Өвчний буянаар гэж бичих нь ч бас юу юм. Гэхдээ л урд хөршид дэгдсэн айхтар вирусын сургаар монголчууд нийтээрээ ариун цэвэр сахицгааж эхэллээ. Хотын төвөөр л дүүрэн маск зүүсэн хүмүүс явцгааж байх аж. Албан байгууллагууд өдөр тутамдаа ариутгал хийж, ажилтнуудаа гараа угаахыг шаардаж эхэллээ. Тэр ч байтугай маск зүүгээгүй хүмүүсийг ажил руугаа оруулахгүй, шаардлага тавьдаг болсон гээд нийтээрээ хэсэг хугацаанд ч болов нийгэмшиж буйд баярлаад ч барахгүй нь. Гэртээ хлораминтай усаар ариутгал хийж, эмнэлгийн зориулалтын спирт цацдаг болсон гээд энэхүү өвчин биднийг ариун цэвэрт сургаж байна. Муу зүйлийг хүсэх ч юм биш. Дэлхий нийтийг бүчээд байгаа муухай вирусээс болдогсон бол тойроод өнгөрөхсөн хэмээн хүн бүхэн залбирч байна. Гэвч энэ вирусээр амиа алдсан хүмүүсээс ч илүү олон хүнээ бид “уушгины хатгалгаа” өвчнөөр алддаг гэсэн тоон мэдээг уншаад хоёр нүдэндээ ч итгэсэнгүй.
Уушгины хатгалгаа өвчин хүндэрсэн 400 гаруй хүн зөвхөн 2019 онд л нас барсан гэдгийг албаны хүмүүс хэлжээ. Энэ бол коронагаас ч илүү гамшиг гэдгийг бид харин тоохгүй байх шиг. Гудамжинд хаа хамаагүй нус, цэрээ хаядаг. Хамрын ханиад хүрчихлээ хэмээн өвчнөө үл тоодог, гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог, орон гэртээ ариутгал хийдэггүй, ханиад хүрсэн хэн нэгэн нь маск зүүж бусдад халдаахаас сэргийлдэггүй цалгар, назгай байдал энэ өвчний шалтгаан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сүрьеэгээр өвчилснөө ч мэдэхгүй ханиаж, найтаадаг, нус цэрээ хаа хамаагүй хаяж байгаа заваан байдал маань энэ бүхний буруутан. Түүнээс биш эрүүл мэндийн яамны удирдлага үүнд ямар ч хамаагүй гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. Вирусын сургаар бидэнд хэдхэн өдөрт тогтсон маск зүүдэг, гудамжинд нус цэрээ хаяхаас сэргийлдэг, гэр орондоо ариутгал хийдэг, дархлаагаа дэмждэг, ханиадтай бол хамгаалдаг соёлоо тогтмол мөрдөж байвал яадаг юм бэ. Хүн бүхэн өдөр болгон маск зүүж чадахгүй ч өвдсөн бол өөрийгөө болон өрөөл бусдыг бодож маск зүүдэг болцгооё. Үр хүүхдийнхээ төлөө гэртээ ариун цэвэр тогтмол сахидаг болъё. Хүүхдүүдийнхээ гарыг ариутгаж, бусад вирусээс ч сэргийлдэг болмоор байна.
Ханиад хүрсэн бол гэртээ дулаахан байдаг, хурдан хугацаанд эмчилдэг, олон нийтийн газраар аль болох явахаас татгалзах гэх мэтээр наад захын соёлд суралцаж болдог гэдгийг энэ вирусын дуулиан бидэнд харууллаа. Бид нийгэмшиж чадах юм байна гэдэг итгэл ч төрж байна. Ганцхан энэхүү вирус ч бус өнөөдөр 0-10 насны түм буман хүүхэд бусад төрлийн вирусээр өвчилж, эмнэлгийн оронд багтах зайгүй хэвтэцгээж байгаа. Тэд бохирдсон орчноос л өвчин авч байгаа нь тодорхой. Тэгэхээр энэ удаа эхлүүлсэн вирусны эсрэг тэмцэх дайнаа цааш нь үргэлжлүүлж, гэнэн хонгор үрсээ эмнэлгийн өрөөнөөс аварцгаая. Цөөхөн монгол иргэдээ уушгины хатгалгаа гэсэн эмчлэх боломжтой, урьдчилсан сэргийлэх боломжтой өвчнөөс аварцгаая. Бид чинь цөөхүүлээ. Жилд 400-гаар нь бурхны оронд явуулаад байхаар олуулаа биш гэдгийг санаж, хувь хувьдаа нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нь иржээ. Ариун цэвэрч байцгаая.