Үе үеийн парламент өөр өөрийн гэсэн онцлогтойгоор ажил үүргээ гүйцэтгэж, дараагийн УИХ-д халаагаа өгдөг. Халаач юу байхав дээ, дараагийн УИХ-ын сонгуульд аль нам хэчнээн суудал авч, ялалт байгуулахаас парламентын үйл ажиллагаа шууд хамаардаг. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуульд монголчууд МАН-д итгэл үзүүлсэн билээ. Одоогийн парламентын 76 суудлын 65 нь МАН, бусад нь АН болон бие даагчаас бүрддэг. Тэдний 40 орчим нь анх удаа шинээр сонгогдсон. Тухайн үед энэ парламентыг янз, янзаар олон нийт дүгнэж байлаа. Тухайлбал, МАН-аас нэр дэвшсэн “бор халзан хонь” хүртэл гишүүн болох байлаа гэсэн бол төрийн эрхийг хууль бусаар авсан луйврын парламент гэж үзсэн. Эрүүгийн элементүүдийн орогнол, элэглэлийн парламент зэргээр нэрлэж, янз бүрийн хоч өгч байв.
Тэдний бүрэлдэхүүнд алдарт дуучин С.Жавхлангаас эхлээд наадмын дэвжээнд олныг баясгаж явсан А.Сүхбат аварга хүртэл багтана. Үеийн залуус нь хүүхдийнхээ живхтэй зууралдаж явахад, Хэнтийгээс Д.Гантулга сонгогдож, хамгийн залуу гишүүн хэмээн цоллуулж явлаа. Цагтаа хип, хоп дуугаар залуусыг байлдан дагуулж явсан “Темон” буюу Н.Учралаар хүрээгээ тэлж, хэний ч танихгүй Л.Энхболдоор үргэлжилж байлаа, манай УИХ. Энэ мэтээр олныг нэрлэж болно. Гэвч тэд итгэл, хайр хүндэтгэлийг даасангүй. Шинэ залуу үедээ боломж олгох ёстой гэх үгийг утгаар булшилсан юм, тэд.
Энэ парламентынханд холбогдоогүй хэрэг, гараа дүрээгүй сан, хүрээгүй хууль, өөрчлөөгүй журам, гомдол гаргаагүй сэтгүүлч гэж байхгүй. Тэдний хувцаслалт, биеэ авч байдал, сэтгүүлчидтэй харьцаж буй харьцаа, аливаад хандах хандлага гээд бүхий л зүйлээрээ өмнөх парламентаас төө хол хоцрогджээ. Тэдний байгаа байдал бусдаас үргэлжид ялгарна. Өмнөх парламентуудад янз бүрийн зүйл гарч байсан ч одоогийн УИХ-ын гишүүдийнхийг хэзээ ч давахгүй. Үгүй ядахдаа үйлдэл нь хүртэл гэгээн байжээ гэж дурсан санах аж.
Тэдний мэргэжил, голлон ажилладаг салбарыг нь сэтгүүлчид андахгүй. Хэнээс нь юу ч асуусан товхийтэл хариулаад, яриад өгчихдөг байсан юм. Өөрөөр хэлбэл, мэдэхгүй сэдэв чадахгүй зүйлгүй хүртлээ улс эх орныхоо төлөө зүтгэж байжээ гэж дүгнэдэгсэн. Улсын төсвөөс эхлээд гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудалд хүртэл анхаарлаа хандуулна. Улс төрийн болоод нийгмийн ажилд эн тэнцүү оролцоно.
Тэр нам, энэ эвсэл гэж ялгарч, ялгаварлахын аргагүй ажилладаг байв. Өнөөгийн парламенттай адил жигшүүрт үйлдэлгүй байв. Харин манай гишүүдийн шившигт үйлдэл М.Оюунчимэг гишүүн байнгын хорооны хуралд боов идэж, Н.Амарзаяа гишүүн чуулганы танхимд бохь зажлахаас эхлэлтэй. Хамгийн залуу гишүүн Д.Гантулга нь хүчингийн хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар хэргээ шийдүүлээд явж байна. Тэр ч бүү хэл нууц эрхтнийхээ зургийг найзалж явсан бүсгүйдээ илгээсэн нь ил болж, олны гайхшыг төрүүлж байв.
Мөн энэ парламентын 50 орчим гишүүн ЖДҮХС-гаас зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлав. Тэд жилийн гуравхан хувийн хүүтэй үйлдвэр хөгжүүлэх сангийн зээл рүү гараа дүрж, 500 саяас тэрбум хүртэлх төгрөгийг авчихаад хээв нэг мэдэгдэл хийж байлаа. Тухайлбал, Б.Батзориг, Я.Содбаатар, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Ундармаа, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь, А.Сүхбат, Г.Солтан, Б.Наранхүү, Ж.Энхбаяр, О.Батнасан гэх мэтээр 50 гаруй гишүүнийг нэрлэж болно.
Ерөнхий сайдын зүгээс ард түмнээсээ уучлалт гуйгаад, зээлээ эргүүлэн төл гэсэн үүрэг даалгавар өгөхөд уучлалт гуйсан дүр эсгэж, зээлийг өдөрт нь төлнө гэж баярхаж явсан гишүүдтэй, бид. Одоо болохоор Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх санг татан буулгаж, хэргээ цагаатгахаар чармайж явна. Татварын хэмжээг нэмэгдүүлээд барахгүй хадгаламжаас хүртэл татвар авах саналыг хэрэгжүүлж, ирээдүй болсон үрсийнхээ халаас руу зоригтойгоор гараа дүрлээ. Хүүхдийн 20 мянган төгрөгийг 80 хувьд нь өгчихөөд, өгснөөсөө татвар авдаг тогтолцоог хэрэгжүүлж чадсан юм.
Бүхэл бүтэн банк дампууруулж, иргэдийг 334 тэрбум төгрөгийн хохиролд оруулсан Б.Ундармаа өнөөдөр юу ч болоогүй юм шиг саарал ордонд гүйж явах жишээтэй. Түүний хөрөнгийг зараад ч иргэдэд учирсан хохирлыг барагдуулж чадахгүй билээ. Мөн Архангай аймгийн найман сумын оюутны байрыг Улаанбаатарт төвлөрүүлэх санал Ж.Мөнхбат гишүүнээс гарч, салбарын сайд нь дэмжиж байгаа үйлдэл зөвхөн манайх хэдэн шившгүүдээс л гарна. Татвараас давхар татвар авч, аж ахуйн нэгжээ цөлмөдөг цөвүүн бодлогыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гаргав. Үүнийг нь алга хавсран дэмжиж байгаа нь мөнөөх л манай хэд гэх мэтээр бичээд байвал хөвөрч өгөх билээ. Ер нь тэднээс цаашдаа юу ч гарч магадгүй. Ж.Мөнхбатын хэлсэнчлэн шившгийн хөндийгөө туулж бараагүй байна.