ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Иргэдтэй уулзах шаардлагагүй, дарга нартай нь яриад тохирчихсон” /Даланжаргалангийн далан зовлон-3/

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-11

Түрүүч нь  

Даланжаргалангийн далан зовлон-1 ЭНД дарж үзнэ үү

Даланжаргалангийн далан зовлон-2 ЭНД дарж үзнэ үү

“Даланжаргалангийн далан зовлон” сурвалжилгынхаа гурав дахь дугаарыг уншигч танд хүргэе. Дорноговь аймгийн Даланжаргалан сум өнөөдрийн байдлаар 300 малчинтай, уул уурхайн 108 лицензтэй.  Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лицензтэй компаниудаас нэг нь ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэж тус сумын жирийн иргэн хэнбугай ч хэлж байна. Сумын Засаг дарга С.Уранцэцэг, ИТХ-ын дарга Г.Мэндсайхан нараар уламжлан Дорноговь аймгийн удирдлагууд, аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар, Засгийн газар, Уул уурхайн яам зэрэг газруудад сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд гомдол саналаа зуу, зуугаар нь мэдүүлдэг ч өнөөдөр Даланжаргалан сумын ард иргэд, малчдыг хэн ч тоож анхаараагүй ажээ. Харин суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн удирдлагууд “Бид аймаг, сумтай гурвалсан гэрээ байгуулсан. Ард иргэдтэй уулзаад байх шаардлага байхгүй” гэдэг ажээ. Аймгийн удирдлага, сумын удирдлага, компанийн удирдлагууд л хоорондын гэрээ хийснээс бус ард иргэдийн санал хүсэлт, нийгмийн хариуцлагын талаар ямар ч ойлголтгүйгээр газар нутгаа дарга нар нь ухуулж, мөнгө л олж байвал Монголын нутаг, монгол хүн бидэнд хамаагүй гэх Хятадын хөрөнгө оруулалттай компаниудын өмнө ард иргэд, малчид сөхөрч гүйцжээ. 

55 мянган га газар сүйтгэгдэж, 400 орчим ухсан нүх онгойж харагдана

Даланжаргалан сум бол Ази, Европыг холбосон авто зам болон төмөр зам дайран өнгөрдөг ч гэлээ эдийн засаг, ард иргэдийн амьжиргааны голлох салбар нь мал аж ахуй. Нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь нь уул уурхайнхны хөлд сүйдэж, мал нь байтугай иргэд нь амьдарч аж төрөх, эрүүл орчинд ажиллаж амьдрах аргагүй болсон тухайгаа ярьсаар, хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн нь ирж байдлыг газар дээр нь ирж үзээсэй гэж тэмцсээр бас л гурван жилийн нүүрийг үзжээ.

Харин хэн ч тэднийг тоосонгүй. Сумын удирдлагууд нь малчдаа, иргэдээ “дуугүй бай,  чимээгүй бай” хэмээн дарамталсаар ирсэн тухай л сонсож байлаа. Өнөөдрийн байдлаар Даланжаргалан сумын хэмжээнд ухагдаж орхигдсон 55 мянган гаруй га талбай, 400 орчим ухсан нүх л нүдэнд харагдаж байгаагаас ард иргэдийн амьдралд ямар ч нэмэр болсонгүй. Мал маллах аргагүй болсон малчид, тэдний үр хүүхдүүд уул уурхайн компанид ажиллахаас өөр сонголтгүй болжээ. 

22 булаг шандаас хоёрхон л үлдсэн

Нүүрс олборлодог 30-аад компани 20 гаруй км-ын холоос нүүрсээ угаах үйлдвэр рүү тээвэрлэдэг бөгөөд энэ суманд дөрөвхөн сайжруулсан шороон зам тавьсан болоод орхижээ. Хүний эрхийн байгууллагаас хоёр жилийн өмнө нэг судалгаа хийж, 10 минутад 22 том оврын машин, шланз явж өнгөрдөг гэсэн дүгнэлт гаргасан байдаг юм билээ. Ганцхан сумын нутаг дэвсгэрт 200 орчим хүнд даацын машин дөрөвхөн сайжруулсан замаар холхидог гэх бөгөөд жолооч нар ихэнхдээ дуртай газраараа давхидаг гэж сумын иргэд ярьж байна.

Говь нутгийн уужим талаар тийм том машин хаагуур л бол хаагуур давхихад саадгүй учраас булаг шанд, айлын өвөлжөө, хаваржааг “дайраад” л туучдаг ажээ. Тиймээс л тоосжилт ихэсч, нутгийн булаг шандных нь 10-хан хувь нь үлдэж, үлдсэн цөөхөн худаг, булаг шандных нь ундарга багассаар байна. Гар худгууд бол ихэнх нь ширгэж, зөвхөн “Элдэв” багийн нутаг дэвсгэрт 22 булаг байснаас одоо хоёрхон булаг, “Өнгөт” багийн нутагт 26 булаг байснаас одоо гуравхан булаг л үлдсэн талаар малчид хэлж байна. Булаг шанд нь ширгэсэн учир өвс ургамал ч ургахаа байжээ. 

Бид Даланжаргалан сумын “Элдэв” багт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын нөхцөл байдалтай танил­цахаар явах замдаа Дорноговь аймгийн Айраг сумын цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Г.Отгонбаатар нүүрс авсан том оврын шланзуудыг зогсоочихсон шалгаж байх­тай таарч, цөөн асуултад хариулт авлаа.  

Дэд ахлагч Г.Отгонбаатар: Бидэнд уурхайн компаниудыг торгох эрх байхгүй

-Энд ямар зөрчил гаргасан машинуудыг саатуулсан байгаа вэ?

-Яг одоо гэрэл, дохио, тээвэрлэлтийн стандарт зөрчсөн 15 орчим машин байна. Зарим нь хучлагагүй, хучлагатай нь жин тонн хэтрүүлдэг. Жишээ нь, зургаан голтой машин гэхэд 44 тонныг ачих ёстой байтал журам мөрдөөгүй. Дээрээс нүүрс тээвэрлэдэг машинууд зам маш их эвдэж байна. Хөндлөн гарч буй замын хотгор гүдгэр нь давалгаатай юм шиг  болчихсон байгааг  харж байгаа биз дээ. Сумын Засаг дарга,  иргэд машинууд тоос их босгож байна гэж байгаа. Тоос босгохгүй машин гэж байхгүй байх. Гэхдээ ядаж замаа засчих хэрэгтэй байгаа юм. Уг нь бүх уурхайнууд замаа услаад  байвал тоос босохгүй шүү дээ.  Тэдэнд  усны машин байдаг. 

-Урд талд эхний машин дээр ачсан нүүрс нь уугиж байна?

-Халуун нүүрсээ хучлагаар бүтээчихээр хучлага нь шатчихна. Жолооч нар нэг хучлагыг 150 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Хучлагагүй орж ирээд  цагдаа нарт 100 мянган төгрөгөөр торгуулна. Жолооч нар халуун нүүрс ачих дургүй. Хучлага нь шатах аюултай. Хэрвээ шатчихвал жолооч нар л өрөнд орно.  

-Бүгд энэ хавийн уурхайнуудын машин уу?

-Газар газраас л ирсэн жолооч нар байгаа. Амьдралаа залгуулах гэж яваа жолооч нар байгаа шүү дээ. Ихэвчлэн монгол жолооч нар байдаг.  Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа нүүрсний бүх уурхайгаас нүүрс ачиж ирсэн машинууд бүгд энд саатдаг. Биднийг шалгалтаар гарсныг дуулаад ихэнх нь уурхайдаа хүлээгээд зогсож байгаа. Зарим нь тэвчээр алдарч гарч ирээд эндээ саатуулагдана. Энд байгаа жолооч нар ихэнх нь торгуулж байсан. Одоо харин торгуулж чадахгүй компани дээр нь арга хэмжээ ав гээд байгаа. 

-Компаниудад арга хэмжээ авч байсан тохиолдол бий юу?

-Ер нь ховор доо.

-Цагдаагийн байгууллагаас компанид арга хэмжээ авах эрх байгаа юу?

-Бидэнд эрх байхгүй. Манай хэсгийн төлөөлөгч, замын байцаагч, тасгийн дарга нар хариуцлага ярина уу гэхээс ажил үүргээл гүйцэтгэж яваа. Цагдаа нар 200 мянган төгрөгөөс доош, байцаагч нар 200 мянган төгрөгөөс дээш торгоно гэсэн шат дараалалтай байдаг. Тухайн компанид нь хариуцлага тооцохгүй бол жолооч нар гомдол гаргадаг.

-Зарим хүнд даацын машинууд замгүй газраар явж, тоос босгож, газар нутаг сүйтгэж байгаа гэж тосгоны иргэд гомдол мэдүүлж байна лээ?

-Ачаагаа ачихдаа замаараа явчихаад, буулгаад цай хоолондоо орчихоод шууд өөр замаар давхиад байгаа юм. Бид хаах нөхцөл байхгүй. Жолооч нар ч дийлдэхгүй. Шаардлага тавихаар “За” гэнэ. Цагдаа байгаа үед  гол замаар явна, байхгүй бол замын гадуур явж байгаа нь үнэн. 

Жолооч У.Гантөмөр:  Уурхайнууд замаа услаад байвал тоос шороо босох нь бага байдаг

-Жолооч нарт уурхайн нүүрс тээвэрлэхэд ямар асуудал тулгардаг вэ?

-Нүүрсний хучлагаа өмнө нь шатаачихаад өөрөө худалдаж авсан. Компаниас халуун нүүрс ачаад өгчихнө. Хучлага нь шатчихвал өөрсдөө мөнгөөрөө худалдаж авна. Хучлагагүй бол цагдаа нар торгоно. Хэцүү байна. 

-Өдөртөө уурхай, угаах үйлдвэр хоёрын хооронд хэдэн рейс хийдэг вэ?

-Өдөрт арай гэж хоёр удаа  явдаг. Нэг тонныг нь 3500 төгрөгөөр  ачаад хамгийн ихдээ 70-80 км цагийн хурдтай л явна.  Цалингийн хувьд өдөрт хэдэн удаа явахаас шалтгаалах бөгөөд нэг явахад 30000-35000 төгрөг байдаг. 

-Уурхайнуудын замын арчилгаа ямархуу байна?

-Замын арчилгаа бараг байхгүй дээ. Байгаагаараа л  байгаа нь энэ. Уг нь уурхайн компаниудад машин зөндөө байгаа. Тэднээр услуулаад байвал тоос гарах нь бага байдаг. Өмнө нь жил бүр услаад  байсан, энэ жил ерөөсөө услаагүй. Цаашаа замаар яваад  үзэхээр энд эвдрэлтэй, хад чулуу босгоод орхичихсон  зөндөө газар бий. Зам тийм ч сайн  биш шүү дээ.

-Хучлаганы  ашиг нь яг юу юм? 

-Ядаж л нүүрснээс тоос шороо хийсээд байхгүй шүү дээ.  Замын л шороо байдаг. Салхи шуургатай үед  даавуун бүтээлгэндээ өөрсдөө орооцолдож үхчих гээд  байдаг.  Уг нь бол уурхайгаас нүүрсээ ачуулаад гарангуут бүтээлэг бүтээж өгөх ёстой юм билээ. Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаан дээрээ жолооч өөрөө бүтээх ёсгүй. Бүтээж өгснийг нь доогуур нь явж татаж өгдөг. Гэтэл манайд тийм юм байхгүй. Жолооч нар өөрсдөө  л бүтээсэн болдог.

Б.Оюунгэрэл
Д.Оюун-Эрдэнэ