ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“ШИНЭ”-ийг ширээний доогуур санхүүжүүлэгч нь хэн бэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” буюу “ШИНЭ” нам улс төрийн олон судалгаанд эхний тавд “уралдах” болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Тухайлбал, шинэ оны өмнөхөн “Сант марал” судалгааны төв Канадын Засгийн газар, Канад улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй олон нийтийн дунд судалгаа явуулахад жагсаалтын нэгдүгээрт МАН-ын дарга У.Хүрэлсүх, хоёрдугаарт Ерөнхийлөгч Х.Баттулга багтсан байв.

Харин жагсаалтын дөрөв­дүгээрт УИХ-ын гишүүн, “ШИНЭ” намын дарга Ж.Батзандан орсон байсан юм. Яг үүнтэй адилхан ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сангаас санхүүжилсэн судалгааг 21 аймгаас түүвэрлэн зарим аймгуудад хийхэд мөнөөх л Ж.Батзандан жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол “МЭК” гэх судалгааны байгууллага Улаанбаатар хотод дээрхтэй адилхан судалгааг явуулахад мөн л жагсаалтын тавдугаарт түүний нэр байсан юм.

“ШИНЭ” нам тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан үнэхээр мундаг улстөрч учраас ийм байна уу гэвэл өрөөсгөл ойлголт. Учир мэдэх хүмүүс нь түүнийг ямархуу популист улстөрч болохыг хангалттай ойлгодог. Гэвч санамсаргүй аргаар түүвэрлэсэн иргэдийн дунд рейтингээ алдахгүй хэвээр байгаа учраас Ж.Батзандан ба түүний нөхдийг хүчирхэг харагдуулах сонирхол хэн нэгэнд байна хэмээн хардахад хүргэж байгаа юм.

Ж.Батзандан тэрбумтан биш. Түүний намд элссэн УИХ-ын гишүүн Л.Болд ч “Мон-Уран”-ы Б.Наранхүү шиг эсвэл “Хурд” группын Б.Чойжилсүрэн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ шиг үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан биш билээ. Угтаа энэ хоёр улс төрийн шат дамжлага бүрт албан тушаалд хүрдэг ч ах дүү танил талаа албан тушаалд томилуулж, өөрсдөө харин УИХ-д улиран сонгогдохоос хэтрэхгүй явлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд тэрбум төгрөгөөр үнэлэгдэх олон тооны малтай, гэр бүлийнх нь гишүүний 350 гаруй сая төгрөгийн орлогоос өөр үл хөдлөх хөрөнгө гэх зүйл байхгүй хэмээн ХОМ-тээ бичсэн байх юм.

“Доктор фарм” ХХК-ийн хувьцааг 100 хувь, “ЖБ Прайм” ХХК-ийн хувьцаанаас 50 хувийг тус тус эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Бодь капитал”, “Бодь цамхаг”, “Бодь даатгал”-ын хувьцааг тус тус 70-100 хувь эзэмшдэг бөгөөд хөрөнгө орлогоороо бусадтайгаа л ижилхэн байх ажээ.

Гэвч энэ хоёр улстөрч нэгхэн жилийн хугацаанд рейтингээрээ толгой цохих, 30 жилийн түүхтэй АН-ын өмнө гишгэх улс төрийн нам байгуулсан нь хэнд ч сонирхолтой сэдэв байх нь тодорхой билээ. Тэд өнгөрөгч оны гуравдугаар сараас эхлэн “Эрдэнэт” хотоос эхлээд 21 аймгийг бүтэн тойрлоо.

Нийтдээ 68 мянган иргэний санал цуглуулсан бөгөөд 2019 оны зургадугаар сарын 06-нд Төрийн ордонд Их хурлаа хийж, харин есдүгээр сарын 12-ны өдөр албан ёсоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам болсон юм. Угтаа жирийн хоёр улстөрч нэгдэж нийлээд улс төрийн нам байгуулж, бүр 21 аймгаар тойрч, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж, нэгхэн жилийн дотор рейтингээрээ ялгарсан нам болгох хэмжээнд удирдана гэдэгт хэн ч итгэхгүй учраас Ж.Батзандангийн ард хэн байгаа вэ, хэн түүнийг санхүүжүүлдэг вэ гэсэн асуулт улс төрийн хүрээнд үргэлж сонирхолтой сэдэв байсаар ирсэн юм. Мэдээж, өрх тусгаарласан АН-ынхан түүнийг санхүүжүүлэхгүй нь тодорхой.

Учир нь Ардчилсан намаас гал таслахдаа тэд олон зуун гишүүдийг нь мөн адил урвуулж одсон. Өөрсдийгөө яах вэ хэмээн бор зүрхээрээ зүтгэж яваа МАХН-ынхан ч өрсөлдөгчөө санхүүжүүлэхгүй нь тодорхой юм. Тэгэхээр улс төрд шинэ намыг “өлгийдөх” сонирхол ердөө ганцхан намд хэрэгтэй байгаа нь Ардын нам.

Тиймдээ ч “ШИНЭ”-ийг ширээний доогуур санхүүжүүлэгч нь У.Хүрэлсүх гэсэн яриа улс төрийн хүрээнд зүгээр ч нэг яригдаагүй биз ээ. Угтаа “ШИНЭ” хүчирхэгжих тусмаа Ардчилсан намын рейтинг унана. Ардчилсан намыг дэмжиж байсан гишүүд дэмжигчид нь “ШИНЭ” ба “АН” гэж хуваагдах тусмаа МАН-ынханд л ашигтай.

Яг л Н.Энхбаяр намаасаа гарсан даруйдаа шинээр МАХН-ыг байгуулж, Ардын намын саналыг хоёр хуваасан шиг үйл явдал болох учраас энэ намыг хүчтэй мэт харагдуулах, түүнийг даргалж буй улстөрчийг нь олны анхааралд байлгах хүсэл сонирхол Ардын намын удирдлагуудад байгаа гэсэн үг билээ. Ингэж байж ирэх сонгуульд Ардын нам дахин олонхи бүрдүүлэх эрхтэй болж чадна. Харин “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” зөвхөн парламентад суудалтай байхад л болчихно.

Дэгсдүүлж хэлбэл, Л.Болд, Ж.Батзандан хоёр ялалтаа авчихсан байхад парламентад суудалтай улс төрийн нам гэдгээрээ Ардын намтай ирэх сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулахаар тохироо хийж суугааг ч үгүйсгэх аргагүй боллоо. Ирэх сонгуулиар АН-аас хүчтэй өрсөлдөгч байгаа газарт ШИНЭ намаас ч өөр нэг олонд танигдсан хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд ингэснээр АН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах нь тодорхой байгаа.

Харин Ардын нам эргээд Ж.Батзанданд сул өрсөлдөгч буюу “өгөөш” тавьж өгнө. Улс төрийн урьдчилсан прогнозыг харахад ч МАН-ынхан Баянзүрх дүүргийг тэгтлээ арчлахгүй байгаа бөгөөд улс төрийн шинэковуудыг Ж.Батзандангийн тойрог руу илгээх нь тодорхой болов. Мөн Л.Болдын тойрог буюу Хан-Уулыг ч МАН орхиж байх шиг. УИХ-ын гишүүн Л.Болдод мөн давуу байдал бий болгоно гэсэн үг билээ.

Ингэснээр Ардчилсан намын саналыг олноор хувааж, Ардын нам харин дундаас нь цойлон гарах нь тодорхой болжээ. Яг энэ “тоглоом” Ардын намыг 2012 онд ялагдалд хүргэсэн. Яг энэ зарчмыг Ц.Элбэгдорж МАН-ын өрсөлдөгч Б.Бат-Эрдэний эсрэг ашиглаж, өөрөө ялж байлаа. МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал зөвхөн Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аваргын саналыг хувааснаар ялагдаж байсан түүх бий учраас энэ удаа харин улс төрийн хөзөр Ардын намын талд иржээ гэж харлаа. Хэдийгээр Ардчилсан намын рейтинг хангалттай өндөр байгаа ч намаас нь өрх тусгаарласан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нар тэдний саналыг арван зүгт зулгааж, үр дүнд нь харин Ардын нам ялалтын туг өргөх нь цаг хугацааны л асуудал болж байна.