ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсын төвийг сахих үзэл нь Хятадын захиалга гэнэ үү

А.ОДСҮРЭН
2020-01-31

-Ван Пэйран: Монгол Улс төвийг сахих нь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм-

Монгол Улс шиг жижиг улс орон бусад орныг эзлэн авч колоничлох бодлого хэзээ ч барихгүй, тийм зорилго ч тавихгүй. Элдэв худал хуурмаг амлалтаар улс орныг дампуурлын ирмэгт авчирсан, ард иргэдийг ажил амьдралгүй болгож ядууруулж, өрөнд унагасан хэдхэн хүний явуургүй хүмүүсийн ганц хүсдэг юм нь Монгол Улсыг байнгын төвийг сахигч орны статустай болгох явдал.

Одоо ч энэ санаа үе үе цухалзсаар байгаа нь нууц биш. “Барууны олигархи бүлэглэлүүд дайн болон терроризмын аюул занал гэгч өөрсдийн зохиосон мэдээллийн зэвсгээр өөрийн орны иргэдийг төдийгүй дэлхийн ард түмнүүдийг байнгын айдас хүйдэст автуулж, тэднээр энэ байдлаа хүлээн зөвшөөрүүлж байгаад өөрсдөө үүсгэн санхүүжүүлж бий болгосон терроризмын эсрэг тэмцэл гэгч ажиллагаандаа бусад улс орнуудыг энхийг сахиулах нэрийдлээр татан оролцуулж байгаа. 

Тэд ингэж мэдээллийн терроризмыг өөрсдийн зорилгодоо ашиглан өөрсдийг нь мухар сохроор аялдан дагалдах бүх нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд ийм заль мэхэндээ улайрч гаршсан дайнч гүрнүүдийн “дайны бус аргаар” эзлэн авч бүрэн эрхшээл гартаа оруулсан улс орнуудын нэг нь “ардчилсан” Монгол Улс юм” хэмээн нэгэн судлаачийн бичсэнийг олж уншлаа.

Товчхон бөгөөд тодорхой дүгнэлт. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цөмийн зэвсгээс ангид байх хууль, Үндэсний аюулгүй байдлын хууль, Цөмийн зэвсэггүй бүсийн статус, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Батлан хамгаалах багц хуулиуд, Монгол Улс ОХУ, БНХАУ-тай байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнүүд болон олон улстай байгуулсан бусад гэрээ хэлэлцээрүүдэд Монгол Улсыг төвийг сахисан нутаг дэвсгэр, байнга төвийг сахисан улс гэсэн нэр томъёонууд огт байхгүй. Хуулийн заалт олон улсын гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн эрхзүйн алтан зарчим байдаг гэдэг.

Тэгэхээр Монгол Улс ямар ч хуульдаа “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй, заагаагүй, бичээгүй. Тунхаглаж ч болохгүй гэдгийг судлаачид, дипломатууд, олонхи улстөрчид ярьдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, хуулийн төсөл санаачилж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, ажил хэрэг болгох, олон улсын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байсныг УИХ авч хэлэлцэх шаардлагагүй хэмээн хойшлуулсаар өнгөрөгч оны хоёрдугаар сард УИХ тэр зөвлөмжийг хүчингүй болгосон байдаг. Гэвч Ерөнхийлөгч асан, түүнийг идэвхтэй дэмжигч хоёр гурван хүн Монгол Улс төвийг сахих ёстой гэх байр сууриа илэрхийлсээр байгаагийн учир юу вэ.  

Ц.Элбэгдоржийн Монгол Улс төвийг сахих орон байх тухай ярьж, зөвлөмж хүргүүлсний дараахан Элчин сайд Л.Эрдэнэчулуун МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувиар Хятадад айлчилж байх үеэр Хятадын нэг судлаач телевизээр ярьж байхыг нь би сонссон. Тэр хүн “Ийм санал гаргаж ирж байгааг би ойлгохгүй байна. Хэрэв БНХАУ, ОХУ-ын хооронд байдал маш хурцдаад дайнд хүргэх тийм нөхцөл байдал үүссэн нөхцөлд Монгол Улс төвийг сахих бодлого барих нь ойлгомжтой.

Гэтэл ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа маш өндөр түвшинд байна. Манай харилцаа хэзээ ч муудахгүй” гэж байсан. Мөн ОХУ ч “Та нар яах гэж ийм санал гаргаж ирж байгаа юм бэ. Бид ойлгохгүй байна” гэж асуусан гэсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр тус улсын Гадаад яамнаас нь манай төлөөлөгчдөд хоёр хуудас бичиг өгсөн байсан.

Түүн дээр “Хэрвээ та нар энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар тогтоол батлуулах гээд ороод ирэх юм бол бид хатуу байр суурьтай байна шүү” гэж бичсэн байсан. Би өөрөө нүдээрээ харсан. Тэгэхээр төвийг сахих байр суурийг дэмжихгүй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Дээр нь нэмж хэлэхэд, манай өмнөх Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хамтарсан албан мэдээнд төвийг сахих асуудлаар өгүүлбэр оруулах гээд чадаагүй. БНХАУ-ын тал оруулаагүй” хэмээн ярьсан билээ.  

Монгол Улс өнөөдөр гурван улстай стратегийн түншлэлийн, таван улстай иж бүрэн түншлэлийн, гурван оронтой өргөн хүрээтэй түншлэлийн, олон улс оронтой байнгын харилцаатай түншлэлийн гэрээтэй.

Төвийг сахина гэдэг эдийн засгийн хувьд тодорхой түвшинд хүрсэн, хүн амын орлого нь тодорхой төвшинд хүрсэн, гадаад худалдааны хувьд хараат бус, гадаадын зээл тусламжаас хараат бус орнуудад л байж болох хувилбар болохоос Монгол Улс шиг ядуу буурай, эдийн засаг нь тогтворгүй, хүн амын талаас илүү хувь нь ядуу, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлээр “голоо зогоодог” улс орнуудын хувьд байж боломгүй хувилбар гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй.  Төвийг сахисан орон болохыг идэвхтэй дэмждэг хоёр гуравхан хүнийг эс тооцвол шүү дээ. Бид дотооддоо, монгол хүн ийм үзэл бодлыг дэвэргэж байхад Хятадын судлаач хүн ингэж бичсэн байна.

Зүүн Хятадын боловсролын их сургуулийн Олон улс, бүс нутаг судлалын сургуулийн докторант Ван Пейран АНУ-ын Дэлхийн аюулгүй байдлын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “China security” сэтгүүлд арав гаруй жилийн өмнө бичсэн “Монголыг тэнцвэржүүлэх аядуу үйлдэл” нийтлэлийн “Хаяанд ирсэн аюул” гэсэн хэсэгт,

-“Монгол Улс төвийг сахих нь Хятадын ашиг сонирхолд дээд зэргээр нийцэх төдийгүй, Зүүн Азийн ирээдүйн аюулгүй байдалд ч хэрэгтэй. Бээжин Монголыг өөрийн “Гурван умард” /Хятадын хойд, зүүн умард, баруун умард нутаг буюу Шинжаан-Уйгарын болон Өвөрмонголын өөртөө засах орны нутаг дэвсгэр/-ын аюулгүй байдалд дахин заналхийлэх “цэргийн бааз” болгох явдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголд гадаадын нөлөөлөл орших нь Хятадын язгуур ашиг сонирхолтой шууд холбоотой зүйл юм. Тайваний хямралын үеэр хэрэв Монголын зүгээс ямар нэгэн зөрчил, маргаан зэрэгцэж гарсан бол Бээжингийн стратегийн боломжийг ямар ч эргэлзээгүй хязгаарлах байв.

Түүнчлэн Хятадын ашиг сонирхол Номхон далайн баруун эрэгт Америкийн аюулгүй байдлын ашиг сонирхолтой зэрэгцэн оршиж байгаа юм. Хэрэв Америкийн цэргийн оролцоо Монголд нэмэгдвэл АНУ Хятадыг үндсэндээ бүсэлж буй гэсэн үг.

Хэдийгээр Бээжин Монголыг Орос, Америктай болон бусад орнуудтай цэргийн салбарт хамтран ажиллаж байгааг ил эсэргүүцэхгүй байгаа ч одоогийн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчинг өөрчилж болшгүй, тэр ч байтугай Хятадын эсрэг чиглэх аливаа үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн харьцангуй цэвэр “улаан шугам” оршсоор байгааг санах хэрэгтэй.

Харин Бээжингийн эдгээр санаа бодлыг Монгол нэлээд мэдэрдэг нь мэдэгддэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Монголд айлчилсны дараа тэр даруй БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлал хийсэн юм. Тэрхүү айлчлалын үеэр хоёр тал аль нэгнийхээ эсрэг чиглэсэн цэргийн болон улс төрийн эвсэлд нэгдэхгүй гэсэн хамтарсан албан мэдэгдэл гаргасан юм. 

2004 оноос хойш Монгол, Хятад хоёр улс аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр гурван ч зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Ингэж санал бодлоо харилцан солилцсоноор талууд бие биеэ харилцан ойлгож, итгэлцлийг нэмэгдүүлэхээс гадна Монгол дахь Хятадын нөлөөг бэхжүүлж буй хэрэг юм.

Монгол Улс төвийг сахих нь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм. Нэгдүгээрт, хэрэв Монгол Улс АНУ, БНХАУ, ОХУ-ын аль нэгийг сонгох хэрэг гарвал нөгөө хоёр улсын аюулгүй байдлын дарамт шахалтыг амсах нь гарцаагүй.

Төвийг сахисан Монгол Улс Хятадын зах хязгаар нутгийн аюулгүй байдлын орчинд ямар ч эргэлзээгүй ач холбогдолтой бөгөөд нэн ялангуяа “Гурван умард”-ын бүс нутаг болон нийслэлд онц чухал. Хоёрдугаарт, хоёр улсын найрсаг, тогтвортой харилцаа Хятадын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн аюулгүй байдалд чухал ба дотоодын үндэстэн ястны салан тусгаарлах үзлийг зохицуулах ач холбогдолтой” хэмээжээ.

Энэ бүхнээс үзэхэд Монгол Улс төвийг сахих нь урд хөршийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үзэл гэж хэлж болохоор.