ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хэзээ ч гундахгүй цэцэг”

А.ОДСҮРЭН
2019-11-08

Төмөрийн Ариунаа гэх дуучин бүсгүйг тэртээ арван жилийн сурагч байхаасаа “мэднэ”. Түүнтэй найзалж нөхөрлөж яваагүй ч дайчин цоглог бүсгүй, хэдийд ч хэнд ч, юунд ч бууж өгөхгүй нэгэн, хэзээ ч “хуучиршгүй жинс” гэдгийг нь бол гадарлана. Тэр өнөөдөр “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ. Буянт-Ухаа спорт цогцолбор сүүлийн хэд хоног тоглолтын бэлтгэл ажил, дуу бүжгийн аянд хотолзож байгаа сураг байсан.

Дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа гэж хэн бэ. Бүсгүй хүн, дуучин хүн гэдэг тийм л байдаг байх, тийм байх ёстой байх гэмээр бүсгүй юм билээ. Харахад, сонсоход л зүрхний чанадад нэг тийм сэтгэлийн гэгээ татуулдаг дуучин бүсгүй түүнээс өөр хэр олон байдаг юм бол. Амьдралдаа ч тэр, урлагтаа ч тэр, үнэнчээр яваа түүнд битүүхэндээ атаархаж, бас тэрүүхэндээ шүтэж явдгаа нуухгүй ээ. 

Дуулсан дуу болгон нь хүний сэтгэлд хүрч, уярааж догдлуулж, даган дуулуулж чаддаг нь зөвхөн авьяасынх л байх.  Тэр Монголын эстрадын урлагт арван зургаахан настайдаа хөл тавьснаасаа хойш хэдэн удаа тоглолтоо хийсэн юм бол. “Соёл Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгаар овоглож, НҮБ-ын “Элч дуучин”, Монгол Улсын гавьяат жүжигчин хүртэлх замыг өөрийнхөөрөө туулсан Т.Ариунаа 15-хан настайдаа Монголын радиогийн алтан фондод дуугаа бичүүлж, 19 настайдаа анхны пянзаа гаргаж, 1995 онд анхны клипээ гаргаж  байсан.

Тэр тоглолт хийх бүртээ хэн нэгнээс тусламж гуйдаггүй, өөрөө бүх зардлаа гаргаж зохион байгуулдаг, “Ариун сэтгэл сан” гэх хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төрийн бус байгууллага байгуулж, тухайн үедээ 100 ам.долларын үнэтэй хандивын тоглолт зохион байгуулж, сайн үйлсийн аянд хандив босгож байсан бол одоо “Элэг нэгт монголчууд” сангийн нэгэн эд эс болж Монголын хавдартай иргэдийн эрүүл мэндийн төлөө сайн үйлсийн аяныг хөтлөлцөж яваа.

“Нэг л үдэш”, “Дурлал шиг асна”, “Гайхамшигт үдэш”, “Best of Ariunaa” зэрэг тоглолтуудынх нь хурц хурц шийдлүүд, шинэ клип бүртээ гаргадаг “дүр”-үүд нь түүнийг хэзээ ч “хуучиршгүй жинс”, хэзээ ч гундахгүй цэцэг гэдгийг нь илтгэдэг билээ. Түүний “Тэнгэр шиг бай” тоглолт түүний шинэ эрэлхийлэл, шинэ мэдрэмж, шинэ хүсэл тэмүүлэл, шинэ мөрөөдөл, шинэ амжилт, шинэ рекорд болох биз ээ. Амжилт хүсье, Ариунаа.