УИХ-ын 2016 оны сонгуулиар төрийн албан тушаалыг “60 тэрбум”-аар зарж, мөнгө босгохоор ярьж байсан МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн бичлэг үнэн болох нь анхан шатны шүүхээр нотлогдлоо. Удтал үргэлжилсэн эл хэргийн гол туслан гүйцэтгэгч болох НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группын ерөнхийлөгч А.Ганбаатар нарын хэргийг энэ сарын 31-ний өдөр хэлэлцээд шүүхээс дөрвөн жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан.
Алдарт “60 тэрбум”-ын хэргийн хамгийн анхаарал татсан зүйл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шийтгэл оноосон нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд эвлүүлэг хэмээн гүрийж, амь тавьж хамгаалсан 90 минутын бичлэг үнэнд гүйцэгдсэн явдал боллоо.
Нөгөөтээгүүр, өнгөрсөн хугацаанд Монголын ард түмнийг талцуулж байсан энэхүү хэргийн асуудал шүүхийн шийдвэрээр нэг талдаа гарав. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны УИХ-ын сонгуулиар төрийн албан тушаалыг өндөр үнээр зарж, борлуулах, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал нь үнэн болж таарав. Тэд энэхүү хэрэгтэй тохирсон шийтгэлээ ч хүртэв. Тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэртэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдахаа дуулгаж байгаа. Давж заалдлаа гэхэд шүүхээс хэргийг яаж шийдвэрлэхийг урьдчилан хэлэх ямар ч боломжгүй. Шүүхээс эдлэх ялын жилийг бууруулах эсвэл тэнсэн харгалзах зэргээр шийдвэрлэж магадгүй юм.
Гол нь хэргийн үнэн мөн илэрч байгаа нь чухал юм. Түүнчлэн ахынхаа даалгаврыг үг, дуугүй биелүүлсэн ирээдүйтэй залуу улстөрчдийн карьер ч үүгээр дуусав бололтой. Цаашид тэдэнд итгэл үзүүлж, намын гал тогооны ажлыг даатгах хүн ойрын 10 жилдээ лав гарахгүй. Итгэл үзүүлж, саналаа өгч дэмжих иргэд ч олдохгүй. Үүгээрээ улс төрд манлайлах боломжоо алдаад зогсохгүй, нэр хүндээ эргэж сэргэхгүйгээр алдаж байгаа нь харамсалтай.
Тэд өгөөш болж, алдарт “60 тэрбум”-ыг хамгаалснаараа ард түмний дунд нэр нүүрээ барж, ахин өндийхөөргүйгээр улс төрөөс зодог тайллаа. Нөгөө талд олон нийт алдарт “60 тэрбум”-ын хэргийг сөхөхдөө гол захиалагчийг мартаж болохгүй. Энэхүү хэргийн гол дүр болох МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдод ямар ч хариуцлага үүрүүлэхгүйгээр хэргийг шийдэж огт болохгүй юм. Та Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг загас барихдаа ашиглачихаад, унахад нь баяртай гэж хэлээд, сугарч үлдэнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй билээ. Ялыг хамтдаа үүрч, хамтдаа давах ёстой.
Эл хэргийг олон нийт хэзээ ч мартахгүй. Үе үеийн Монголын төрөөс үргэлжид хариуцлага нэхсээр байх болно. М.Энхболд та алдарт “60 тэрбум”-ын хэрэг нийгэмд шуугиан тарьж байх үеэс эхлээд АТГ-ын дарга Х.Энхжаргалаар эвлүүлэг хэмээн яриулж, хэргийг хэрэгсэхгүй болгож, өөрийнхөө хэр хэмжээнд гар хөл бологсдоо хөдөлгөсөн. Зөвлөхөөрөө дамжуулж, нэр төрд халдлаа гэх тайлбарыг удаа дараа хийсэн таны башир аргууд шүүх байгууллагын өмнө очоод бүдэрлээ.
Өөрөөр хэлбэл, танд арьсаа хамгаалах ганц өгүүлбэр ч үлдсэнгүй. Үүгээр таны теле зохиомж дуусгавар болсон. Өмнө нь та “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөг хүртэл хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй. Харин ч алдарт “60 тэрбум”-ын гэх зохиомол хэрэгт нэр холбогдлоо. Намынхаа нэр хүндийг унагасан асуудалд холбогдсондоо харамсаж байна.
Намын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” хэмээн УИХ-ын даргын индэр дээрээс 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр тун ч хариуцлагатайгаар мэдэгдэж байсан сан. Өнөөдөр таны энэ мэдэгдэл худал байгаад зогсохгүй, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал чинь шүүхээр шийдэгджээ.
Энэ талаар өмнө нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Ц.Сандуй, А.Ганбаатар нар М.Энхболдод схемээ танилцуулсан. М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. “60 тэрбум”-ын билэг тэмдэг М.Энхболд та өөрөө” гэж ярьж байсан шүү дээ. Таны “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой гэдгийг намын нөхөд, шүүх, хяналтын байгууллага тогтоолоо. Тиймээс “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг шиг хэлсэн үгэндээ эзэн нь болж, УИХ-ын гишүүний суудлаас татгалзах ёстой шүү. Жинхэнэ утгаараа нэр цэвэр үлдэх гэж байгаа бол залуусынхаа ард нуугдаж, гишүүний суудалдаа хоргодолгүй албан тушаалаа өгнө үү, М.Энхболд гишүүн ээ. Таны зохиосон теле зохиомж энд хүрээд өндөрлөж байна