ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шагналд авав уу, шалгуур давсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

АН-д нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа О.Магнай, “ШИНЭ” намын дарга Ж.Батзандан хоёртой мөр зэрэгцэн гудамжинд жагсаж явсан нэгэн эрхэм өдгөө Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдах үүрэг хүлээж, Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаа хүлээж авлаа. Тэр хүн бол Энхээгийн Батбаяр гэх хуульч ажээ. 2019 оны хоёрдугаар сард ШЕЗ-д шүүгчээр томилогдож байсан бол өчигдөр харин даргаар нь ажиллахаар болж, тамгаа гардаж авав. Тэр ЗХУ-ын Курган хотын Металлур­гийн сургуулийг төгсчээ. Хожмоо МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн магистрийн зэрэгтэй төгсөж, ОХУ-ын Краснодар хотын Кубаний Их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд улс төрийн нам, эвслийн хөдөлгөөнд тун ч идэвхтэй оролцдог байсныг нь олон нийт андахгүй мэднэ.

Тухайлбал, Иргэний хөдөлгөөн, Эрүүл нийгэм хөдөлгөөнд гишүүнээр, дараа нь Ж.Батзандангийн байгуулж байсан “Иргэний хөдөлгөөн нам”-ын генсекээр ажиллаж байсан сүүхэйтэй эр. Алдарт долдугаар сарын 01-ны үед МАХН-ын гадна жагсаал хийж, мандаж явсан бөгөөд төдийгөөс өдийг хүртэл Ж.Батзандангийн дэргэд шадарлаж явсныхаа шагналд ШЕЗ-ийн даргын албан тушаалыг авав бололтой. 11 жилийн хугацаанд олон ч албан тушаал дамжсан байна билээ. УИХ-д өрсөлдөөд ялагдаж үзсэн. “Монголын ногоон нам”-д ч генсекийн албан тушаал хашиж байлаа. Эндээс харвал эр алдаж, эрэг нурдаг жам ёсоор тэмцэгчээс дарга болтлоо олон даваа, нугачааг тойрч бус даваад гарч ирсэн “эрийн хуйх” хэмээн үнэлж болмоор. Аль ч төрд нүүртэй гэдэг шиг АН ялахад ч НШГГ-т албаны дарга, дараа нь Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.

Ардын намын үед харин Ж.Батзандангийн эгчтэй нөхөрлөж яваад Ерөнхийлөгчийн зарлигаар даргын суудалд очлоо. Даргын даллагатай эр юмсанж. Үүнээс гадна Ж.Батзандангийн эгч Ж.Баттуяатай хамтран нөхөрлөл үүсгэн ажиллаж явжээ. Зарим нь түүнийг мэргэжлээрээ олон жил ажилласан, энэ албан тушаалд гологдохгүй нэгэн хэмээн өмгөөлсөн үг унагав. Нөгөө хэсэг нь харин нөхөрлөлдөө үнэнч явсан 11 жилийнх нь шагнал түүнд даргын тамгыг атгууллаа хэмээн адлаж байх юм. Аль нь байлаа ч ажлаа нэр төртэй хийх даалгавартайгаар тамга атгалаа. Шүүгчид авлига авдаг, нэг ордыг худалдаж идчихээд тэдэнд үйлчилдэг, бусдад хилсээр ял тулгадаг завхарсан тогтолцоог арилгаж чадна гэж Ерөнхийлөгч нь хүртэл итгэж байгаа хэрэг биз. Тиймээс шахааны хүн, даргын томилгоо биш байснаа харуулж, мэргэжлийн хүн гэдгээрээ үнэлүүлэх алтан боломж түүнд ирэв. “Дэмий гонзгой” гэдэг шиг дэмий шахаа биш байгаасай.