Нийслэлийн Засаг даргын сунгаанд өрсөлдөгчөөсөө зургаахан хүний саналаар илүүрхэж, хотын захирагч болсон С.Амарсайханыг хотынхон, тэр тусмаа бидний үеийнхэн бол андахгүй. “Оюуны ундраа”-гийнх, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр, “Зайсан хилл”-ийн эзэн гэдгийг нь бүр ч илүү мэднэ.
Сая гаруй хүн амтай их хотыг айлын дайтай авч явна гэдэг амаргүй. Амаргүй энэ ажлыг харин сонгогдсоноосоо хойш чамгүй сайн, чамбай удирдаад байх шиг. Зальжин зан нь ч нөлөөлдөг биз. Сайн улстөрчийг муу пиарчид сүйрүүлдэг шиг түүний ойр дотныхон, пиарчид нь зарим үед хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Хамгийн сүүлд гарсан шийдвэрт нь хотын иргэд баяртай байна. Сургуулийн хүүхдийн автобус шинэ зүйл биш ч энэ удаагийнх нь илүү далайцтай болчих шиг боллоо. Автобусны тоо, хамрах сургуулийн хүрээг дахиад нэмнэ гэнэ. Маш зөв шийдвэр.
Хотын утаа багассан нь хотын даргатай шууд холбоогүй ч хот гэдэг их айлын эзэн учраас учиг нь бага ч атугай тийшээ хандах нь ойлгомжтой. Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг зургаан орлогчтой ажиллахаар шийдэж, зарим орлогч нь ёсзүйн алдаа гаргасныг эс тооцвол их хотын амьдрал урагшилж л явна. Түүний ажил урагштай явахад намын фракци нь, хотын даргад зүтгүүлсэн Гүйцэтгэх засаглалын тэргүүний нөлөө байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв өнөөдөр Су.Батболд хотын захирагч хэвээр байсан бол хот ямар байхыг хэн мэдлээ.
Түүний засагласан энэ үед олон жил улсын төсвийн олон тэрбум төгрөгийг үргүй зарсан ч үр дүнд хүрээгүй байсан хотын утаа багаслаа, олон жил яригдсан ч ажил хэрэг болж чадаагүй байсан Улаанбаатар-Налайхын зам шинэчлэгдлээ, Улаанбаатар хотын үйлчилгээ, тохижилтын гол ажлыг нуруундаа үүрдэг үйлчлэгч, жолооч нарын дундаас гавьяатууд төрлөө. Баяр хүргэхгүй байхын аргагүй амжилтууд. Хотын дарга хэн байхаас үл шалтгаалах гавьяа, шийдвэрүүд байлаа ч С.Амарсайханд хаяглагдах нь тодорхой.
Одоо харин нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллынхныг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдээ яаравчлуулах хэрэгтэй байна. Түрээсийн орон сууц, бага орлоготой өрхүүдийг орон сууцжуулж, залуу гэр бүлээ дэмжсэн шийдвэрүүдийг л нийслэлчүүд хүлээж байна. Хийе гээд зоригловол арга зам олдоно оо. Энэ эрчээрээ зүтгээд байж дээ. Та бол хотын дарга биш нийслэлчүүдийн зарц нь юм шүү дээ, угтаа.