Айлын отгон хүү эрх танхи байх нь мэдээж. Гэлээ ч 30 хүрч яваа эр хүн гэдэг эр бие, оюун ухаан, бодол хүсэл нь тэгширсэн байх нас. Дунд сургуулийн сурагч байхаасаа олон улсын байгууллагад, тодруулбал “Дэлхийн зөн”-д ажиллаж, үндэсний шилдэг лектор болж, 22-хон насандаа намд элссэн, УИХ-ын гишүүний болон сайдын зөвлөхөөр ажилласан, Их дээд сургуульд багшилж байсан зэрэг намтар түүхээс нь харвал хэдийнэ буурь сууж, үзэл санаа нь төлөвшсөн гэж бодохоор. Хэтэрхий залуугаараа ийм их булуу хурааж, “өндөр сэнтий” рүү зүтгэсэн учраас тэр биеэ тоож эцэстээ ялтан боллоо. Нам гэдэг усны эргүүлэг, улстөрч гэдэг махны машинууд залуу хүний амьдралыг хэрхэн сүйрүүлж, сүйтгэдгийн амьд жишээ нь Д.Гантулга болчих шиг боллоо.
Сайн ах нар залуухан улстөрчдийг яаж шалны алчуур болгодгийг бид харлаа. Хэтэрхий залуу, амьдралаа ч бүрэн төвхнүүлж амжаагүй олон олон Гантулга нар “хөгшин бурхи”-нуудын алдаа завхралын золиос болж яваа нь үнэн. Бараг өөрөө ч мэдээгүй байхад нь Хэнтийн тойрогт өрсөлдөх болчихоод сандарч явахдаа хэнтийчүүдийн толгойг хэрхэн эргүүлэхээ шилдэг лектор залуу ядах юмгүй олсон байж. Монголчууд Тэмүүжинг арав гаруйхан настай байхад нь тойрон хүрээлж, үндэсний баатар болгосон. 24-хөн настай Ю.Цэдэнбалд төрийн жолоогоо атгуулсан, Д.Сүхбаатар 28-хан насандаа бүх цэргийн жанжин болж ардын хувьсгалыг ялуулсантай адилхан 28-хан настай би яагаад УИХ-ын гишүүн болж болохгүй гэж шилдэг лекторынхоо гавьяаг гаргасан. Харин байргүй, машингүй, өргүй, авлагагүй, хадгаламжгүй халаас хоосон тэр Чингис, Цэдэнбал, Сүх жанжин биш овилгогүй уран илтгэгч байсныг өнөөдрийн үйл явдал харууллаа.
“Хүчингийн хэрэг үйлдсэн үү” гэдэг асуултад “Бандаашаа өмсөөд гарсан” гэдэг хариулт хэлдэг парламентын гишүүнтэй улс байжээ, бид. Залуу хүн алдаа л биз гэх ууч сэтгэл хэн нэгэн нь гаргаж ч амжаагүй байхад, өмнөх хэргээ дахин давтсан байж магадгүй дуулиан Д.Гантулгыг хэн ч биш болголоо. Тэр хоёр жилийн хорих ял авлаа. Хоёр жилийн өмнө дэгдсэн дуулиан эцэс болохтой зэрэгцэн түүний ялын хугацаа ч дуусч байгаа. Их хуралд олонхийн суудал авч, засаглалыг бүрэн авсан Ардын намын энэ удаагийн дөрвөн жилийн бүрэн эрх эр эмийн явдлын ёс бус хэргээс хэтрэхгүй, бөгс бөөрний хэрүүлээс салахгүй байсаар хугацаагаа дуусгах нь. Шившгийн парламентын “памперстай жаал”-ынх шиг хэрэг дахин бүү давтагдаасай.