ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цагаа олоогүй цоллуулагч”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-10-31

Монгол хүний зүрхэнд, тархинд хятад иргэдийг эх орондоо удаан хугацаагаар байлгах бүү хэл хилээрээ нэвтрүүлэх нь ч аюултай гэсэн бодол, омогшил олон зуун жил хадгалагдаж ирсэн. Яагаад ч юм, хятад юм бүхэнд дургүй болчихож. “Хятадад үйлдвэрлэсэн хувцас өмсөхгүй гээд хувцсаа тайлаад шидлээд байсан ганцхан оймстойгоо үлдчихлээ” гэсэн онигоо хүртэл гарч. Бидэнд Хятад улсаас сурах юм, хятад хүнээс үлгэрлэх зүйл багагүй. Гэхдээ л дэлхийгээр нэг тархан суурьшиж буй хятад үндэстэнд улс орнууд тийм ч таатай ханддаггүй нууцхан үнэн бий.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин хятадуудыг Монгол Улсад 30 хоног визгүй зорчуулах тухай яриа олон хүний цөсийг нь хөөргөж, баалуулахад хүргээд байна. Яг үүнтэй зэрэгцээд өчигдөр 10 мянган гар утастай, 800 орчим хятад иргэн нийслэлийн томоохон оффис, зочид буудлуудад байрлаж, ямар нэг зүйл хийж байсныг цагдаагийнхан баривчилсан мэдээлэл олныг цочирдууллаа. Шадар сайдын яриад байгаа 30 хоног визгүй зорчих тухай яриа ажил хэрэг болоод эхэлчихсэн байсан юм уу гэж эргэлзэхэд хүргэв. Хууль журам нь батлагдаагүй, шийдэгдээгүй байхад ингэж олноороо хууль бус үйлдэл хийж байгаад баригдаж байгаа юм чинь хуулиа баталчихвал Монголыг дүүргэхэд амархан гэсэн дохиог энэ үйл явдал харуулаад байгаа юм биш үү.

Тэгэхээр таны чөлөөт бүсэд хэрэгжүүлэх гээд байгаа “хятад иргэд 30 хоног визгүй зорчих тухай хууль” чинь цагаа олоогүй л гэсэн үг. Нэг чөлөөт бүс байгуулах гэж нийгмийг бухимдуулах шаардлага танд байгаа гэж үү. Цагаа олоогүй яриа, цаг нь болоогүй шийдвэр ямагт муу уршиг дагуулдаг гэдгийг сайн мэдэх хашир хүн гэж таныг олон хүн боддог байх. Гэтэл таны байр суурь энэ итгэлийг баллуурдаж, эх орноо харийн халаасанд шургуулах гэсэн эхлэл гэж олон түмэн хардаж эхэллээ. Олны хар ортой гэдэг дээ.  Надад ч бас хардах эрх байна.