Бүгд найрамдах Казахстан Улсын иргэн Ж.Марат гэгч этгээд Монгол Улсын 12000 иргэнийг, 22 тэрбум төгрөгөөр хохироосон гэх асуудал гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө.
Олон мянган хохирогчтой тус хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид мөрдөн шалгаж дуусаад, мөрдөн байцаалтын үед цугласан материалыг хохирогчдод танилцуулах ажиллагааг хийж байгаа аж. Уг хэргийн улмаас хохирсон гэх албан бус тоогоор 12000 иргэн байгаа учраас мөрдөн байцаалтын үед цугласан баримтыг бүх хохирогчдод танилцуулах боломжгүй байгаа юм байна.
Гэхдээ “Уг хэрэгтэй танилцах боломжтой бүх хохирогчдод танилцуулах ажиллагааг хийж дуусаад уг хэргийг прокурорт шилжүүлнэ” хэмээн албаны эх сурвалж мэдэгдлээ.
Ж.Марат болон уг хэрэгт шууд холбоотой найман хүнийг УМБГ-ын алба хаагчид 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас нисэх гэж байхад нь баривчилжээ.
Тэднийг “Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, санхүүгийн пирамид хэлбэрээр олон мянган хүн элсүүлж хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутгаж, Эрүүгийн хуулийн 148.4-т заасан “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн.
Түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Гэвч Ж.Марат баривчлагдах үедээ Монгол Улсын иргэдийг залилж олсон зургаан тэрбум орчим төгрөгөө Казахстан улсад байгаа гэр бүлийнхэн рүүгээ шилжүүлж амжсан байжээ. Хамгийн хачирхалтай нь Ж.Маратын эхнэрт Монгол Улсын прокурорын газраас хилийн хориг тавьсан байсан хэдий ч тэрбээр улсын хил даван оргон зайлж чадсан байна.
Ж.Маратыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорих ангид саатуулж байгаад батлан даалтаар сулласан бөгөөд одоогийн байдлаар гадуур байцааж байгаа аж. “Тус хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг баривчлан шалгасан. Мөн хэдэн хохирогчид хэдий хэмжээний хохирол учирсныг хэлэх боломж байхгүй. Гэхдээ гадуур яваад байгаа 22 тэрбумын хохирол үүссэн нь үнэн” хэмээн албаны эх сурвалж хэллээ.
Монгол Улсын хэмжээнд асар богино хугацаанд тархаж, 12000 иргэнийг хохироосон “Жи Тайм” сүлжээтэй холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна.
Н.Назарбаевын дэмжлэгтэй “Ядуурлыг бууруулах хөтөлбөр” хэрэгжүүлж байна хэмээн луйврын ажлаа эхлүүлжээ
Казахстан улсын иргэн Ж.Марат 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд “Жи тайм корпорэйшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийг байгуулж, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж байжээ.
Тус компаниа байгуулсан даруйдаа Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжлэгтэй байгуулагдсан “Жи Тайм” корпораци дэлхий дахинд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус корпорацийн Монгол дахь салбар болох “Жи тайм корпорэйшн” ХХК-ийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмжиж байгаа гэдэг хуурамч мэдээллийг цацсан нь олон нийтэд асар их итгэл үнэмшил төрүүлжээ.
Тус компани “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж Казахстаны “Шунгит” ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагууд өгсөн боловч энэхүү үйл ажиллагааг явуулаагүй. Харин “Бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ” гэх тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байсан нь Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.
“Жи тайм” сүлжээ дөрвөн төрлийн багцтайгаар хэрэглэгчдэд хүрч эхэлжээ
Тус сүлжээнд элсэхийг хүссэн иргэн 120.000 төгрөг төлж “хуримтлал”, 220 ам.доллар төлж “Үндсэн”, 500 ам.доллар төлж “ВИП”, 8000 ам.доллар төлж “Автомашин” гэх багцын гишүүнчлэлд хамрагдах эрхтэй болдог байжээ.
Гишүүнээр элссэн хүн дороо хоёр хүн элсүүлэх ёстой. Элсүүлсэн хоёр хүн нь дороо, хоёр хоёр хүн элсүүлсэн тохиолдолд эхний хүн өндөр дүн бүхий цалин урамшуулал авах боломж бүрддэг байжээ.
“Ямар ч бүтээгдэхүүн зарж борлуулахгүйгээр мөнгөтэй болох боломжтой. Би тус сүлжээнд элсээд гар дээрээ хэзээ ч авч байгаагүй 7200 ам.долларын цалин авлаа.
300 ам.долларын цалин авлаа” гэх мөнгөний баримт болон ам.долларын зурагтай постууд фэйсбүүкээр түгж иргэдийн амархан баяжих гэсэн хүсэл шуналыг өдөөж эхэлсэн бөгөөд сар хүрэхгүйн хугацаанд фэйсбүүк дэх “Жи Тайм” сүлжээ групп 110.000 хүний гишүүнчлэлтэй болж өргөжсөн байна.
Сүлжээнд элссэн төрийн албан хаагч 18.000.000 төгрөгийн цалин авсан гэх цуурхал тараав
Тус сүлжээ Улаанбаатар хот төдийгүй Эрдэнэт, Булган зэрэг олон аймгуудад маш богино хугацаанд тарсан байдаг. 2017 оны гуравдугаар сард Булган аймгийн Дашинчилэн суманд н.Цолмонсайхан гэдэг хүн очжээ.
Тэрбээр “Жи тайм корпорэйшн” ХХК-иас явж байна. Манай компани ОХУ-ын Шүрэн арал болон Казахстаны нутагт илэрц нь байдаг “шунгит” гэх чулууг олборлож, хүний эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн гарган авсан гэдгийг танилцуулжээ.
“Шунгит” хэмээх чулуу нь 45 хувийн идэвхижилттэй эрдэс бодис агуулдгийг Казахстаны эрдэмтэд 25 жилийн турш судалж туршсаны эцэст үр дүнтэй бүтээгдэхүүн гаргаж авсан. Бид тус бүтээгдэхүүнээр өндөр чанартай гарын тос, маск, гуужуулагч, үе мөчний тос, саван зэрэг гоо сайхны болон эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
Манайд гишүүнээр элссэн хүн дээрх бүтээгдэхүүнээс үнэ төлбөргүй сонгон авах боломжтой. Хэрвээ дороо хүн элсүүлбэл маш өндөр цалин авна” хэмээн тус сумын иргэдийг сэнхрүүлжээ.
Үүнтэй хамт уг сүлжээний танилцуулга мэдээллийг сонсч элссэн эхний хүмүүс 800.000-18.000.000 төгрөгийн цалин авлаа гэх худал цуурхал тус суманд маш хурдан түгжээ. Хаа холын танихгүй хүн биш хамар хашааных нь н.Цэцэгээ сая гаруй төгрөг авчээ гэх мэдээлэл хөдөөний хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж, итгэл үнэмшил төрүүлсэн байдаг.
Эдийн засгийн хямрал туйлдаа хүрч бэлэн мөнгөний эрэлд гараад байсан тус сумын иргэд “юу ч хийхгүйгээр амархан баяжиж болдог юм байна” хэмээн итгэж гишүүнээр олноороо элч хохирсон байна. Булган аймгийн 16 сумаас хамгийн олон хүн хохирсон нь Дашинчилэн сумын иргэд байдаг аж.
“Жи тайм” сүлжээний хохирогчид шүүхээр заргалдахаас төвөгшөөжээ
Тус сүлжээнд элссэн хүмүүс 120.000-35.000.000 төгрөгөөр хохирсон гэх мэдээлэл байгаа. Гэвч “120.000-500.000 төгрөгөөрөө хохирсон иргэд шүүхийн процессын сунжирсан үйл ажиллагаанаас төвөгшөөж, гомдол нэхэмжлэл гарган хохирлоо барагдуулахгүйгээр орхиж байгаа” хэмээн Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн хохирогч Д хэллээ.
Харин 10-35 сая төгрөгөөрөө хохирсон хүмүүс залилуулсан мөнгөө буцаан авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа юм байна. “Жи тайм корпорэйшн” ХХК-ийн захирал Ж.Маратыг сүр дуулиантайгаар баривчилснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад дөнгөж мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа нь хэргийг нэлээд удаах нь гэх хардлага төрүүлж байна.