ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сархинаг”

А.ОДСҮРЭН
2019-11-11

Энэ хүний учрыг бүр олохоо байлаа шүү. Цэндийн Нямдорж гуай өдгөө 63 настай. Ахмад, туршлагатай парламентч. Харин сүүлийн үед сайдын үг хэл, яриа тайлбар, мэдэгдэл, ярилцлагуудаас хараад байхад юм юм хольсон холион бантан ч юм уу, эрээн сархинаг шиг санагдаад байх чинь юу вэ. Өнгөрөгч баасан гарагт “ФАТФ намайг сайн ажилласан гэж талархлын бичиг ирүүлсэн. Зэрэглэлийг нь бууруулаад арай ч саарал жагсаалтад оруулахааргүй болчихож байгаа юм байна гэж бодтол оруулчихаж” гэж палхийтэл хэлчихэж байгаа юм.

Муу ФАТФ-ынхныг дээ. Энэ зэргийн үгийг амнаасаа түүртэх бодох юмгүй унагачихаад байдаг болсныг нь бодохоор өрөвдөх ч шиг. Ахмад, туршлагатай гэх тодотголыг нь бодохоор харамсах ч шиг. 500-хан сая төгрөгийн амбаарт “новшоо” хурааж, зурагт үзэлгүйгээр хүний тансаг хаусанд байр цахилгааныхаа мөнгөө төлөөд “арайхийж” амь зуудгийг нь бодохоор өрөвдөх. Хүүхдийнхээ бизнесийг төрийн өмчит компанид шахаж, С.Зоригийн хэргийн талаар их мэдэгч болж, Увсын бүлэглэлийг алсаас удирддагийг нь бодохоор уур хүрэх шиг. 

УИХ-ын залуу гишүүдийг сүрдүүлэх, заналхийлэхийн дундуур “сургадаг” таван удаагийн Хуульзүйн сайд Ц.Нямдорж хөөн хэлэлцэх хугацааны цаана хэчнээн цагаан захтнууд, албан тушаалын хэргээ хүчингүй болгуулж, ял завшиж байгааг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Монгол төрийн шударга ёсны хэмжүүр гэж өөрийгөө тодорхойлдог “сархинаг” сайдын амнаас унаж буй үг ингэтлээ үнэгүйднэ гэж хэн санах билээ.

Түүнд Монголын ард түмэн хайртай байсан, хүндэлдэг байсан. Харин одоо нэг л тиймхэн өнгө аясаар ханддаг болсон байна лээ.  “Би та нарыг мэднэ. Та нар тэгдэг, ингэдэг. Тэгж хор хутгадаг, ингэж хуйвалддаг” гэж эзэн биегүйгээр хэн нэгэн рүү чичихээс биш хэн нэгнийг нэрлэж байсан удаа бараг үгүй. ФАТФ-аас ирсэн талархлын бичгийг нь ч харах юмсан. Тив алгасч цуураагүй л байгаасай. Хонзон санасан хэчнээн хүнээ хуулийн дор сөхрүүлснийг нь монголчууд мэднэ.

Харин хэн гэдэг цагаан захтныг шударгаар шүүж ял эдлүүлснийг нь бол хайгаад ч олохгүй байж мэднэ.  Өнөөдөр хэн нэгнийг хар хэрээ мэтээр ярьж, маргааш нь тагтаа болгон хувиргахыг тэр л чадна. Итгэхгүй бол ярьж хэлсэн, хэн нэгнийг дүгнэсэн тухай яриаг нь “юүтүүб”-ээс хайгаад үзээрэй. Гараад л ирнэ. Сархинагт дуртай хүн тийм ч олон биш ээ, угаасаа.