагдаагийн албанд ажилласан хошууч цолтой тэтгэвэрт гарсан жирийн нэгэн эцэг хүн аж.
Гэвч хүүхдийн алтан амь аварч, нэгэн гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн ачтан учраас “баатар” аав юм, тэр. Л.Отгонбаяр нь аравдугаар сарын 05-ны өдөр есөн давхрын тагтнаас унах гэж байсан гурван настай бяцхан хүүг аварсан. Та бичлэгийг нь ч үзсэн болов уу. Хүүгийн гар яг л алдуурах гэж байсан тэр эгзэгтэй үед ямар хурдан хөдөлж, хүүг аварсан гэж бодно оо. Тэр бичлэгийг үзэхээр л сэтгэл өвддөг ч, хэрэгтэй цаг үедээ гарч ирсэн эгэл нэгэн аавд талархаад ч барахгүй нь.
Түүнд НИТХ-аас хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах үеэр Бэлтгэл хошууч Л.Отгонбаяр “Саяхан хүүгийн даахь үргээх ёслол болсон. Би уригдаж очоод хамгийн хүндтэй зочин нь байлаа. Өмнө нь айл саахалт байсан ч танилцаж амжаагүй байсан. Харин одоо ах дүүгээс ялгаагүй болсон. Би иргэний үүргээ биелүүлсэн юм. Хүүгийн аав, ээж хоёрыг элдвээр битгий хэлээрэй гэж хүсч байна” хэмээн ярьжээ. Ийм л даруухан, үлгэр жишээ амьдарч яваа олон хүн бидний дунд бий. Тэдний нэгийг бурхан энэ гэр бүл рүү илгээсэн учраас ах дүү болохоос ч аргагүй юм.
Монгол Улсдаа хэрэгтэй хүн болж, ихийг бүтээх нэгэн халуун амийг аварсан эрхэм цагдаа таниар монголчууд бахархаж байна. Эгзэгтэй цаг үед ямар ч хүн тийм үйлдэл гаргах байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ хэрэгтэй цаг үед тэнд байсан учраас та олон түмний талархлыг сонсох, хүртэх эрхтэй юм шүү. Хүүгийн амьдралд ямагт том орон зай эзлэх нэгэн байх биз. Үхлээс булааж авсан “шидтэн” учраас бяцхан хүүгийн хувьд та баатар байх болно. Амьдралд тань аз жаргал, хамгийн сайхан бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсье. Бид ч бас танд мэхийн ёсолж буйг хүлээн авна уу.