Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нийслэлд ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд коронавирустэй холбоотой ямар мэдээлэл байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалт, зохион байгуулалт, урьдчилан сэргийлэлт гэсэн гурван ажлыг хийж хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх асуудал. Хоёрдугаарт гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, зөв мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрүүл мэндийн болон бусад чиглэлийн мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх талаар анхаарах шаардлагатай. Улсын онцгой комиссоор ярьсан гурван асуудлын хүрээнд ажлуудаа зохион байгуулах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өөрсдийн ногдсон ажлуудаа хийнэ.
-Хорио цээрийг нэмэх асуудал яригдсан уу?
-Нэмж хорио цээрийн дэглэм тогтоох болон хүрээ тэлэх гэх мэтчилэн ямар нэгэн зүйлийг хориглох асуудал байхгүй. Одоо авч хэрэгжүүлж буй ажлуудаа хэвийн явуулах, нөгөө талаас хүүхэд багачуудын теле хичээлийг явуулах, сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй байх, ар гэртээ өнжиж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар аав ээж, асран хамгаалагчдад нь зөвлөмж, зөвлөгөө өгөх асуудал яригдлаа.
-Нийслэлчүүд айдасгүй байж болох уу. Хотын даргын хувьд юу гэж хариулах вэ?
-Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлаж иргэддээ мэдээлэл өгнө. Өнөөдрийн байдлаар вирус илрээгүй. Урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажил хийх ёстой. Хариуцлага алдаж, эрсдэл гаргахгүй байх нь чиг үүргийн байгууллага төдийгүй, иргэд олон нийтийн өөрсдийн оролцоотой холбоотой чухал асуудал. Ямар ч байсан манай улсад энэ өвчин бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Онцгой комиссын хуралд мэдээллээ.
-Тусгаарласан 23 хүний асуудлыг хурлаар ярьсан болов уу?
-Тусгаарласан хүмүүсийн хувьд хяналтад байгаа бөгөөд, илэрсэн ч гэх юм уу эрсдэлтэй гэж тооцсон хүн байхгүй. Нөгөө талаас энэ вирусийн тархалт олон газар, өргөн хүрээнд дэгдэж байгаа учраас оргил үе нь ямар байх, ирэх саруудад ямар урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх ёстой талаар бэлтгэл ажлуудыг хангана. Шаардлагатай халдваргүйжүүлэлтийг хийх, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаа, голомтод ажиллах мэргэжлийн хүмүүсийг урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах гэх мэтчилэн ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
-Эдгээрийг бэлтгэхэд ямар хэмжээний төсөв гарах вэ?
-Нийслэлээс шаардлагатай төсвүүдийг гаргаад явж байгаа. Цаашдаа ч гаргах болно. Улсын онцгой комисс, Засгийн газар шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд ЭМЯ, мэргэжлийн байгууллагууд тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл тусгаарлахтай холбоотой зарим шаардлагатай үед хэрэглэх эм тариа гэх мэт зүйлүүдийг хангаж эхэллээ. Марааш /өнөөдөр/ гэхэд Эрүүл мэндийн сайд холбогдох гадаад, дотоодын тусламжийн бараа бүтээгдэхүүн, мэргэжлийн байгууллагуудын өөрсдөө зайлшгүй авах ёстой төхөөрөмжүүдийг нийлүүлнэ. Засгийн газраас гарч буй мөнгөн дүнг хэлэх боломжгүй. Нийслэлээс өнөөдрийн байдлаар, бэлтгэл ажлыг хангахтай холбоотой 500-600 сая төгрөг зарцуулах урьдчилсан зардал гарсан. Гэхдээ бүгдийг нь гаргачихсан гэсэн үг биш. НЭМГ-аас 22 зүйл, заалт бүхий төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-Хотын даргын хувьд цагаан сар тэмдэглэх нь зөв, буруу эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо бидэнд баяр ёслол чухал биш. Хэзээ ч баярлаж болно. Ийм цаг үед аль болох өөрсдийн зүгээс шалтгаалах арга хэмжээгээ авч баяр наадам, хурал зөвлөгөөнөөс татгалзаж, эрсдлийг багасгах нь хамгийн чухал.