ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хүний нутгийн луу”

А.ОДСҮРЭН
2019-11-12

Дахин нэг сүмоч Монгол Улсын иргэншлээсээ татгалзлаа. Харамсалтай байна. Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх Ёкозүна Их аварга Магалжавын Ананд өдгөө 33 настай, залуухан сүмоч. Монголчууд сүмо үздэг, мэддэг болоод 20-иод жил болж байна. Энэ хугацаанд Японы мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх их аваргын цолыг дараалан дөрвөн монгол залуу хүртэж, япончуудыг “атаархуулж” байлаа. Харин мэргэжлийн сүмогийн бөхчүүдээс маань дөрөв нь ийнхүү харь нутгийн иргэн болохоор шийдлээ. Шалтгаан нь хоёулаа сүмогийн дэвжээ өвлөж авах.

Залуу хүмүүсийн өөрсдийнх нь сонголт учраас буруу зөвийг нь шүүх эрх бидэнд байхгүй ч харамсахаас өөрийг хийж чадахгүй нь үнэн. Их аварга М.Ананд 16-хан настайдаа Японы мэргэжлийн сүмогийн холбоонд эгчээрээ захидал бичүүлж, сүмоч болох хүсэлтэйг илэрхийлснээр арлын оронд очиж, сүмо бөхийн барилдаанд шамдан сурсан байдаг.

Түүний харьяалагддаг мэргэжлийн сүмогийн Изүцү дэвжээний ояакато, сэкивакэ асан Сакахоко хоёр сарын өмнө нас барж, дэвжээний бөхчүүдээс хамгийн өндөр цолтой нь учраас дэвжээ түүнд өвлөгдөхөөс өөр гарцгүй болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна. Сүмо бөхийн холбооноос Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд бусад дэвжээний туслах ояакато нараас дэвжээг нь удирдах хүн олдоогүй учраас дэвжээгээ хаалгахгүйн тулд ийм шийдвэр гаргасан гэнэ.

Их аварга М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд өнгөрөгч аравдугаар сард Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор гаргасан байна. Харин Их аварга Хакүхо М.Даваажаргалын Японы иргэн болох хүсэлтийг Япон улс хоёр сарын өмнө албан ёсоор баталсан.

Тэгвэл удахгүй Их аварга М.Ананд ч наран улсын иргэн болж, бас нэгэн монгол сүмочоор Монгол дутах нь ээ. Сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Хакүхо  М.Даваажаргал, Какүрюү М.Ананд гээд дөрвүүлээ л сайхан монгол эрчүүд. Монгол нутгийн хөх толботууд маань хүний нутагт эрдэнэ мэт хайрлагдаж,  хүндлэгдэж байна. Миний Монголын бүргэд хүний нутгийн луу болон хүрхэрч байна. М.Анандын гаргасан шийдвэр өөрт нь л зөв байвал болох нь тэр. Харин элэг нэгтнүүд нь элдэвлэж л битгий гоочлоосой.