Хамгийн эхний автобусанд амжиж суухаар өглөө эртлэн гарахад автобусны буудлын гуталчин аль хэдийнэ онгойчихсон байна. Оройд бас хамгийн сүүлд тэднийх л хаалгаа барина. Тийм болоод ч тэр үү автобусны буудлын гуталчин ах, эгч хоёрыг танихгүй хүн гэж тэр хавьд байхгүй. Тэдний гутал засварын жижигхэн байр томоо цэлгэр цонхтой. Өглөө хамгийн эрт онгойж, орой хамгийн сүүлд хаадаг тэр жижигхэн “ТҮЦ” дандаа нүдэнд тусдаг юм. Магадгүй хажуугаар нь өнгөрөх тоолонд хоёр биенээ хөгжөөн, инээдэм наргиан болж суугаа нь гутал засварынх гэхээргүй цэлгэр том цонхоор нь харагддаг болоод сэтгэлд тийм ойрхон, дулаахан санагддаг байж болох юм. Үргэлж инээд бялхаж, амьдрал буцалж байдаг энэ “ТҮЦ” өглөө оройд зөрж өнгөрөх бүхэнд гэгээн сайхан энерги түгээж байдгийг хөгжилдөн суугаа хоёр гуталчин яахан мэдэх билээ. Сонгинохайрхан дүүргийн автобусны буудалд 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэхүү гутал засварын эзэн болох хөгжилтэй, хээ шаагүй, дураараа гэмээр яриатай ахыг Р.Ганбаатар гэдэг. Тариалангийн талбайд дэгдэж өссөн хүү 18 настайдаа цэргийн албанд мордохоор нутгаасаа гарснаас хойш 40 жил өнгөрчээ. Энэ 40 жилд тэр амьдралаас авч болох хамгийн үнэ цэнтэй, сайн сайхан бүхнийг олсон хэмээн сэтгэл ханан хуучилна. Ардын армид 11 жил ажиллаж, 1993 онд армиа орхих үеэс хувийн бизнес болох гутал засварын ажлаа эхлүүлсэн байна. Армиасаа гараад зөвхөн гуталчин хийсэн үү, гэвэл үгүй. Р.Ганбаатар гуай 1993 онд “Троллейбус комбимнат”-ад жолоочоор ажилд орж, өдөр нь жолоогоо барьж шөнө нь гутлаа засдаг байжээ.
Завгүй ажлынхаа хажуугаар амрах цагаасаа хумслан байж гутал засварын газраа ажиллуулдаг байлаа. “Завыг хүн өөрөө л гаргахаас биш бэлэн байдаг зүйл биш шүү дээ” гэх Ганбаа ахын дайчин үг нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах. Ганбаа ахад эхэндээ гутал засварын байр гэж байсангүй. Хархорин зах нээгдээгүй байх үед Хархорины гаднах задгай талбайд сууж, гутал засдаг байсан аж. Гэм хоргүй зам мөр ямагт сайныг дагуулдагийн жамаар нэг л өдөр хөдөөнөөс хотод ирж амьдралаа босгохоор зүтгэж яваа залууд хорооны дарга нь тусалж, түүнийг “Дэлхийн зөн”-ий Монгол дахь салбартай холбож өгсөн байна. Дэлхийн зөнгийн хүүхдийн гутлыг хямдаар оёж, оронд нь тус байгууллагаас хүүгүй мөнгө зээлэх болзлыг тавьжээ. Ингэж л Ганбаа ахын 20 жилийн настай жижигхэн ажлын байр яг энэ байрандаа боссон түүхтэй. Зээлж авсан 200 мянгөн төгрөгөөр боссон Ганбаа ахын ажлын байр түүний дөрвөн хүүхдийг сургууль төгсгөж, өрх тусгаарлуулж, өөрт нь ордон мэт хоёр давхар загварлаг, тохилог байшинг өгсөн юм. Энэ бүхнийг Ганбаа ах, ТҮЦ хоёр бүтээсэн үү гэвэл мэдээж үгүй. Жаргалтай зовлонтой амьдралын 35 жилийг хамтдаа туулж яваа эхнэр Б.Болормаа нь түүний хамгийн том ташуур, бас сайн ажлын хамтрагч нь юм. Анагаахын сургууль төгсөөд Гоц халдвартад хуваарилагдан ажиллаж буй “будаг нь ханхалсан” шинэхэн эмчийг Ганбаа гэргийгээ болгож чаджээ. Тэд хоёр охин, хоёр хүүгийн ээж аав болж, өдгөө найман хүүхдийн өвөө эмээ болсон юм. Эргэлзээгүйгээр ажил мэргэжлээ орхиод цэргийн залуу дагаад гуталчин болсноос хойш 36 жил өнгөрчээ.
Амьдралыг хамтдаа босгоно гэдэг л энэ биз ээ. Хүсэж мөрөөдөж эзэмшсэн мэргэжлээ хайр сэтгэлийнхээ төлөө эргэлзээгүй золиослож, гуталчин болох замыг сонгох эмэгтэй хэр олон байх бол. Магадгүй хамгийн буруу шийдвэр мэт санагдаж магадгүй л юм. Эрэгтэй хүнийх гэмээр томдсон ажлын хүрэм өмсөж, гар хийцийн “эмээ” гутал өшиглөсөн энгийн гэвч дэндүү энгийн энэ эгчийг чагнуур зүүж, цагаан халаад намируулан сэхээтний эгнээнд гунхаж явахаас татгалзсан гэхэд би ч дотроо харамсах сэтгэл төрж байсныг нуух юун. Гэхдээ түүний байгаа бүхнээ ханьтайгаа хамт босгож, өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлж байгаадаа сэтгэл ханах бахархсан яриа миний бодлыг үргээж орхисон юм. Хүн хүндээ гаргах сэтгэл гэдэг хэмжиж боломгүй ямар том зүйл вэ гэдгийг Б.Болормаа эгчийн залуудаа гаргасан шийдвэрээс харагдах болов уу. Түүний хэлдгээр хүн нэр хүндтэй, баян тарган байх гэж биш ганц амьдрах амьдралдаа харамсах зүйлгүй сэтгэл хангалуун байхын тулд амьдардаг билээ. Эмчийн карьераа орхиж, гуталчны замналыг сонгон жижигхэн “ТҮЦ”-дээ чин чэтгэлээсээ сэтгэл хангалуун инээж чаддаг энэ эмэгтэйн амьдралыг харах нүд өнөөгийн нийгэмд тун ч хэрэг болох нүд байна даа гэх бодол тэдний ТҮЦ-ээр орох бүрт зурсхийн орж ирдэг юм.
Тэр хоёрын амьдралаа холбосон 35 жил дандаа өгсөж өөдөлж, жаргал халгиж байсан уу гэвэл үгүй. Бие биенээ олж, амьдралаа босгож, хийж бүтээхийн хүслэнд автаж, эцэг эх болж элэг бүтэн жаргалын дундуур зовлон ч бас байсан. Таван хүүхдийнхээ нэгийг хүнд өвчний улмаас алдаж элэг эмтэрч явсан бараан өдрүүд ч тэдэнд байжээ. Үрийнхээ ард үлдэх эцэг эхийн зовлонг тэд бие сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс юм. Охин нь эмнэлгийн буруу оношноос болж цэцэг цэврүү шиг 18 насандаа хорвоог орхижээ. Яг л аавынхаа амьралд хөл тавьж, нутгаасаа гарч байсан 18 насанд шүү дээ... Охиныхоо тухай харуусан дурсах тэр агшинд үргэлж инээд наргиан халгиж байдаг том цонхтой жижигхэн ТҮЦ эл хуль оргин, том зайтай болчихсон ч юм шиг санагдаж байв. Охиноо дурсан сэмхэн нулимсаа арчаад, өөрийгөө тайвшруулах гэсэндээ биеэ засаад цэмцийн суух ээжийг харсан хэн хүний хамар шархирахгүй байхын аргагүй. Хүний амьдрал зовлонгүй жаргал, жаргалгүй зовлон гэж байхгүй ажээ. Аз жаргалыг ч гэсэн бид өөрсдөө л бүтээх ёстой мэт. Магадгүй сэтгэлийн тэнхээ, амьдралд тэмүүлэх хүсэл зориг, зовлонг жаргалаар ялах гэсэн өөдрөг сэтгэлгээ тэдэнд байгаагүй бол 18-тай охиноо алдах үедээ зовлонд ялагдах байсан ч байж мэдэх юм. Хэрэв тэгсэн бол зөрж өнгөрөх хүн бүрт дулаахан сэтгэгдэл төрүүлдэг, инээд хөөр цалгисан Ганбаа ахын “ТҮЦ” байхсан бил үү. Хүүхдүүд нь бүгд боловсрол эзэмшиж, гуталчин хосууд хоёр давхар сайхан байшинд тухалж суух байсан гэж үү. Амьдралыг сайн сайхнаар төсөөлж, сэтгэлийн тэнхээтэй үнэнч шударга хөдөлмөрлөхийн үр шимийг өөрсдийн биеэр үлгэрлэж, хөдөлмөрлөсөөр яваа тэд эгэлгүй амьдралд эгэлээр амьдарч яваа жирийн эцэг, эх юм.
...Ганбаа ах, Болормаа эгч хоёрыг тэр хавьд танихгүй хүн гэж бараг л үгүй. Хөдөөнөөс хүртэл шуудай шуудайгаар засуулах гутал ирүүлнэ. Таних танихгүй, орж гарсан хэнтэй ч бай тэд хэзээний танил мэт дотночлон харьцана. Тоглоом шоглоом хийх нь энүүхэнд. Гамбаа ахын “ТҮЦ”-т наргиан хөгжөөн тасарна гэж хэзээ ч байхгүй. Тэднийх хаалттай байх өдөр ч гэж үгүй. Ажлыг ял биш хобби болгож хийвэл амралт хэрэггүй гэдгийг гуталчин хосууд амьдралаараа харуулж яваа юм. Тэрбээр “Гутал гэдэг өөдөө харсан амтай эд болоод ч тэр үү ач буянаа бидэнд их өгсөн. Ард түмнийхээ хүчээр л өдий зэрэгтэй яваа болохоор Монгол түмэндээ баярлаад бардаггүй юм” хэмээн билэгшээн ярьдаг юм.
Ганбаа ахын ТҮЦ онгойход их хотод өглөө ирдэг. Ганбаа ахын ТҮЦ хаалгаа барихад хөгжөөнт хотын завгүй амьдралд шөнө зочилдог.