ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхбаярыг “тойглох” бэнчин Б.Нямтайширт байгааг ч санах хэрэгтэй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-30

-Дараагийн удаа зугтах газар ч үлдэхгүй, намаа ялагдуулчихвал “шонтой хүлэхэд” ч бэлэн хүмүүс анаж суугааг мартаж болохгүй шүү, Ерөнхий сайд аа- 


 

Улс төрийн хоёр том нам хир буртгаасаа салахаар шийдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд цөөнгүй олон ёсзүйн асуудалтай гишүүдээ намаасаа хөөлөө. Сахилга, хариуцлага, намын нэр хүнд гэсэн гуравхан үгээр халхалж, хөөж буй жишээ бүхэн нь үнэхээр МАН, АН гэсэн улс төрийн хоёр намын шинэ төлөвшил үү гэх асуулт урган гарах нь мэдээж. Тухайлбал, Ардчилсан намын нэр хүндийг унагасан хэмээн Ж.Батзандан хөөгдөж, Лу.Болд хатуу донгодуулсан ч намаасаа өөрийн хүсэлтээр гарч байв. Авлигын хэргээр шалгуулж байсан С.Баярцогтоо мөн Ардчилсан намынхан хөөчихсөн. Харин Ардын нам шинэ дүрмээ баталсны дараахан намынхаа нэр хүндийг “60 тэрбум”-тай хутгасан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хөөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээс зөрсөн гэх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг ч мөн хөөчихсөн билээ. Харин энэ удаа намын нэр хүндийг унагасан, ёсзүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хөөв. Ингэснээр МАН-ынхан УИХ-д 63 суудалтай нам болж байна. Ардын намд хэзээ элссэн нь тодорхойгүй ч нэг л өдөр МАН-ын нэрээр Дэд сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд гэх мэтээр өндөр албан тушаал хашиж байсан “нялх Сэнгүм”-ийн  Ардын намд учруулсан гай ч их бий, гавьяа ч тэр хэрээр олон. Өөрөө хэвлэлд ярьсан шиг тэр цав цагаахан, эсвэл тийм ч хав хар хүн биш. Залуу хүний алдахыг алийг тэр гэхэв хэмээн цагаатгаж бодох үе ч бий. Ялангуяа тэр зодооны асуудлаар буруутгаж байгаа нь тиймхэн. Танд ч гэсэн нударгаар шийдэх үе байсан учраас “олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй” гэх үндэслэлээр намаас хөөнө гэдэг арай дэгс шалтгаан болчихлоо. Төрийн ордонд нударга зангидаж явсан намын даргынхаа дэргэд энэ асуудал бол “үдийн будаа” санагдах. НАМЗХ-ноос эхлээд намын удирдах түвшинд ч тэр хэрэгтэй үедээ хэрэг болдог байсан. Ямартай л “МАН-ын түрийвч” хэмээн шоглож байх билээ.

Өнөөгийн намын дарга У.Хүрэлсүх намаа хоёр хувааж, ялагдуулчихаад Австрали руу “зугтаж” одсон хүндхэн цаг үед Ардын намын байр руу тэрбум, тэрбумаар нь мөнгө бариад орж байсан цөөхөн хүмүүсийн нэг нь түүнийг гэх яриа ч худлаа биш санагддаг. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, худлаа мэдүүлэг, ёсзүйн алдаа буюу зодооны хэрэгт нэр холбогдчихсон, орох байх газраа олж ядан явах үед нам нь харин өр лүү нь өшиглөчихлөө. Н.Номтойбаярыг намаас хөөсөн энэхүү шийдвэр “биеэ зөв авч яваагүй” гэх жижигхэн шалтгаанаас илүүтэй өс өвөрлөсөн үйлдэл болчихов уу хэмээн хардах үндэслэл ч бас байгаа юм. Учир нь, Н.Номтойбаяр 2004 оноос эхлэн хуурай ах дүү болон нөхөрлөж явсан У.Хүрэлсүхтэйгээ сүүлийн таван жилийн турш зөрчилдөж байгаа. 2015 онд тэрбээр “Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудын холбоог задалж байна” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан билээ. Эндээс л тэр хоёрын зөрчил хурцдаж, албан тушаалын хар хоргүй анд нөхөд болж явсан “хуурай ах”-ынхаа эсрэг Н.Номтойбаяр сөрж зогссон түүхтэй юм. Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах асуудал яригдахад тэдний зөрчил бүр туйлдаа хүрсэн гэхэд болно. Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг Н.Номтойбаяр хүн хөлсөлж, тагнуулсан, чагнуулсан гэх асуудал сөхөгдөж, Монголыг цөлмөсөн 30 гэр бүлийн жагсаалтад Б.Нямтайшир ба түүний хүү Н.Номтойбаярыг оруулснаа У.Хүрэлсүх зарласан байдаг. Харин Н.Номтойбаяр хариуд нь “У.Хүрэлсүх өөрөө “топор” нэртэй тагнуулч муужгай” гэсэн ярилцлага хүртэл өгч байсныг уншигч та санаж буй биз. Тэрбээр, тэр ярилцлагадаа “2004 онд танилцсанаас хойш бид хоёр сайн муугаа үзээд 10 гаруй жил ах дүү шиг явж ирсэн. Би дээрээ ахгүй, айлын том хүүхэд.

Хуурай ч гэсэн сайхан ахтай юм шиг санагдах үе байсан. Тэр үеийн намын дарга намайг дэмжихгүй байхад Хүрэлсүх улс төрийн хувьд намайг дэмжиж ч байлаа. Үүнд нь талархалтай хандах хэсэгхэн хугацаа байсан уу гэвэл “тийм” гэж хэлнэ. Гэтэл түүний хэд хэдэн үйлдлээр намайг миний дүү гэхээс илүүд “мөнгө” гэж хардаг юм байна даа гэж дүгнээд холдож эхэлсэн. Эргээд эвлэх, учир начраа ололцох тийм орон зай түүний “муужгай”-далтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. У.Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Тавантолгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй” хэмээн ярьж байжээ.  Намын даргатайгаа зөрчилдсөн, хуурай ахыгаа “топор” хэмээн доромжилсныхоо хариуд 2018 онд түүнийг намаас хөөх асуудал ч сөхөгдөж байсныг эргэн санацгаая. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар манлайлан оролцсон нэр бүхий гишүүдтэй хамт түүнийг намаас хөөхөөр болж, МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос тогтоол шийдвэр гарсан ч албажуулаагүй байсан учраас тэгсхийгээд дарагдсан. Угтаа намаас зайлуулах ажиллагаа хоёр дахь удаагаа болсон гэсэн үг. Харин энэ удаа шийдвэр албан ёсных гэдгийг Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдэгджээ. Энэ өдрөөс эхлээд Н.Номтойбаярын алдаа, асуудал бүхэн нь Ардын намынх биш боллоо гэсэн үг. “Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаа алга” гэдэг шиг бие даагчийн статустай болсон Н.Номтойбаярыгаа Их хурал нь үлдээнэ үү, эсвэл хөөнө үү гэдэг нь Ардын намын асуудал биш болж байна. Харин УИХ болон Байнгын хороодын хуралдаанаар хамгаалж үлдсэн тэдгээр хүмүүс нь Ардын намын гишүүн учраас журмын нөхрөө хамгаалж үлдсэн гэхээс илүүтэй түүний эцэг болох Б.Нямтайширт “өрөө төлж” байгаа хүмүүс гэдэг нь тодорхой харагдана гэдгийг ч намын дарга У.Хүрэлсүх маш нарийн тооцоолжээ. Эндээс харвал Н.Номтойбаярын эцсийн найдвар элссэн намынх нь бус эцгийнх нь нөмөр нөөлөг болон хувирч байх аж.

Хоёр том эрх ашиг, хоёр том амбийц, хуурай ахан дүүс “Ардын нам” гэсэн нэгэн дээвэр дор багтаж явж чадахгүй болсон нь тодорхой болов. Монгол Ардын нам дараагийн том цохилтоо авч, нэг том “түрийвч”-нээсээ салж байна. Ээлжит сонгууль хаяанд ирчихсэн энэ үед намд нь олон жил санхүүгийн дэмжлэг өгч байсан нэг том гэр бүлийг алдах нь мэдээж амаргүй. Гэлээ гэхдээ хэрвээ энэ үйлдэл “өс санасан” үйлдэл бус намаа цэвэрлэж байгаа үйлдэл мөн юм бол рейтинг нь ч тэр хэрээр л нэмэгдэх учиртай. Албан тушаалыг мөнгөөр арилжаалдаггүй, Ардын намд зөвхөн мөнгөтэй нь үлддэггүй юм гэдэг сайн нэр олохыг хүсч л байгаа бол намын дарга дараагийн үйлдлээрээ ЖДҮ-чиддээ ч бас хариуцлага тооцох учиртай билээ. Ингэж байж л Ардын нам, намын дарга У.Хүрэлсүх та “гоё” харагдана. Эс бөгөөс “зовох цагт нь нөхрийн чанараа таниуллаа” гэсэн пиар өрнөөд эхэлчихвэл ялсны бус ялагдсаны талд ордог монголчууд чинь яаж ч хариу барьж мэдэх хоржоонтой хүмүүс гэдгийг сануулах нь илүүц байх. Одоогоор тэр хүн гэмт хэрэгтэн биш. Ердөө л холбогдсон хэргүүдийг нь шалгаж, нягтлахад гишүүний бүрэн эрх нь саад болоод байгаа гэсэн үндэслэлээр л бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирсэн гэдгийг мартуузай. Хууль нь шалгаад гэм буруугүйг нотолчихсоны дараа Н.Номтойбаяр ялагчийн дүрээр гараад ирвэл ямар хор учруулахыг ч бас тооцож үзсэн байх аа. Нэг хүний улстөржилт намд ямар хор учруулдаг вэ гэдгийг С.Эрдэнэ даргаас асуучихад гэмгүй. Учир нь Ж.Батзандангаа хөөж явуулсныхаа хариуд Ардчилсан нам саналаа “ШИНЭ” намд булаалгах нөхцөл байдал үүсч, ирж буй сонгуулиар, ирээдүйд болох сонгуулиар ч олонхийн суудал хүлээгээд ч нэмэргүй болчихоод байна. Ер нь ч тэгээд бусдаас асуух ч бус өөрийнхөө түүх рүү ч нэг өнгийхөд гэмгүй л болов уу. Н.Энхбаяраас л салчихвал цэнгэлийн манлайд хүрнэ хэмээн “хөөрцөглөж” давхисан таны улс төр 2012 оны сонгуулиар намд ямар хор хөнөөл учруулсныг ялагдлын гашуун түүх бэлхнээ хэлээд өгнө дөө. Дараагийн удаа танд зугтах газар ч үлдэхгүй, намаа ялагдуулчихвал “шонтой хүлэхэд” ч бэлэн хүмүүс анаж суугааг мартаж болохгүй шүү, Ерөнхий сайд аа. Монгол төрийг атгадаг 30 гэр бүлийн нэг учраас Ардын намаас гал тасалж шинэ нам байгуулах, аль эсвэл Н.Энхбаярт хөрөнгө оруулах бэл бэнчин Б.Нямтайширт байгааг ч бас санах нь зөв байх аа. Цаст уулын “цагаан барс” шоргоолжинд бариулах цаг нь болоогүй дээ.