“Татварт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч. Их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ?
-Манайх 2008 онд байгуулагдсан. Татварын хууль тогтоомжийн тухай хуульд хяналт шинжилгээ, мониторинг хийдэг. Бид алдаатай, хийдэлтэй зүйлд нь хяналт тавьж, шийдвэр гаргах түвшний байгууллагад ханддаг юм. Цаашилбал, алдааг нь засч залруулахад анхаарч ажилладаг гэсэн үг. Тухайлбал, төсвийн орлогын бүрдүүлэлт, далд эдийн засаг, татварын байцаагч нарыг авлигаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.
-УИХ-аас энэ онд Татварын багц хуулийг шинэчлэн баталсан шүү дээ. Хуулийн төсөл хүлээлтэд нийцэж чадсан уу?
-Татварын багц хуулийг УИХ хангалттай сайн өөрчилж чадаагүй. Хуулийг хэлэлцэж байх хугацаанд УИХ-ын гишүүд хангалттай сайн анхаарч ажиллаагүй. Өөрөөр хэлбэл, Татварын багц хуульд хойрго хандсан. Хуулийг хэлэлцэж байхад цөөхөн гишүүд хуралд суучихсан байхыг хараад таатай санагдаагүй шүү. Хууль батлах процесст гишүүд оролцохгүй, татварын хуулинд анхаарал хандуулж ойлгосон нь хэд бол. Бүхэл бүтэн улсын эдийн засаг, хувь заяаг шийдэх асуудалд хойрго хандаж болохгүй биз дээ. Нөгөөтээгүүр, Татварын багц хуулийн борлуулалтын орлогыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу хуульд анх тусгасан байсан. Гэтэл хуулийг хэлэлцэх хугацаанд олон улсын стандарт нь байхгүй болсон. Тухайлбал, урт хугацаат гэрээ, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт гэж заавал байх ёстой. Үүнийг хэлэлцэх хугацаандаа байхгүй болгосон нь Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн аравдугаар зүйлд улс орны батлагдаж байгаа хууль тогтоомж олон улсын эрх зүйн хэмжээнд тохирсон байна гэж заасан. Гэвч хамгийн гол стандартыг үгүй хийлээ. Үүгээрээ Монгол Улсын орлогыг бүхэлд нь бүрхэгдүүлсэн.
-Монгол Улсын татвар бүрдүүлэлт хангалтгүй нь юутай холбоотой гэж боддог вэ?
-Монгол Улсын төсвийг бодитой төлөвлөж өгдөггүй. Татварын орлого бүрдүүлэлтэд хангалтгүй, эмх замбараагүй. Татварын бүрдүүлэлт хангалтгүй байгаа нь орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад боломж олгож байгаа юм. Тайлангаа өгдөггүй аж ахуйн нэгжүүд жил ирэх бүр нэмэгдэж байна гэсэн судалгаа ч бий. Ийм байхад улсын төсөв алдагдалтай гарах нь ойлгомжтой. Төсвийг ил тод нээлттэй төлөвлөх ёстой гэж хуульд заасан. Өнөөдөр манай улсын толгой компаниудын төлж байгаа татвар нээлттэй байх ёстой. Нийгэмд хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд хэдий хэр хэмжээний татвар төлдөг вэ гэдгээ нээлттэй тавих ёстой юм.
-УИХ-аар яг одоо хэлэлцээд байгаа АМНАТ-ийн талаар та ямар байр суурьтай байна?
-АМНАТ-ийн талаар асуудал үүссэн. Хамгийн будилаантай зүйл нь орлого хүлээн зөвшөөрөх олон улсын стандартаа манай Сангийн яам баримтлаагүй гэсэн үг. Үүнийг будилуулснаас болсон зүйл шүү дээ. АМНАТ төлөхдөө борлуулалтын үнээс, зах зээлийн үнээс цаашлаад шат дамжлаг бүрт АМНАТ ногдуулна гэдэг маш том асуудал. Үйлдвэрлэл хөгжих боломжийг л бүрэн хааж байгаа гэсэн үг. Ийм болгоно гэдэг нь үйлдвэрлэлүүд алдагдалтай ажиллана гэсэн үг. Алдагдалтай ажиллаад байна гэж байхгүй тэгээд л хаалгаа барина шүү дээ. АМНАТ гэдэг бол сонгодог утгаараа эрх борлуулсны орлого буюу олборлогч этгээдээс ашигт малтмал олборлосных нь төлөө нэг удаа л авдаг төлбөр. Гэтэл эсрэгээр нь хийчихсэн. Энэ бүхнийг будилаантуулсан хүн нь Ч.Хүрэлбаатар сайд өөрөө шүү дээ.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар арай өөрөөр тайлбарлаад байгаа шүү дээ?
-Ч.Хүрэлбаатар улстөржсөн мэдэгдэл хийсэн. Нийтийн эрх ашгийг зөрчих хууль боллоо гэдгийг мэргэжлийн бүх хүн мэдэж байгаа. Өөрт нь ч хэлсэн. Энэ талаар иргэний нийгмийг байгууллагууд саналаа бичгээр өгсөн. Өнөө хэр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу өгөхгүй усанд хаясан чулуу шиг алга боллоо. Энгийнээр тайлбарлахад , борлуулалтын үнэлгээ урд хөршийн үнэлгээ хоёр зөрвөл дунд нь үүсэх зүйл нь жинхэнэ утгаараа цавчаа болно. Ийм байхад улс орны эдийн засаг өндийхгүй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтийг төөрөгдүүлж, будилаантуулж байгаа. Мөнгө угаах гэдэг ойлголт Орлогын албан татварын хуульд тусгаагүй. Монгол Улс мөнгө угаагаагүй бол сааралт жагсаалтад орохгүй байх байсан. Татварын багц хуульд ч тусгаагүй, орхигдуулсан. Үүнийхээ төлөө Ч.Хүрэлбаатар сайдад хариуцлага тооцох ёстой. Манай улс хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас өнөөдөр ийм асуудал үүссэн. Бурууг Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргаас хайх нь учир дутагдалтай шүү дээ. Жинхэнэ буруутан нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар.
-Монголд мөнгө угаах, далд эдийн засгийг өөгшүүлж, томоохон компаниудад боломж олгож байна гэж та хэллээ. Энэ талаар тодорхой ярьж болох уу?
-“Эм Си Эс” компанийг нэрлэж болно. Тухайлбал, замын тендер авлаа гэхэд НӨАТ-аас толгой компани нь чөлөөлөгддөг. Гүйцэтгэл хийж байгаа охин компаниудад НӨАТ-ын эрхээ шилжүүлж өгдөггүй. Үүнээс болж татварт өр үүсдэг. Өрийг барагдуулахаар татварын байцаагч нар ажиллахад эцсийн гүйцэтгэл нь хятад компани байдаг.