ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхи “толгой илэх”, өрөвдөх зүйл биш

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-01

Монгол Улсад хар тамхи болон мансууруулах төрлийн бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байх юм. Тухайлбал, энэ төрлийн судалгааг Монголд хийж эхэлснээр өнөөг хүртэл нийтдээ 500 орчим хүн хэрэглэдэг гэсэн судалгааг гаргажээ. 2010-2013 онд 34 байсан тоо хоёрхон жилийн дотор эрс нэмэгдэж, 2015 онд  169 болсон бол дөрвөн жилийн дараа 2019 онд 500 орчим хүн хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг гэсэн аймшигтай тоон мэдээлэл байх юм. Үндэстэн дамнасан хар тамхины хэрэгт 30 гаруй  хүн холбогдож, хоёр нь цаазын ялаар шийтгүүлж, бусад нь бүх насаараа хорих ял сонссон билээ.

Эдгээр тоон мэдээлэлд дурдсанаар цөөхөн хүн амтай манайх шиг хөгжиж буй улсад үндэсний аюулгүй байдлаа бодсон ч хууль, эрх зүйн орчныг чангатгах, ялын бодлогыг нэмэх шаардлагатайг сануу­лах нь илүүц биз. Тэр дундаа хар тамхины хэрэгт олны хайр хүндэтгэлийг хүлээ­сэн хүмүүс илүүтэй хол­бог­дож, өсвөр насныхныг уруу татаж, нийгэмд буруу­гаар сурталчилж байгаа халаг­ламаар, харамсмаар.

Хамгийн ойрын жишээг дурдахад, Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг нэрлэж болно. Хэд хоногийн өмнө түүний хэргийг шүүх хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэгдэх дэх хэсэгт зааснаар “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорил­го­гүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” хэмээн үзэж,  гэм буруутайд тооцон хоёр жил хорих ял оноов. 

Харин дуучин залуу шүүх танхимд орж ирэхдээ хэзээ ч ял сонсохгүй, хэргийг өөрөөр шийдэх боломжтой, хуулийн гарц гаргалгаа байгаа гэсэн итгэлээр шүүх хуралд оролцсон нь харваас илт байв. Тиймдээ ч шүүхээс хоёр жилийн ял сонсохдоо биеэ барьж, дийлэхгүй, нулимс  унагаж байлаа. Өөрөөр хэлбэл, хэзээ ч итгэхээргүй хариултыг сонссон нь үг, үйлдлээс нь илхэн байв. Түүний энэ үйлдэл хийсэн зүйлдээ бус ял оноосонд л гомдож байгааг харж болно. Үүний хариу болгож, өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн нь олон хүний бухимдлыг төрүүллээ.

Тэр олны хайрыг дааж чадаагүй. Хэдийгээр нэр алдарт хүрч, олны танил болсон ч улс эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Энэхүү үүргээ дуучин залуу та  биелүүлсэнгүй. Биелүүлэхгүйгээр барахгүй Монголын шүүхийн шийдвэрийг сөрж байна. Иргэний эрх хэмээн зөвтгөж болох ч давж заалдах ёсзүйтэй зүйл хийсэн билүү, та. Давж заалдах эрх бий ч шүүхээс ял бууруулах боломж байхгүй. Шийтгэлийг харин ч хамгийн цөөн жилээр оноолоо. Хоёр жил гэдэг бол гэмээ ухаараарай, дахиж битгий хар тамхи хэрэглээрэй, залууст битгий буруу үлгэр дууриалал үзүүлээрэй гэсний “шагнал” шүү. Шийтгэж байгаа зүйл огт биш.

Жинхэнэ шийтгэл бол хатуу хууль дүрэмтэй улсад байдаг цаазын ял болон бүх насаараа хорих шийтгэл  билээ. Хэрвээ та Монголоос өөр улсад амьдардаг байгаад ийм асуудалд холбогдсон бол дээрх нэрлэсэн хоёр ялаас хэлтрэхгүй байлаа. Тиймээс гэмээ ухаар. Хэрэглэж  болсон юм чинь шийтгэлээ үүрэх зориг, зүрхтэй бай. Нөгөөтээгүүр, олны хайр хүндэтгэл хүлээсэн гэхээр танил талаараа яриулаад, ял сонсохгүй, асууд­лаас хэлтэрч болно гэсэн ойлголт аль эрт дуус­гавар болсон шүү.

Бид илүү хариуцлагатай, шудар­га нийгмийн төлөө ураг­шилж байгаа гэдгийг өнгөр­сөн шүүх хурлын шийд­вэр харуулсан билээ. Өсвөр үеийнхэн өнөөдөр хар тамхи сонирхон татаж эхлэв. ЕБС-ийн 201 сурагч хэрэг­лэж үзсэн гэх судалгаа байх юм. Арга ч үгүй биз дээ. Дууг нь дагаж дуул­даг, үлгэр дууриал авдаг дуучин, жүжигчин нь хэрэг­лээд байхаар хэрэг­лэх сэдэл төрнө биз дээ. Та эдгээр хүүхдүүдэд буруугаар нөлөөлсөн гэмээ ухаарна биз. Ерөөс олон ч хэвлэл хар тамхины хэрэгт холбогдсон урлагийнхныг сурталчлахгүй, мэдээлэл түгээхгүй гэдэг уриалга гаргаж байна. Бид ч үүнтэй нэгдэж буйгаа үүгээр мэдэгдье. “Эр алдаа л биз эрэг нураа л биз”, “Алдсан дээр нь нулимлаа” гэх мэтээр өмгөөлөх, толгойг нь илэх асуудал огт биш юм.