Улсын хэмжээнд 84.2 сая малыг 169.7 мянган малчин өрх маллаж байгаа. Энэ жил нийт малын тоог бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгой мал өвөлжих тооцоо гараад байгаа аж. Тиймээс 2020 оноос өмнө 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсчээ. Энэ талаар болон өвөлжилтийн бэлтгэл ямар байгааг ХХААХҮЯ-ны Мал, аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, орон нутагт өвс, тэжээлийн бэлтгэлээ хэр хангаж байгаа вэ?
-Мал, аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар Засгийн газрын 285 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулж бүх аймгийн Засаг дарга нарын захирамж, төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулагдлаа. Мөн ХХААХҮ-ийн сайдын 275 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж орон нутагт ажиллалаа. Малчдын хувьд өвс тэжээлийн бэлтгэлээ 80 орчим хувиар хангажээ. Энэ жил 1.3 сая тонн өвс, 200 мянган тонноос доошгүй тэжээл бэлтгэх ёстой. Тэжээлийн хувьд гар тэжээл, ногоон тэжээл төлөвлөгөөнөөс давсан, харин үйлдвэрийн тэжээл шинэ ургацаас хамааралтай учир хэмжээндээ хүрээгүй байна. Сумын болон аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бэлтгэх даалгавар өгсөн. Үүнээс харахад аймгуудын аюулгүйн нөөц харьцангуй сайн буюу 90 орчим хувьтай байгаа бол сумдынх 30 орчим хувь байна гэсэн мэдээлэл ирлээ.
-Бэлчээрийн даац ихэссэнтэй холбоотой өвөлжих малын тоог аль болох цөөлөх арга хэмжээг яамнаас хэрэгжүүлж байгаа гэсэн шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл бүх сумдаас “1000 гулууз” махны нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт аймгуудыг хуваарилж, махаа нийлүүлж эхэллээ. Энэ ажлаа үргэлжлүүлэн арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс “Идэш” арга хэмжээ, хавар Үүц, Ууц, Борц гэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Тэгэхээр өвөл болон ирэх хавар махны хангалтыг сайтар хийх зорилготой байгаа. Нийслэлийн иргэдийг махаар хангаад зогсохгүй үнийн хөөрөгдлийг зогсоож, ченжийн гар дамжуулахгүй байх, хөдөөнөөс ирж буй махыг дүүргүүдийн зах, лангууны түрээс шимтгэлгүй худалдах боломжийг бий болгоно. Ингэхдээ Баянгол дүүргийн “Хишиг” худалдааны төвд Ховд, Завхан, Өвөрхангайг Баянзүрх дүүргийн Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгийг, Сонгинохайрхан дүүргийн “Хархорин” захын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв аймгийг Сүхбаатар дүүргийн “Саруул” худалдааны төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгийг Чингэлтэй дүүргийн “Амин хүнс” худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтийг Хан-Уул дүүргийн “Лавай” худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгаас ирсэн махны худалдааг тус тус зохион байгуулна.
-Нийслэлийн зургаан дүүрэгт мах борлуулахаар ирсэн малчдад ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?
-Тухайн аймгийн ХХАА-н газар, Мал эмнэлгийн газар зохион байгуулж байгаа. Сумдууд малчдаа бэлтгэх замаар зохион байгуулалттайгаар ирж байгаа болохоос хэн нэгэн дуртай хүн гэрийнхээ гадаа бэлтгэж ирэхгүй. Өөрөөр хэлбэл, ямар ч гарал үүслийн бичиггүй ирж болохгүй. Хаана нядалгаа хийсэн, тэнд нь ажиллаж байгаа хүмүүсийн ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ ирж авсан эсэхийг харна. Мөн нядалгаанд орж байгаа малд хэзээ вакцинжуулалт, тарилга туулгалт хийсэн, үүнээс хойш нядлах хугацаа байгаа эсэхэд тухайн орон нутгийн мал эмнэлэг хяналт тавина. Тиймээс эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэж байгаа.
-Үнийн бодлого барих уу?
-Яг тэдэн төгрөг гэж зах зээлийн үнийг тодорхойлох боломж байхгүй. Ямартай ч ченжийн гараар дамжихгүй учир хонины мах 5000-5500, үхрийн мах 7000-8000 төгрөгийн хооронд борлуулах урьдчилсан дүн харагдаж байгаа.
-Энэ жил хүйтэн өвөл болно гэж ярьж байна. Энэ талаарх урьдчилсан мэдээллийг цаг уурын байгууллагаас хүргүүлсэн үү?
-Олон жилийн дунджаас хүйтэрнэ гэсэн мэдээ байхгүй. Харин арваннэгдүгээр сарын эхэн, болон сүүлийн хоногуудад их хэмжээний цас орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан.
-Малчид хүндрэлээс хэрхэн сэргийлж болох талаар зөвлөгөө өгөөч?
-Өвөлжилт хүндрэх хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал, зундаа мал тарга тэвээргээ авч чадсан эсэх, өвс тэжээлийн бэлтгэлээ хангасан эсэх, малчин өрхийн хувийн бэлтгэл ямар байгаа нь ч нөлөөлнө. Хэдий зуншлага сайхан байсан ч зарим малчдын мал маллах арга туршлага нөлөөлж байгаа. Зун малаа амархан тарга, хүч авахуулах үеэр хур бороо дагаж маллах, тарга хүчийг нь авахуулах гэх мэт арчилгаа маллагааны технологийг мөрдөх шаардлагатай байна. Энэ арга туршлагыг хэрэгжүүлж чадахгүй байгаагаас мал шууд өөхөн тарга авдаг. Өөхөн тарга авсан мал бээрэг, хүйтнийг давах чадвар муу болдог. Нөгөө талаас давс хужир тавих, долооц бэлдэх, дулаан байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн хангамжийн асуудал чухал байгаа. Тэвэнгийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог гэдэгчлэн дулаан байрны хангалтыг сайн хийх ёстой. Тэгэхээр өвөлжилтийн бэлтгэл гэдэг нь олон талын цогц арга хэмжээ учир хүн бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм. Аль болох нийт малынхаа эр сувай болон, үржлээс заазлагдаж буй малаа 30-50 хувь хүртэл эргэлтэд оруулж чадвал хохирол багатай өвлийг давна гэдгийг хэлье.
-Отор нүүдлийн тухайд?
-Отор нүүдлийн асуудлыг зохицуулах талаар багагүй ярьсан. Тухайлбал, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газар, аймаг, сум дундын отрын бүсэд энэ жил 15 мянган өрхийн 8.3 сая мал өвөлжихөөр гэрээ хийж байгаа. Энэ намар урт, дулаахан болж байгаа учир отрын бүсүүдэд одоогоор орж эхлээгүй байна.