Увсын фракци хүчтэй хэвээр байна. Хотгор шанагын уурхайг ах дүүсээрээ нийлж Солонгосын төрийн өмчит компанид зарсан хэрэг нь замхрах шатандаа орчихсон яваа Сангийн сайдын гэр бүл нөлөөтэй хэвээрээ байна. Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимидийн Ганболдыг Тува улсад суух Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Сайдын төрсөн ах Ч.Гансүх, Ч.Гантулга нар Хотгор шанагын уурхайг харьж арилжсан хэрэг нь олонд ил болсон ч хууль шүүхийнхний хараанаас мултарсан бололтой, чимээгүй болов. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг бол Монголын төр луйвардсан хүндээ ээлтэй болоо юу даа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах нарын нэг Чимидийн Ганболд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Элчин сайд болж байна.
Ч.Ганболд нь гурван жилийн өмнө, 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байхад Увс аймгийн Улаангом хотын Бөхийн өргөөнд болсон эмх замбараагүй байдлыг үүсгэлцэж, залуусыг архидуулж, Ардчилсан намын даргын эсрэг хүмүүсийг турхирч байсан гэдэг. Тухайн үед хүний эрхийн хуульч М.Ичинноров ч Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболдын талаар гомдлоо Монгол Улсын Ерөнхийлөгчид хаяглаж байлаа. Сонгууль будлиантуулж, мөнгө тараасан, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хүүхдийн амь үрэгдсэн, өөрийг нь ална хэмээн сүрдүүлсэн гэх утгатай ил захидал бичиж байсныг уншигчид санаж буй биз. Улстөрч хүнд, төрийн албан хаагчид байж боломгүй ёс зүйгүй авир гаргадаг ийм эрхэм Монгол Улсыг төлөөлөн гадаад оронд Элчин сайдаар суух нь хэр зөв юм бол оо.
Ерөнхий сайд аа, монгол төрийн босго өндөр байх учиртай биш үү. Үймээн самуун дэгдээж, хууль бус үйлдэлд нэр нь хутгалдсан хүн Элчин сайдын алба хаших нь зүгээр үү. Түүнийг алив хэрэгт буруугүй, мэргэжлийн дипломатч хүн гэдгийг нь та батлах юм уу. Ч.Ганболдын тухайд зөвхөн дээрх хоёр жишээнээс харахад л хэн бэ гэдэг нь илэрхий биш гэж үү. Юутай ч олон олон асуултын тэмдэгтэй Элчин сайд Монголыг төлөөлж Тува улсад суух нь ээ. Ч.Ганболд Увсын хүн. Увс аймаг Тува улстай хил залгаа оршдог. Малын хулгайгаас эхлээд тэнд маш олон асуудал бий гэдгийг бодолцсон юм болов уу л гэж найдъя.