ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдоржийн луйвар илчлэгдэж эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-08

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн  удаа дараа үйлдсэн луйврууд нь олон нийтэд ил болж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэнчлэн шударга бусын хонгил задарч, МАНАН-гийн бүлэглэл тарах  цаг ойртов уу.  Ц.Элбэгдорж болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн луйвар олон нийтэд ил болж, шуугиан тариад байна. 

Энэхүү луйвар 2009 оноос эхлэлтэй бөгөөд  БНСУ-ын  иргэн Ү Тэк Гуан Монгол Улсын хууль  хяналтын байгууллагын  хатуу босгыг давж, чадахгүй арга мухардаж, яваагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжиллаа. Тэрбээр олон жилийн турш  үнэний эрэлд хатаж, өнөөг хүртэл хэргийнхээ үнэн зөвийг шийдүүлж чадахгүй, хуулийн цоорхойгоор хохирч яваагаа товч тодорхой илэрхийлсэн байна билээ.

Тэрбээр өмгөөлөгч К.Манлайгаар дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УЕП Б.Жаргалсайхан нар хандан өргөдөл гаргаж, хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Өргөдөлдөө  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга, зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн, БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээ нарт удаа дараа луйвардуулж, одоо хэр нь хохирлоо барагдуулж чадахгүй байгаа талаараа тов тодорхой дурдсан байх юм.

БНСУ-ын жирийн нэгэн бизнесмэн болох Ү Тэк Гуан 2011 оноос гэр хорооллын иргэдэд өөрийн хөрөнгөөр буюу нэг сая ам.доллароор шалны халаалт тавьж, өгч туслалцаа үзүүлдэг байж. Ийн явахдаа өөрийн орны шалны халаалтын үйлдвэрийн эзэн болох Ү Жэ Мүнтэй танилцаж, бүтээгдэхүүнээс нь Монголд оруулж ирэн, айл өрхүүдэд үнэ төлбөргүй тавьж өгчээ. Улмаар шалны халаалтын үйлдвэрийн эзнээр дамжуулж, БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэж явсан Ж.Сүхээ нараар танилын хүрээгээ тэлсэн байгаа юм.

Тэд “Та Монгол Улсад сайн үйлсийн аян өрнүүлдэг юм байна. Үүний хариу болгож   бид 10 сая ам.долларын үнэтэй алтны үндсэн ордыг таван сая ам.доллароор танд өгье, худалдан аваач ээ” гэж санал тавьсан бөгөөд  БНСУ иргэн Ү Тэк Гуан гурван сая ам.долларыг шилжүүлсэн байна. Төд удалгүй лицензийн талбайд өөрийн хөрөнгө болох 400 гаруй мянган ам.доллароор хайгуул хийсэн ч  нөөц нь худлаа тогтоогдсон байдаг аж.  Үүнд ямар нэгэн алтны нөөц байхгүй байна” гэдгийг нь хэлсэн ч хохирлыг нь барагдуулаагүй аж.

Түүгээр ч үл барам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихдээ иргэн Ү Тэк Гуанаас дахин мөнгө нэхэж, 700 мянган ам.долларыг  нэмж авсан зэрэг давтан луйвар нь ил болов. Энэхүү хэрэгт голлон тоглосон Ж.Сүхээг хууль хяналтын байгууллагаас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 30 хорих шийдвэрийг гаргалаа.

Хэрвээ энэхүү хэргийн үнэн мөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уснаас хуурай гарах боломжгүй болох нэгэнт тодорхой болов. Харин энэхүү хэргийн араас 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ БНСУ-д төвтэй Мүүний үзэлтнүүдийн хуралд оролцож, санхүүгийн дэмжлэг авсан эсэх асуудлаас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн луйвраар үргэлжлэх нь нэгэнт ойлгомжтой болов.

Мөн Монгол Улсад их хэмжээний татвар төлөлгүй нуун дарагдуулсан гэгдэх Жастин Капла буюу “Саус гоби сэндс” компанийн удирдлагуудын Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг шүүхээр тогтоо­сон ч хохирлыг барагдуулаагүй байхад өршөөл үзүүлж нутаг буцаасан хэрэг сөхөгдөнө. 2012 онд Оюутолгой компанийн “Brian Marsden” гэгчтэй P13271 тоот гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос долоон тоот байрыг 36 сая төгрөгөөр худалдан авч,  хувьдаа авсан, эхнэрийнхээ төрийн бус байгууллагаар 2011 оны есдүгээр сард “Рио Тинто” компаниас гурван сая ам.доллар авсан, АСЕМ-ийн хэрэг гэх мэт олон асуудал түүнээс хариу нэхэхээр хүлээж байна. Удахгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зангиагаа зүүж, гутлаа тослон, хууль хяналтын байгууллагад мэдүүлгээ өгч, хэргээ хүлээх л үлдэв бололтой.