Өсвөрийн дэлхийн аварга, “Алтан гадас” одонт Н.Эрхэмбаяр хүү дэлхийн дэвжээнд өрсөлдөгчдөө бүгдийг цэвэр ялж, Тегеран хотын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан нь өчигдөрхөн юм шиг санагдаж байх юм. Анх 11 настайгаасаа буюу 2011 оноос эхлэн чөлөөт бөхийн дасгалжуулагч н.Баттүшиг багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн тэрбээр жүдо бөхийн спортод эргэлт буцалтгүй дурлажээ.
“Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний тамирчин Намдагдоржийн Эрхэмбаяр дахин шинэ амжилт гаргав. Тэрбээр, энэ сарын 12-18-нд ОХУ-ын Владимир хотын “Ice Palace Polaris” спортын ордонд болсон чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-ын жинд дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, алтан медаль хүртэж амжилтын буухиагаа үргэлжлүүлэв.
Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялсан аж. Өдгөө 19 настай Н.Эрхэмбаяр дифийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, өмнөө тавьсан зорилгодоо дахин нэг алхам ойртлоо.