ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Амны хаалтыг хоёр цаг тутамд солих ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-31

Коронавирусийн дэгдэлттэй холбоотой ариутгалын бодис болон маскны хэрэглээг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. 

-Коронавирусийн халдвараас сэргийлж иргэн бүр амны хаалт зүүж байгаа ч  мэдээлэл дутмагаас болж нэг маскаа удаан хугацаанд зүүх зэрэг буруу хэрэглээ их байна. Ер нь маскийг хэдэн цаг зүүгээд солих ёстой вэ?

-Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол хэрэглээгүйгээсээ илүү сөрөг үр дагавартай. Нэг удаагийн маскийг дээд тал нь хоёр цаг зүүгээд солих ёстой. Гэтэл иргэд нэг удаагийн маскийг нэг өдрийн хэрэглээ гэж ойлгоод байгаа нь буруу. Нэг удаагийн маск хоёр цагийн хугацаанд агаарыг шүүж, түүнээс хэтэрвэл шүүж чадахгүй. Тэгэхээр маскаа бүтэн өдрийн турш хэрэглэнэ гэдэг масканд хуримтлагдсан бактериар амьсгалж өнжинө гэсэн үг. Тэгэхээр хоёр цаг тутамд сольж байх ёстой юм. Түүнээс гадна хэрэглэсэн маскаа зөв тайлах гэдэг хамгийн чухал. Хүмүүс хэрэглэсэн бохир маскаа аваад ширээн дээр тавих, цүнх рүүгээ хумьж хийх зэргээр буруу тайлдаг. Масканд маш их нян хуримтлагдсан байдаг учраас аль болох гараа хүргэхгүйгээр оосроос нь аваад түүнийгээ уутанд хийж хогийн саванд хаях ёстой. Тухайн хүн магадгүй өөр төрлийн вирусийн халдвартай байж болно шүү дээ. Тэгэхээр хэрэглэсэн маскаа хаа хамаагүй газар хаяж, орчиндоо нян тараахгүйгээр уутанд хийж хаях ёстой юм. 

-Эмийн сангууд маск хэрэглэх хугацааны талаар янз бүрийн мэдээлэл, зөвлөмж өгөөд байгаа. Гурваас тав хоногийн турш хэрэглэдэг гэх маск ч байна. Нэг удаагийн биш шүүлтүүртэй маскуудыг олон хоног зүүж болох уу?

-Маск бүр зориулалтаасаа хамаараад хэрэглэх хугацаа нь өөр байж болно. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагаас нэг удаагийн маск хэрэглэхийг зөвлөдөг. Хүний амьсгалын зам болон гаднах агаарын бүх нян бактери масканд хуримтлагдаж байдаг учраас амны хаалтыг дээд тал нь хоёр цаг тутамд сольж байх нь хамгийн зөв арга. Халдварт өвчний үед нэг удаагийн маск хэрэглэх нь илүү үр дүнтэй. Нэг удаагийн маск дотроо эмнэлгийн цэнхэр цагаантайг хэрэглэхийг зөвлөе. 

-Халдвараас сэргийлж байна гээд албан байгууллагуудын хаалганы бариулыг спирт шингээсэн маар­лиар ороож байна. Энэ зөв үү?

-Ариутгалын бодис шингээсэн ч бай үгүй ч бай хаалганы бариулд даавуу ороох нь хамгийн буруу. Энэ нь харин ч бактерийг хуримтлуулж, дараагийн хүнд тарааж байдаг учраас энэ бол хамгаалах арга биш гэдгийг хэлье. Харин түүний оронд хаалганы бариулыг спирт шингээсэн алчуураар арчих ёстой. Хамгийн их бохирдож байдаг хэсэг хаалганы бариул учраас хлор агуулсан бодистой алчуураар арчиж цэвэрлэх ёстой юм. 

-Коронавирус спиртэд тэсвэргүй гэх мэдээллийн дагуу иргэд өрөө тасалгаандаа спирт, архи цацаж байна. Архи агаарт цацсанаар халдваргүйжүүлж чадах уу?

-Спиртийг ууршуулах, архи цацах гэх мэт буруу аргыг хэрэглэж байна. Энэ маш буруу гэдгийг хэлье. Түүний оронд цонхоо онгойлгож, тасалгааны агаарыг өдөрт багадаа 2-3 удаа солих хэрэгтэй. Дунджаар 10-15 минут орчим цонхоо онгойлгоход тасалгааны агаар бүрэн сэлгэгдэнэ. Вирус хүйтэн орчинд тэсвэртэй гэж үздэг учраас хэт их хүйтэн байлгаж болохгүй. Түүнээс биш агаарт архи, спирт цацах нь халдваргүйжүүлэхгүй, харин ч таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 

-Ямар сөрөг нөлөөтэй байдаг юм бол?

-Хамгийн наад зах нь арьсанд харшил өгнө. Халдваргүйжүүлэлтийг хлор агуулсан уусмалаар хийж болно. Агаарт спирт цацаж байснаас спиртэн суурьтай гар угаагч болон гар ариутгагчийг хэрэглэх нь зөв. 

-Даавуун маскаа хэдэн цаг зүүх ёстой юм бол. Халдвараас хэр сайн хамгаалах вэ?

-Халдвараас сэргийлж байгаа тохиолдолд даавуун маск хэрэглэх хэрэггүй. Яагаад гэвэл коронавирусын халдварын үед шингэн нэвтэрдэг хамгаалах хэрэгслийг хэрэглэж болохгүй гэж зөвлөж байгаа юм. Даавуун маск бол шингэн нэвтэрнэ шүү дээ. Тиймээс хэрэглэж болохгүй. Эмнэлгийн нэг удаагийн маск яаран шингэн нэвтэрдэггүй. Тиймээс нэг удаагийн маск зүүгээд түүнийгээ хоёр цаг тутамд солих нь халдвараас хамгаалах хамгийн зөв арга.