Өнгөрөгч амралтын өдрүүдийн бямба гарагийн өглөө Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг зорилоо. Ээж, аавын минь танилцаж, гал голомтоо асаасан энэ нутгийн иргэд өнөөдөр хариуцлагагүй уул уурхайнхны балгаар нутаг усандаа амьдрах аргагүй болоод байгааг сонсоод дуугүй сууж төвдсөнгүй. Манай сонины сурвалжлах баг Даланжаргалан суманд өдрийн 12:30 цагт очлоо. Сумын төвийн сургуульд 25 жил багшилж байгаа найзынх маань байгаа болохоор бас ч гэж таньдаг хүнтэй, буугаад мордох айлтай болохоор алзах юм алга. Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг өнөөдөр 70 зовлон нөмөрчээ. Сүүлийн гурав, дөрөвхөн жилийн дотор уул уурхай, ашигт малтмалын компаниудын хөлд сүйрч, иргэд нь амьсгалах агаар, амьдрах нутаг, мал сүрэг нь уух ус, бэлчих бэлчээргүй болж, малчид гэртээ угаартаж, хүнд даацын автомашинуудын дугуйнд газар нутаг нь сүйдэж, бэлчээр нь талхлагдаж, мал амьтан байтугай хүн ч амьдрах аргагүй болсныг нүдээр үзэж, биеэр амссан цуврал сурвалжлагынхаа эхний дугаарыг уншигч танд толилуулъя.
Арваадхан км-ын радиуст 14 нүүрсний уурхай ажиллаж байна
Даланжаргалан сум бол Дорноговь аймгийн хамгийн хойд хэсэг, Улаанбаатар хотоос 300 км-т төмөр зам, автозам, цахилгаан шугам сүлжээ, үүрэн холбооны сүлжээнүүд орсон дэд бүтэц сайтар хөгжсөн, 2500 гаруй хүн амтай, олны хөлийн газар юмсанж. Энэ сум Элдэв, Өнгөт, Бичигт, Олон овоо, Цомог гэсэн таван багтай. Анх Хан Хэнтий аймгийн “Оцол Сансар” уулын хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн V тогтоолоор Даланжаргалан сум нэртэйгээр Боржигон Цэцэн вангийн хошууны нутаг “Элдэв” хэмээх газар байгуулагдсан түүхтэй ажээ. Даланжаргалан сум 404.5 мянган га газар нутагтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудтай хиллэдэг.
Малчин өрхүүд уурхайн тоос, шороонд дарагдаж, угаарт нь хордож байна
Сумын албан ёсны танилцуулгад маш олон хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бичигдсэн байх агаад УБТЗ-ын харьяа Цомог, Олон овоо, Өлзийт зөрлөгүүдээс гадна Чулуун заводын үйлдвэр, “МАК” компанийн “Элдвийн нүүрсний уурхай”, Хагас коксын үйлдвэр, “Өндөр буянт”, “Гермесгахиур”, “МАК” компаниудын Цементийн үйлдвэрийн төслүүд, “Кевин инвест” компанийн жонш баяжуулах үйлдвэр, нүүрсний “Чингисийн хар алт”, “Штайнколе”, “Пауэрлэнд” ХХК-иуд, төмрийн хүдэр олборлох “МГМК” компани, жонш олборлох “Талст дөл”, “Тэнүүн байгаль” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна гэж бичжээ. Бодит байдалд энэ суманд ашиглалтын 60 гаруй лицензтэй компани, аж ахуйн нэгжүүд нүүрс, жонш, өнгөт чулуу ухаж, 30-аад хайгуулын лицензтэй компани өрөмдлөгийн ажлаа хийж байна.
Даланжаргалан сум усан болон утаат болор, чүнчигноров, гартаам, мана, өнгөт чулуу, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс, хүрмэн чулуу, бал чулуу, шохойн чулуу, барилгын материалын түүхий эд зэрэг ашигт малтмал элбэгтэй. Их нарт гэдэг тусгай хамгаалалттай газар нутаг ч энэ суманд бий. Энэ газар нь аргалийн сүргийн нягтаршлаараа дэлхийд нэгдүгээр ордог тухай та хаанаас ч уншиж болно. Сумын 400 гаруй мянган га талбай бүхий газар нутгийн ихэнхийг ашиглалт, хайгуулын зориулалтаар уул уурхайн компаниудад олгож, одоогоор 108 тусгай зөвшөөрөл, 10 орчим боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл олгожээ.
“МАК” компанийн цементийн үйлдвэр
Сумын анхны шав тавьсан “Элдвийн гол” гэж жижиг баянбүрд бүрдсэн үржил шимтэй хөрс бүхий газарт л гэхэд нүүрсний 25 уурхай хаяа хаяагаа дэрлэн ухаж, сэндийлж байлаа. Энэ бүс нутагт “МАК” компани анх бичил уурхайн бүс болгосон бөгөөд Алагтолгойн уурхайг нээснээр арваадхан км-ын радиуст 14 нүүрсний уурхай, хоёр нүүрс угаах үйлдвэр ажиллаж байна. Зургаан голтой, 44 тонноос дээш жинтэй том шланз машинууд угаасан угаагаагүй нүүрс ачин зөрөлдөж, хүн амьтан амьсгалах аргагүй тоос босгож, зарим халуунаараа нүүрснүүд уурхайдаа шатаж, малчид шөнө орондоо угаартах нь хэвийн үзэгдэл болжээ.
“Олон овоо” багийнхан гамшгийн бүсэд амьдардаг
Даланжаргалан сумын “Олон овоо” баг сумаасаа хойш 20-иодхон км-т, Сайншанд-Замын-Үүд хүрэх автозам дагуу байх. Энэ багт Даланжаргалан сумын иргэдийн талаас илүү хувь нь оршин суудаг ажээ. “Салхитай өдөр бол гадаа гарах аргагүй. Өнөөдөр салхи тогтуун байна” гэж бидэнд замчилсан залуу хэлж байна.
Ил уурхайн нүүрс халснаас уугиж шатаж байна
Багийн баруун талаар нар бүтэн тойрлоо. Багийн төвөөс 1.5 км-ын радиуст нүүрс угаах арав гаруй, үйлдвэр хоёр баяжуулах үйлдвэр, “МАК”-ийн цементийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Багийн төвд, төв замын дэргэд, төмөр замын ачих буулгах хэсгийг бараадан нүүрс угаах үйлдвэрүүдээ ажиллуулж байгаа нь тосгоны хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц ажээ. Хүүхдүүд ч энд учраа мэдэхгүй тоглон гүйлдэх аж. Ихэнхи хүүхдийнх нь ээж аав уурхайд ажилладаг учир арга ч үгүй биз.
Нүүрс ачсан том оврын машин техникүүд дуртай газраараа давхилдаж, нүүрс угаах үйлдвэрийн гадаахь нүүрсний болон хаягдлын овоолгууд салхинд бужигнаж, амьсгал авах аргагүй болгож байна. Бид “Пиншү Зун” нүүрс угаах үйлдвэрийн хашаагаар орлоо. Нэг давхар сэндвичэн байшинд ороход ганц хятад хүн хар самар цөмж, зурагт үзэж суув. “Танай дарга байна уу. Үйлдвэрийг хариуцаж байгаа хүнтэй нь уулзмаар байна” гэхэд “Энд дарга байхгүй. Удирдаж байгаа хүн байхгүй. Би юу ч мэдэхгүй” гэв. Газарчилж явсан залуугаар мэддэг, монгол хэлтэй даргатайгаа холбоо бариад өгөөч гэхэд 991138.. дугаар руу залгав. Монгол эрэгтэй хүн утсыг авч байна. “Учир байдлаа хэлж, зарим зүйлийг тодруулъя. Танайх хаанаас усаа авч, нүүрсээ угаадаг вэ.
Угаасан нүүрсээ хааш нь гаргаж байна” гэхэд “Хариуцаж байгаа хүн нь бий байна. Гэхдээ ажлаар хотод явж байгаа. “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрсийг угааж Хятад улс руу гаргадаг. Уурхайн шүүрлийн усыг “Говийн шилмэл зам” ХХК-иас худалдаж авч, нүүрсээ угаадаг. Усны үнийг санхүү мэдэх байх” хэмээгээд нэр усыг нь асуутал үг дуугүй утсаа таслав. Угаах үйлдвэрийн хашааны гадна нэг шланз зогсч байна. Эхнэр, нөхөр бололтой хоёр хүн рүү очиж хэдэн үг солив. Тэд Баян-Өлгий аймгаас хувиараа нүүрс ачиж, мөнгө олохоор иржээ. Гэвч машин ихэдсэн гэдэг шалтгаанаар хоёр хоногтоо хүлээж байгаад ганц хоёр удаа нүүрс ачдаг бөгөөд нэг тонныг нь 3500 орчим төгрөгөөр бодож тээвэр хийдэг аж.
“Энд машиндаа хоол ундаа хийгээд, хоночихдог. Ажил бага, олдохгүй бол нутаг буцна даа. Дугуй муутай, шатахуун байхгүй яадаг ч юм билээ” гэв. “Олон овоо” багийн төвд УБТЗ-ын чулуу бутлах үйлдвэр, нүүрс ачилтын дөрвөн том зам, “МАК” компанийн цемент боловсруулах үйлдвэр, жонш бутлах, савлах, ачих газар, тэдгээрийн тээвэрлэлт хийдэг 1000 гаруй том оврын машин холхиж тоос шороо бужигнаж байлаа. Бутлах үйлдвэрийн дуу чимээ, тоосжилт, тэсэлгээ, галт тэрэгний дуу чимээ гээд энэ багийн оршин суугчид амьдрах аргагүй болжээ. Энэ багт бага сургууль хичээллэдэг, төмөр замын орон сууцныхан болон бусад оршин суугчдын хувьд байдал үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчээ.
“Элдэв” багийн малчдыг уурхайнхан элдэвлэсээр...
100 гаруй километрийн алсаас харагдах бараатай Чойрын уулаас аргаль, янгир ирж ундаалдаг байсан Элдвийн худаг, булаг шанд ширгэж, тус багийн малчид ганц хоёрхон хөрсний худгаас ээлж дараалан, хоёр гурав хоногтоо нэг малаа усалдаг болсон байна. Өвөл цас орохгүй бол байгаа хэдэн мал нь харангадах болчихоод байна гэж “Элдэв” багийн малчин О.Дашрэнцэн гуай ярьж байна билээ. “Бодвол биднийг байх суух газаргүй болохоороо нүүхгүй хаачдаг юм бэ” гэж бодож байгаа байх.
Хариуцлагагүй уул уурхайн уршгаар булаг, шанд ширгэжээ
“Уурхайн ашиглалтын бүсэд манай өвөлжөө орсон юм билээ. Гэрт угаар үнэртэхээс эхлээд хэдэн мал уух усгүй хэцүүдэж байна. Хөгшин бид хоёр ханилснаасаа хойш 30 гаруй жил яг л эндээ өвөлжиж, хаваржиж, намаржиж, зусч байна. Хэн нь хэнийхээ эзэмшил газар дээр байгаа нь ойлгомжтой юу” гэх хэгжүүхэн бор өвгөн хэзээ ч эндээсээ нүүхгүй, явахгүй гэх шиг түмпэнтэй мах мөлжих зуур хэлэв. Хөгшин нь нэлээд яриа хүн байна билээ. “Гурван жилийн өмнө яг энэ урд нэг өрмийн машин ирсэн байсан. Сумын газрын байцаагчид хэлсэн чинь “Зүгээр ээ, санаа зоволтгүй.
Өрөмдөж үзээд л явах юм” гэсэн. Аймаг ороод гурав хоночихоод ирсэн чинь өрмийн машин нь нэмэгдээд гурав дөрвөн газар зоочихсон байсан. “Нөгөөх өрмийн машин чинь нэмэгдсэн байна” гэж дахиад л сумын Засаг дарга С.Уранцэцэгт хэлсэн. “Яах ч үгүй ээ. Наадуул чинь удахгүй явна” гэж байсан. Гэтэл явах нь бүү хэл, байшин бариад эхэлсэн. Учрыг асуутал “Одоо наадах чинь бидний мэдлээс хэтэрсэн. Дээд газраас шийдвэр нь гарчихсан.
Тэвшнээс дээш нүүрс ачиж зөрчил гаргасан жолооч нар цагдаа явахыг хүлээнэ
Бид юугаа мэдэх вэ” гэж Засаг дарга хэлсэн. Ингээд л гуравхан жилийн дотор энэ уурхай, тэрний дэргэд маш олон уурхай ажлаа эхэлж, өрөмдөж ухаж эхэлсэн дээ. Шөнө унтана гэж байхгүй. Том том машин техникүүдийн дуу чимээ, ухаж гаргасан нүүрс нь уугина. Угаар үнэртэнэ гэж найгүй. Шөнө бол улаан цурам гараад л шатна. Мал уурхайн бүс рүү орчихно. Хэд хэдэн мал гортиг татан ухсан нүх рүү нь унаж үхсэн. Манай энэ хавь уг нь булаг шанд сайтай. Сайхан нутаг байсан. Одоо ч биднийг эндээ үхвэл үхэг. Үхэхгүй гэвэл нүүнэ биз гэж боддог юм шиг байгаа юм.
Сум орон нутгийн удирдлагад хэлээд нэмэр алга. Та бидний мэдлээс хэтэрсэн л гэдэг. Гишүүд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд бол энүүгээр үзэгдэхгүй. Сум орж хэллээ гэж бодоход “Та чимээгүй л байж бай” гэдэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Манайх есөн хүүхэдтэй. Бид хоёрт биш юм гэхэд хэдэн хүүхдэд маань энэ нутаг, хэдэн мал нь хэрэгтэй болохоор бид яах ч билээ. Хавар ноос ноолуурын цагаар бол тоос тоосонцор шигдчихсэн учраас ноолуураа зарна гэж хэцүү дээ. Ченжүүд гарч хүрч үзээд хэтэрхий тоос шигсэн байна гээд авахгүй. Өнгөрсөн жил ноолуур 124 мянган төгрөгт хүрч байхад манай сумынхан арай гэж 90 гаруй мянган төгрөгөөр зарсан” гэж ярих нь цаанаа л горьдлого тасарсных.
“Элдэв” багийн малчин н.Батбаярынхаар орлоо. Нөхөр нь үхэр тугалаа эргүүлэхээр явсан хэмээн хоёр жаахан охинтойгоо, эхнэр нь гэртээ байна. Гэрт ороход нийслэлийн гэр хорооллын айлаас ч илүү угаар үнэртэж байх аж. Саяхан гал түлж нүүрс хийж дээ гэж бодох зуур гэрийн эзэгтэй Ө.Хишигмаа “Хэд хоногийн өмнө нөхөр бид хоёр өглөө босох гээд чаддаггүй. Толгой өвдөөд, босох гэсэн даагддаггүй.
Утсаар сумын эмнэлэгт хэлсэн. Түргэний эмч ирээд угаартсан байна гээд дусал хийж өгөөд явсан. Эмчилгээний зардлыг тухайн компаниас гаргуулах ёстой юм билээ. Өгөөгүй л байна” гэх нь тэр. “Одоо танайхаас аймаар их угаар үнэртэж байна” гэхэд “Юу ч биш ээ. Өдөр ийм байна. Шөнө яаж үнэртдэг гэж бодож байна. Хотын айлууд ч ийм байхгүй болсон гээд байгаа биз дээ. Мал хуй гаргана.
Даланжаргалан сумын “Их нарт” байгалийн нөөц газраас бусад газар нь ашиглалтын болон хайгуулын лицензтэйг ногоон өнгөөр харуулав.
Уушги, элгийг нь идэхгүй хаяна. Энэ хавийн уурхайнхантай байсхийгээд л маргалдана. Биднийг хүн гэж тоохгүй. Малчид нэгдээд эднийхээ эсрэг тэмцэх хэрэгтэй гэж ирсэн, уулзсан болгон хэлдэг. Хоорондоо 5-10 км-ын зайтай байгаа малчид хэзээ завандаа уулзаж, тэмцэх билээ. Өөр хоорондоо ярихаас хэтрэхгүй юм. Биднийг гээд ирж байгаа хүн байхгүй ээ. Уурхайн том дарга нар нь ирлээ л гэнэ. Ганц нэг монгол хүн, тэгээд бүгд хятад хүмүүс. Ажилчид нь ч бас хятад хүмүүс” гэв.
Бичигт багийн нутагт “Олон ихт баян” жонш баяжуулах компани бий. Засгийн газрын захирамжаар 10800 га газар авсан байх бөгөөд Б.Чойжилсүрэн гишүүний ахын компани аж. Уг компани ашиглалтын лицензээ аваагүй, дөнгөж хайгуулын зөвшөөрөлтэй байхдаа хөрс хуулалт хийж үйлдвэрээ барьж эхэлжээ. Тэр ч байтугай газрын зөвшөөрлөө аваагүй байхдаа барилга барьж эхэлсэн гэнэ. Нутгийн иргэд хайгуулын лицензээр барилга бариулахгүй, ТЭЗҮ гараагүй байхад ингэж болохгүй гэж сум, аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч дуудаад лац тавихад багийн дарга нарыг загнаж маргааш нь үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байдаг гэдгийг онцолж байв. Энэ мэтчилэн замбараагүй олон компани, тэдгээрийг лицензийн зөвшөөрөл хэрээс хэтэрсэн байгаа нь ганцхан багийн нутгаар явахад ойлгомжтой байлаа. Бид дараа дараагийн дугаартаа энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Б.Оюунгэрэл
Д.Оюун-Эрдэнэ
Үргэлжлэл дараагийн дугаарт.